- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Адал явдал, дурсамж дүүрэн аялалд гарахаар та бэлтгэлээ базааж байна уу? Нарлаг зуны амралтын урт өдрүүдийг ашиглан аялахаар төлөвлөж, орон нутгийн зүг жолоо залах гэж байгаа танд хариуцлагатай аялагч байхыг сануулж байна.
Хариуцлагатай аялагч гэдэг нь тухайн орон нутгийн байгаль орчинтой танилцахын зэрэгцээ унаган төрхөөр нь хадгалж, өв соёл, ёс заншлыг хүндэтгэн үзэхийн нэр билээ.
Хариуцлагатай аялагчийн баримтлах ёстой дүрэм болон холбогдох хууль журмаас танилцуулж байна.
1. ОРОН НУТГИЙН АХУЙ СОЁЛЫГ ХҮНДЭТГЭХ
Тухайн газар нутгийн ахуй соёл, ёс заншлыг байгаагаар нь хүлээн авч, нутгийн хүмүүсийн хэл аялга, ажил мэргэжил, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандах
2. СОЁЛЫН ӨВД ХАЙР ГАМТАЙ ХАНДАХ
Байгаль орчныг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд хувь нэмрээ оруулах, соёлын дурсгалт өв, археологийн үнэт олдворт хайр гамтай хандах. Хад чулуун дээр зурахгүй байх
3. ГОЛ ГОРХИ, БУЛАГ ШАНДАД ЮМ УГААЖ БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХ
Гол горхи, булаг шанд, нуур цөөрөмд юм угаах, элдэв зүйлийн бохирдуулах бодис хог хаягдал хаяхыг хориглоно.
4. ТУХАЙН ОРОН НУТАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ
Таны аялал тухайн орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдгийг санаж яваарай. Тиймээс нутгийн урчуудын үйлдвэрлэсэн эд зүйлсээс худалдан авч хувь нэмрээ оруулах боломжтой. Гэвч устах аюулд өртөөд буй ховордсон амьтан, ургамлаар хийсэн эд зүйл худалдан авахгүй байхыг сануулж байна.
5. ХОГ ТАРИХГҮЙ БАЙХ
- Аяллын явцад бий болсон хогийг автомашиндаа ачиж, зориулалтын хогийн сав болон төвлөрсөн хогийн цэгт хаях
- Овоо, мод, хад чулуунд хадаг уяж, архины шил, сүүний сав, цаасан мөнгө гэх мэт эд зүйл өргөж байгаль бохирдуулахгүй байх
- Нэг удаагийн аяга таваг, халбага сэрээ хэрэглэхээс аль болох татгалзах
6. ТУХАЙН ОРОН НУТГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ
Очих гэж буй газрынхаа, амрах орон байрны талаар мэдээлэлтэй болох, эрүүл ахуйн нөхцөл байдлыг судлах, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй тохиолдолд хаана хэнд хандах, таны эрүүл мэндэд үл тохирох хоол хүнстэй эсэхийг мэдэж авах.
7. ИЛ ГАЛ ГАРГАСАН БОЛ БҮРЭН УНТРААХ
Ил гал гаргасан бол бүрэн унтрааж явснаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой.
8. ҮЕР УС, ГАЛЫН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХ, ТӨӨРЧ БУДИЛАХААС СЭРГИЙЛЭХ
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, үерийн аюултай бүс нутгаас холдох, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна. /Эх сурвалж: ОБЕГ/ Мөн төөрч будилахаас сэргийлж оффлайн горимд ажилладаг байршил заагч, луужинтай байх, хүүхдэдээ хараа хяналт тавих, ганц нэгээрээ бусдаасаа хоцорч явахгүй байхыг сануулж байна.
- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -