fbpx

Мэдээ, мэдээлэл

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.

Бид таны хүүхдэд ЕБС-ийн 4-р ангийн "Эрүүл мэнд: Би том болж байна" хичээлийг санал болгож байна.

Үүнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие эрхтний ялгаа, хүний хувийн орон зай гэж юу болох, танихгүй хүн биед нь хүрэхийг үл зөвшөөрөх, төөрсөн тохиолдолд хаана хандах зэрэг олон төрлийн мэдлэгийг энэхүү хичээлд багтаажээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгах гол шинж тэмдэг нь нөхөн үржихүйн эрхтэн ба энэ нь үр удмаа үлдээх буюу хүүхэдтэй болоход чухал нөлөөтэй. Мөн эрэгтэй, эмэгтэй хүүхэд өсөж том болохын хэрээр биеийн бүтцэд нь өөрчлөлт ордог. Бэлгэ эрхтэн хүний нандин бөгөөд эмзэг эрхтэн учир үүнд хүүхдийн эцэг эх, эмчээс өөр хэн ч хүрэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хүсээгүй байхад хэн ч биед нь хүрэх эрхгүй юм. Тэр ч байтугай эмчид үзүүлэх үед ч хүүхдийн дэргэд ээж, аав нь заавал байх шаардлагатай.

Мөн хүн бүр өөрийн гэсэн орон зайтай байдаг ба түүнийгээ хамгаалах эрхтэй. Бусдын орон зайд нэвтэрч, биед хүрэх нь тухайн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг.  Бусдын биед хамаагүй хүрч болохгүй ба санамсаргүй хүрсэн тохиолдолд заавал уучлалт гуйх хэрэгтэй.

Хэрэв муу санаатай хүн таарч хүсээгүй зүйлийг нь хийлгэх, чихэр амттанаар хууран өөр газар руу дагуулж явах эрсдэлтэйг хүүхдэдээ сануулаарай. Мөн гадаа, олон нийтийн газар төөрсөн тохиолдолд айж сандралгүйгээр хаана, хэнд хандах ёстойг энэхүү хичээлээр дамжуулан ойлгуулж, хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжин хамтдаа хийгээрэй.

"Би том болж байна" хичээлийг хийх бол ЭНД дараарай.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

X
Нэвтрэх