fbpx

Боловсрол

image

Цар тахлын үед Японы Аомори мужийн Имабэцү хотын бага сургууль хичээлээс гадуурх сургалтыг хэрхэн явуулсныг хүргэж байна. Тус хотын захиргааны Боловсролын хэлтсийн Олон улсын харилцааны мэргэжилтэн С.Оюунбилигийн бага сургуулийн хичээлээс гадуурх бүтэн жилийн нэмэлт сургалтын тухай тэмдэглэлийг хүргэж байна.

Тэрээр "Япон улс өнгөрсөн жилийн гуравдугаар сард 14 хоног сургуулиудыг хаасан. Ковид-19 вакцин хийхгүй бол алга болохгүй. Вакцин гартал 2-3 жил болох тул хичээлийг зогсоогоод ямар ч үр дүнгүй гэдгийг тухайн 14 хоногт олж харсан бөгөөд 4-р сард сургуулиудаа нээсэн. Харин сургууль хаасан 14 хоногийн хугацаанд боловсролын яам гарын авлага, чиг үүргийг бэлэн болгож, бүх боловсролын байгууллагын захиргаанд өгсөн" гэсэн нь анхаарал татаж буй юм.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭВ/4-Р САРЫН 8/

Имабэцү хотын бага сургуулийн 1-р ангид 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүүхэд элсэн орлоо. Сургуулиас тэднийг "Сургуульд шинээр элсэн суралцагсдад баяр хүргэе" гэсэн тууз өлгөж, төрийн болон хотын далбаа мандуулсан биеийн тамирын зааландаа тусгайлан хүлээн авав.

Ёслол хүндэтгэлийн хослол өмсөж ирсэн 1-р ангид элсэгчид эхний эгнээнд сууж, захирал багшийн баяр хүргэж, амжилттай сурахыг хүссэн ерөөл сонсов. Арга хэмжээнд дээд ангийнхан, эцэг эхчүүд, багш нар болон хотын захиргааны Боловсролын хэлтсийн ажилчид оролцов.

МЭНДЧИЛГЭЭ/4-Р САРЫН 12/

Нэгдүгээр ангийн сурагчид халуун дотно мэндчилсээр сургуульдаа ирэв. Тэднийг сургуулийн үүдэнд хотын Боловсролын газрын дарга, гадаад ажилтан, эцэг эхчүүдийн холбооны тэргүүн нар "Өглөөний мэнд хүргэе" гэж дотно угтав.

Япончууд "Хүүхдийн хүмүүжилд мэндчилгээ чухал үүрэгтэй гэж үздэг ба бүх шатны албатууд сурагчдыг ингэж хэвшүүлэхийн тулд өөрсдөө ч "Гар бие оролцох"-ыг чухалчилдаг.

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭЖ БУЙ СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВАХ ӨДӨРЛӨГ/4-Р САРЫН 23/

Тус өдөрлөгийг 2, 3-р ангийн сурагчид удирдан зохион байгуулав.

Өдөрлөгийн явцын дарааллыг жагсаавал:

1. 1-р ангийн сурагчдыг танилцуулах
2. Шинэ арга хэмжээг нээж зарлах
3. 2, 3-р ангийн сурагчдын үг
4. Баярын үзүүлбэр
5. 1-р ангийн сурагчдын үзүүлбэр
6. Бүх оролцогч сургуулийн сүлд дууг дуулах
7. Захирал багшийн үг
8. Арга хэмжээ хааж буйг зарлах
9. 1-р ангийн сурагчид ангидаа жагсаалаар орох
10. Бусад багш, сурагчид ангидаа оров.

4-Р САРЫН 23

Тухайн арга хэмжээнд анги ангиараа биш харин бүх сурагч холилдон нэг бүлэг болж суув.

Зураг дээрх шиг багш нар сурагчид зайдуухан зогссон буюу шууд хэлбэрээр хичээлийг удирдаагүй. Харин шаардлагатай үед нэгдүгээр ангийн багш цөөн үгээр зөвлөв.

СУРГУУЛЬТАЙГАА ТАНИЛЦАВ/4-Р САРЫН 23/

Хичээлийн шинэ жил эхлээд сар болж буй ч нэгдүгээр ангийн шинэхэн сурагчид сургуулийн дотор, гадаах орчноор зориглон тойрч аялаагүй тул 2, 3-р ангийн сурагчид тэдэнд замчилж танилцуулав.

Захирал багш сурагчдыг найрсаг хүлээн авч, ямар ажил хийдгээ тодорхой танилцуулан, сандал дээрээ нэг нэгээр суулгав.

БУУХИА ГҮЙЛТ/5-Р САРЫН 1/

Дулаахан өдөр сурагчид үдийн завсарлагаанаар гадаа гарч, бие, сэтгэлийнхээ чилээг гаргав.

Багш нар сурагчдаар өдөрт хэдэн тойрог гүйснийг тэмдэглүүлж, "Өчигдөр 3 тойрог гүйсэн бол өнөөдөр 4 тойрог гүйнэ" зэргээр зорилгыг нь тодорхойлуулах ба сурагчид түүндээ хүрэхийн төлөө хичээдэг юм.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ХЭРХЭН ЗӨВ ОРОЛЦОХ ВЭ?" ӨДӨРЛӨГ/5-Р САРЫН 29/

Хотын замын цагдаагийн хэлтсээс мэргэжилтэн ирж, сурагчдыг замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар хичээл оров. Дугуй унаж сурсан хүүхдүүд бусдадаа хэрхэн дугуйтай замын хөдөлгөөнд орох ёстой талаар үлгэрлэж үзүүлэв.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ/6-Р САРЫН 1/

Шүдний эмч нар ирж, сурагчдын шүдэнд үзлэг хийн, хэрхэн зөв шүдээ угаах ёстойг зөвлөв. Эмч нар сурагчдын шүдэнд тусгай түрхлэг түрхэж угаалгахад "Өнгө үлдэх нь шүдээ буруу угаасан гэсэн үг" гэж аль болон зөөлөн угаахыг зөвлөв. Тэд бас шүдээ хүчтэй, хурдан угаах "ЗӨВ УГААЛТ БИШ". Энэ нь буйлыг цочроож улайлгах, улмаар шүд хөндийрч, зай гарах эрсдэлтэй гэж зөвлөв.

ОЙРЫН АЯЛАЛ/6-Р САРЫН 19/

Бүх нийтээрээ "Ойрын аялал"-д явах сурагчдад гэр, сургуулиас гадуур хэрхэн биеэ зөв авч явах, "БИ"-гээ хөгжүүлэхийн хэрээр хэрхэн "БИД" болоход суралцах чухал алхам болсон юм.

ГЭР БҮЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ/7-Р САРЫН 1/

Зуны амралт болохтой зэрэгцүүлэн "1-р улирлын ГЭР БҮЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" зохион явуулав.

Өдөрлөгт сурагчдын ар гэрээс хэн ч ирж болох ба бүгд сургууль дотор өмсөх углаашаа барьж ирэн, үүдний өрөөний дэвсгэр дээр гаднын гутлаа өрж тавив.

ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ/7-Р САРЫН 10/

Ар гэрийнхэн нь хүүхдийнхээ нэрсийн жагсаалтад ✔ тэмдэглэл хийнэ.

НОГООН ХҮЛЭМЖЭЭ ХАМГААЛАХ ӨДӨР

Сургуулийн туслах ажилтан банзаар сургуулийн ногоон хүлэмж дээр байрлуулах "Мануухай" хийж, 1-р ангийн сурагчид будав.

ЗУНЫ АМРАЛТ АЙСУЙ/7-Р САРЫН 20/

Зуны амралттай холбогдуулан сурагчид шинэ спорт болох "Рэгби"-гийн дүрэмтэй танилцаж, спортын өдөрлөг боллоо.

ЗУНЫ АМРАЛТЫН ӨМНӨХ ӨДӨР/7-Р САРЫН 20/

Захирал багш "Хүний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?" гэх сэдвээр хичээл орж, "АМЬ НАСАА ХАМГААЛАХ ХАМГААС ЧУХАЛ". Үүүний тулд юуг анхаарах ёстойг асуулт хариулт хэлбэрээр заав.

Үүнд:
1. Замын хөдөлгөөнд орохдоо
2. Олон нийтийн газраар явахдаа
3. Далай тэнгис рүү ойртохдоо
4. Амралтын өдрүүдээр ч эрт босож, эрт унтдаг зөв хэмнэлтэй байхын эерэг үр дүн
5. Зуны даалгавраа хойш тавих "Залхуурах, хойргодуу хандах" зан чанартай болж, энэ нь бие сэтгэлд сөргөөр нөлөөлдгийг хэлэв. Мөн "зуны амралтаараа нэг ч хүүхэд гэмтэж бэртэлгүй эргээд уулзахыг хүсэж байна" гэв.

НАМРЫН УЛИРАЛ БУЮУ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛ АЙСУЙ/8-р сарын 24/

Сурагчдыг эхний 7 хоногт хичээлээс гадна зуны амралтын дараах сургуулийн цагийн хуваарьт дасгав. Энэ удаа дунд сургуулийн сурагчид бага сургуульд ирж, найрал дуу дуулцгаав.

НОМ УНШЛАГА

Түүнчлэн, 2-р улирлын эхний долоо хоногийн өглөө бүр Боловсролын газраас ахмад ажилтан ирж, анги бүрд сурагчийн насанд тааруулж ном уншлага хийв.

ИХ ХУРАЛ/9-Р САРЫН 16/

Бүх нийтийн "Их хурал" болж 6-р ангийн сурагчид удирдав.

Энэ удаагийн "Их хурал"-аар "Сургуулийн цэвэрлэгээний баг бүрэлдэхүүн"-ийг батлав.

Бүх сурагчийг:
1. Үүдний хэсэг
2. Сурагчдын гутлын хэсэг
3. Багш, зочдын гутлын хэсэг
4. Баруун талын ариун цэврийн өрөө
5. Зүүн талын ариун цэврийн өрөө
6. Анги танхим
7. Биеийн тамирын заал
8. Дуу хөгжмийн хичээлийн танхим
9. Шинжлэх ухааны хичээлийн танхим
10. Англи хэлний хичээлийн танхим
11. Номын сан
12. Компьютерийн хичээлийн танхим
13. Гэр ахуйн хичээлийн танхимд хуваарилж, баг бүрд 1-6-р ангийн сурагчид хуваагдав.
14. Биеийн тамирын заал зэрэг том өрөөнд 6-гаас дээш сурагч байхаар тогтов.
15. Бүх анги танхим, ХОНГИЛ-ын хэсгийг цэвэрлэх болов.
16. Багш нарын өрөөг дэд захирал багш цэвэрлэж байх зэргийг шийдэв.

АМЬТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ 7 ХОНОГ/9-р сарын 20- 26/

Тухайн өдрийг тохиолдуулж дэд захирал багш бүх сурагчид "Амьтны эрх"-ийн талаар хичээл орлоо.

Багш сурагчдад сургуулийн ойр орчмын туулай, илбэнх, сармагчин, тоншуул болон бусад амьтны нэрс, тэдний онцлог, зүй зохистой харьцах талаар ярьж, амьтдыг хооллохгүй гэхэд хоргоох ёсгүйг сурагдад хэлж өгөх.

ЦЭЦЭГ ТАРИХ ӨДӨР/9-Р САРЫН 25/

Энэ өдөрлөгт оролцох боломжтой сурагчдын эмээ, өвөө нар сурагчидтай хамтарч цэцэг арчлах хичээл орлоо.

6-Р АНГИЙНХАН АЯЛЛААР ЯВЛАА/9-Р САРЫН 28-30/

6-р ангийнхан өөр муж руу 3 хоног, 4 өдрийн аялалд явав. Хүүхдүүд хурдны галт тэргэнд сууж, тухайн мужийн өвөрмөц байдлыг харж, хоол идэн, газар зүйн хичээл үзэх зэргээр хөгжилдөв. Тус аяллын багт ангийнхан, ангийн багш, сургуулийн эмч, захирал багш, аялал жуулчлалын 2 мэргэжилтэн явав.

ЭРҮҮЛ АХУЙН ХИЧЭЭЛ ДЭЭР ХҮҮХЭД ХЭРХЭН БҮРЭЛДДЭГ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Аомори мужийн эрүүл мэндийн газраас гурван эх баригч ирж, хүүхэд хэрхэн бүрэлддэг тухай мэдээлэл өглөө. Хүүхдүүдийн барьсан хүүхэлдэй эхийн хэвлийд буй 0-9 сартай урагтай адил жинтэй.

ОНЛАЙН ХИЧЭЭЛ

Дэлхийн олон улс гүрэнд Ковид-19-өөс үүдэн сургууль завсардаж байхад Япон улсын Засгийн газар сурагч бүрийг IPAD-тай болгох зарлиг гаргав.

Сургуулиуд ч жилийн дотор бүх сурагчдыг IPAD-тай болгож, онлайнаар хичээлээ үзэж, даалгавраа шалгуулах уян хатан тогтолцоо хэрэгжүүлж байна.

ЗЭРГЭЛДЭЭ СУРГУУЛИЙН СУРАГЧИДТАЙ НӨХӨРЛӨХ ӨДӨРЛӨГ/11-р сарын 4-6/

Япончууд "ХАМТЫН ЗАН ЧАНАР"-ыг эрхэмлэдэг тул хүүхдүүдийг багаас нь ингэж төлөвшүүлдэг юм.

Ажиллаж буй сургуулийн 4,5-р ангийн сурагчид зэргэлдээх сургуулийн 4,5-р ангийн сурагчидтай нэг шөнө, хоёр өдрийг хамтдаа өнгөрүүлэх аялалд явахдаа багаар ажиллах, бусадтай үзэл бодлоо солилцох, бусдын санааг нээлттэй хүлээж авах зэрэг нөхөрлөлөө бэхжүүлэхэд суралцав.

УРЛАГ, ГОО ЗҮЙН МЭДРЭМЖЭЭ ХӨГЖҮҮЛЭХ/11-р сард/

Сэрүүний улирал айлчлан ирэхэд биеийн тамирын хичээл хязгаарлагдаж, эсрэгээрээ урлаг, гоо зүйн хичээл ордог юм.

Энэ удаа хотын "Өндөр настнуудын уран зургийн дугуйлан"-гийн гишүүд ирж, хэрхэн зурах талаар сургалт явууллаа.

ГОО ЗҮЙ, УРЛАГ СОЁЛ/12-Р САРД/

Сургуулийн захиргаанаас 12-р сард мэргэжлийн драмын театрын жүжигчдийг урьж, сурагчдад сонгодог жүжгийн тоглолт үзүүлэв.

Сурагчид дараа нь "Япон хэл"-ний хичээл дээр тухайн зохиолыг уншиж, уран бичлэг хийв. Нэгэнт амьд тоглолт үзчихсэн сурагчдад тус хичээл амархан байсан бололтой.

ХООЛ ХИЙЦГЭЭЕ/12-Р САРД/

4,5-р ангийнхан сургуулийн үдийн хоолны цэсийг гаргадаг хүнсний технологичтой хамтарч хоол хийлээ. Хүнсний технологич багш самбарт хийх хоолны дарааллыг тайлбарлахаар бэлджээ.

ӨВЛИЙН АМРАЛТ БОЛЛОО/12-р сарын 21/

Намрын улирал дуусаж, буйг тохиолдуулан гадаа талбайд өдөр бүр хичээнгүйлэн олон тойрог гүйсэн сурагчдыг магтаж, "АМЖИЛТ"-ын бичиг гардуулан, сурагч бүрийн хичээл зүтгэлийг урамшууллаа.

Нэг ангиас нэжгээд сурагчид баярын бичиг авлаа.

ӨВЛИЙН УЛИРАЛД ЦЭВЭР АГААР, ХӨДӨЛГӨӨН ЧУХАЛ

Өвлийн улиралд сурагчдаа хөдөлгөөний дутагдалд оруулахгүйн тулд спортын арга хэмжээ зохиов.

Харин дотор дээс тоглоно.

Сурагчдыг олон арга барилаар дээс тоглуулж сургах нь хөдөлгөөний дутагдлаас гаргахаас гадна чадахгүй зүйлээ өөртөө зорилго болгон тавьж, биелүүлэх зан төлөвийг суулгахад нэмэр болно гэж үздэг.

"6-Р АНГИЙНХАН ТӨГСЛӨӨ. БАЯРЛАЛАА" АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН/1-Р САРД/

6-р ангийн сурагчид төгсөхөөсөө өмнө 1-5 дугаар ангийн сурагчдад "Өнөөдрийг хүртэл хамт сурсанд баярлалаа" гэсэн сэтгэлээ илэрхийлсэн "Хөгжмийн тоглолт" болов.

АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН/2-Р САРД/

Сурагчид:
1. Япон хэл
2. Газар зүй
3. Шинжлэх ухаан
4. Тоо
5. Дуу хөгжим хичээлүүдээс бүх насны сурагчдад асуулт хариултын тэмцээн болов. 6-р ангийнхан хичээлийг удирдан явуулж, багш нар хөндлөнгөөс ажиглав.

3-Р САРЫН 10

Ирэх 4-р сард шинэ сурагчид болох цэцэрлэгийн хүүхдүүд сургуультай танилцаж, бөмбөгөөр тоглож хөгжилдөв.

ЖИЛИЙН ТУРШ "ӨӨРИЙН АМЬ НАСАА ХАМГААЛАХ ЮУ ЮУНААС ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙВ, БАЯРЛАЛАА"

3-р сард 6-р ангийн төгсөлтийн өмнө зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй ба хотын цагдаагийн газраас төлөөлүүлэн нэг сурагчийг сайшаалын үнэмлэхээр шагнав. 1-р ангийн сурагчид ая дуугаар бэлэг барив.

6-Р АНГИЙН ЭГЧ, АХ НАРТАА БАЯРЛАЛАА/3-р сарын 24/

1-5-р ангийн бүх сурагч ая дуугаар бэлэг барив.

ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЁС ТӨГӨЛДӨР БОЛОВ/3-Р САРЫН 26/

Сурагчид хийгээд багш нар 6-р ангийн сурагчид болон ар гэрийнхнийг халуун алга ташилтаар үдэж, хичээлийн жилийн хаалтын ажиллагаа өндөрлөв.

X
Нэвтрэх