fbpx

Эрүүл мэнд

image

Хөхүүл ээжүүдийн дунд "хүүхэд нь 45 хоног эсвэл нэг, гурав, зургаа, 10 сар хүрсэн бол Ковид-19-ийн эсрэг вакцин тариулж болно гэж өрхийн эмнэлгээс хэллээ, буцлаа. Харин түүнээс өмнө вакцин хийлгэж болохгүй" гэсэн нэгдсэн бус ойлголт яваад байгааг нийгмийн сүлжээнд харж болохоор байна.

Дээр нь нярай хүүхэдтэй ээжүүд вакцины цэгүүдэд очиход "нярай хүүхэдтэй хүнд вакцин хийхгүй" гэж буцаасан тохиолдол гарсан гэж ээжүүд бичжээ.

Гэвч Эрүүл мэндийн сайдын тушаалд ВероСелл вакцины эсрэг заалтын талаар бичжээ. Үүнд хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно гэж бичсэн байгаа юм. Тэгэхдээ хүүхдийн хоног, сарыг заагаагүй байна.

Харин вакциныг жирэмсэн эмэгтэйд хийх эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөх ёстой гэлээ.

Нэгдсэн ойлголт байхгүйтэй холбоотойгоор вакцинаторууд эсвэл өрхийн эмч нар хөхүүл ээжүүдийг буцаагаад байгаа эсэх, хүүхэд нь хэдэн сар хүрч байж ээж нь вакцин хийлгэж болох эсэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулан асуулаа.

-Фэйсбүүк дэх нярай хүүхэдтэй ээжүүдийн группүүдэд бичсэн ээжүүдийн бичвэрээс харахад вакцины талаар нэгдсэн ойлголт байхгүй байгааг харж болохоор байна. Жишээ нь, хүүхэд нь зургаан сар хүрээгүй бол хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болохгүй гэсэн бичвэр маш их байгааг харлаа. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юу?
-Вакцины заавар, зөвлөмжүүдэд хүүхэд нь заавал нэг сар, зургаан сар хүрсэн байх ёстой гэсэн заалт байхгүй. Хөхүүл ээжид хэзээ ч хийж болно гэж заасан байдаг.

-Мөн хөхүүл ээжид вакцин хийсний дараа доод тал нь нэг хоног эсвэл гурав хоног хөхүүлэхгүй байх ёстой гэж зөвлөсөн талаар ээжүүд бичсэн байна. 
-Хөхүүл ээж вакцин хийлгэсний дараа хүүхдээ хэзээ ч хөхүүлж болно.

-Вакцинаторууд "Хүүхэд нь нялх, нярай бол хийхгүй" гэж буцаагаад байгаа тохиолдол гарч байна гэж бичсэн байсан. 
-Тийм асуудал дүүргүүдэд гарч байгаа эсэхийг судлаарай гэж хэлсэн байгаа. Тэр асуудал гарч байгаа эсэхийг тодруулаад эргээд хэлье. Ямар ч газар хөхүүл ээжүүдэд хийнэ гэсэн чиглэл өгсөн байхад тэгж буцаах ёсгүй санагдаад байгаа юм. Үүнэхээр тийм асуудал гарсан эсэхийг, чухам хаана тэгж буцаагаад байгааг тодруулна.

-Төрөөд нэг ч бай, арав хоногтой ч бай ээжүүд вакцин хийлгэж болно гэсэн үг үү?
-Тийм. Мэдээж хэтэрхий бага сартай хөхүүл ээжийн биеийн байдал ямар байгаагаас хамаараад хойшлуулах уу, үгүй юу гэдгийг эрүүл мэндийн байдлаас нь хамаарч шийднэ. Ээжийн эрүүл мэндийн байдлыг үнэлж байж хийнэ. Харин хөхүүлээсээ болоод хойшлогдоно гэсэн юм байхгүй.

-Вакцин хийлгэсэн хөхүүл ээжүүд 24 цаг, 72 цаг болсны дараа хүүхдээ хөхүүлнэ гэсэн ойлголт байна.
-Тийм зүйл байхгүй. Вакцин хийлгэснээс хойш хэзээ ч хөхүүлж болно. Эдгээр вакцинууд үйлдвэрийн технологи нь идэвхгүйжүүлсэн вакцин учраас хөхний сүүгээр дамжих ямар нэгэн юм байхгүй учраас хэзээ ч хөхүүлж болно.

Сэтгүүлч: А. Наранцацрал

X
Нэвтрэх