Аав ээжүүдээс хамгийн их ирдэг асуулт:
- Яавал хүүхэд маань хичээлдээ дуртай болох бол?
- Яавал үглүүлэхгүй даалгавараа хийдэг болох уу?
- Яаж залхууг нь засах вэ?
- Яаж сууж сургах вэ?
- Ажил хийх, хичээл хийх үнэн дургүй байна аа, яаж дуртай болгох вэ? гэх зэрэг
ТЭГВЭЛ ХҮҮХЭД:
Дуртай болохоороо сайн хийх биш эсрэгээрээ сайн мэддэг зүйлдээ дуртай байдаг. Дахин тодруулбал тухайн зүйлээ сайн мэддэг болчихвол хийх дуртай болно.
Сайн хийдэг болгох нэг хэлбэр бол хүүхдэд "Би үүнийг сайн мэддэг" хэмээн итгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх урамшууллын арга байдаг.
Тухайлбал:

Тоогоо бодоход нь "- Хөөх, алдаагүй хэрнээ хурдан боджээ, яаж бодсоноо ээждээ заагаад өг"

Үсэг бичихэд нь "Энэ эхний таван үсгийг гайхалтай гоё бичжээ, дараагийн мөрөнд шинээр эхлэхдээ яг энэ 5 шиг бичихэд болох юм байна, чи чадаж байна",

Ном унших үед нь "Саяхан л ээжээрээ ном уншуулна гэдэг байсан, одоо ээждээ уншиж өгдөг болчихлоо, эрдэм сурах чинь ийм гоё байх нь ээ" гэх мэтээр урамшуулна.

Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаад байхаар хүүхэд "би хичээлээ сайн мэддэг" хэмээн өөртөө итгэх итгэл нэмэгдэж түүндээ улам илүү сонирхолтой болно.
Анхаарах зүйл нь эхний хэдэн удаа хүүхдийн хангалттай хийж чадахаар болсон цөөн тооны бодлого, бичих цөөн мөр, уншихад нимгэн ном сонгоно шүү.
Юун түрүүн "Би сайн хийдэг" хэмээх мэдрэмжийг мэдрэхэд хүүхдэдээ туслаарай. Би сайн хийдэг хэмээх бодол бий болж эхэлбэл өөрөө хичээлээ хийх болно.

Хичээлээ хий гэж үглэж шахахаас илүүтэй "Хичээл нь үнэхээр сонирхолтой, тийм байгаа биз?", "Шинэ зүйл мэдэж авахаар үнэхээр гоё юм аа" гэж зөв урамшуулж сурах мэдэх тэмүүллийг өдөөхөөс гадна "Өнөөдөр ч гэсэн сонирхолтой хичээл хийх үү?", "Миний хүүгийн сайн хийдэг тоог хамтдаа бодоцгооё" гэх мэтээр эергээр, хөгжилтэйгөөр хичээлээ эхлүүлж байгаарай.
Энэ нь зориудаар "Хөгжилтэйгээр хичээл хийх" гэсэн илэрхийлэмж хэрэглэн "Хичээл нь хөгжилтэй зүйл" гэсэн мэдрэмжийг бий болгож байгаа хэрэг юм.

Тоглоомоосоо хөндийрөхгүй шалтаг тоочих, дургүйгээ илэрхийлэх үед "Энэ асуулт сонирхолтой юмаа" гэх мэтээр хүүхдийн сонирхолыг хичээлд чиглүүлэх, татах хэлбэрээр өөрчлөөд нэг үзээрэй.

Мөн хүүхдээр өөрөөр 7 хоногийн хичээлийн хуваарийг гаргуулж алийг нь түрүүлж хийх сонголтыг өөрт нь үлдээгээрэй.

Хүүхэд хичээл хийж байх үед гэрт байгаа хэн бүхэн дэргэд нь зурагт үзэж, утсаа ухахгүй. Дор бүрнээ өөрсдийн хийх ёстой бичиг цаасны ажлаа хийж, ном уншиж үйлдлээр дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүүхэд, бид бүгд хамтдаа сурч байна, хүн бүхэн хичээл хийж байна гэсэн идэвх авдаг.

I, II ангийнхны зориудын анхаарал төвлөрөлт дунджаар ~15~ минут л байдаг тул 15 минут хичээллээд 2-5 минут гарын дасгал хийлгэх, сонирхолтой зүйл ярих, ус уулгах, 00 орох гэх мэт дунд нь завсарлуулаарай. Нэг дор хэт удаан суулгаснаар 15 минутаас хойшхи хугацаанд хүүхдийн тархи идэвхгүй ажиллаж, хичээл даалгавараас залхаж эхэлдэг шүү.

Хүүхдээ ах эгч, ангийнх нь найзтай өрсөлдүүлэхгүй, харьцуулахгүй байхыг сайн анхаарах. Өмнөхөөсөө сайжирч байгааг нь л бодитоор үзүүлж урам өгөөрэй.