fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Эмнэлгээр ихэвчлэн өвчтэй хүмүүс л үйлчлүүлдэг тул өвчтөнөөс ялгарах нян эмнэлгийн дотоод орчинд эргэлдэж байдаг. Цар тахлын энэ үед аль болох эмнэлэгт очихгүй байхыг ЭМЯ-наас анхааруулсаар буй нь ийм учиртай.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслийн “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” зорилтын хүрээнд хот, хөдөөгийн 27 эмнэлгийн Төвлөрсөн ариутгал, Нян судлалын тасгуудад иж бүрэн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн юм. Технологийн шинэчлэлийг дагаад эмнэлгийн үйл ажиллагаанд оролцогч бүх эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг үе шаттай системчилсэн сургалтад хамруулжээ. Төсөл хэрэгжсэн эмнэлгүүдийн 1575 эмч, халдвар судлаач, лабораторийн эмч, лаборант, эмнэлгийн мэргэжилтнийг 59 удаагийн сургалт явуулж эмнэлгийн халдвар хамгааллыг сахих, шинэ шатанд гаргах бодит ажил болсон байна.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач, эмч М.ЦолмонХӨСҮТ-ийн тархвар судлаач, эмч М.Цолмон

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар (ЭТҮХХ)-ын Тандалт, судалгааны тасгийн тархвар судлаач, эмч М.Цолмон, “Сургалтыг халдварын сэргийлэлт, хяналт, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал, идэвхтэй тандалт, лабораторийн шинжилгээнд сорьц зөв цуглуулах, хариуг үнэлэх, ариутгалын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг олон чиглэлээр явууллаа. Халдварын сэргийлэлт, хяналт, идэвхтэй тандалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн зөвлөх Луиз Томальтитай хамтран төсөл хэрэгжүүлсэн эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулсан юм. Сургалтын хөтөлбөрийг АХБ-ны дотоодын зөвлөх АУ-ы доктор Т.Алтанцэцэг, Б.Сэлэнгэ болон манай тасгийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөр баталгаажуулсан.

Эдгээр сургалтаар халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургагч багш бэлтгэхээс гадна зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаа, шээлгүүртэй холбоотой шээсний замын халдварыг хэрхэн илрүүлэх, ийм халдварын үед лабораторид сорьц хэрхэн цуглуулах, шинжилгээгээр илэрсэн үүсгэгчийг яаж үнэлэх, хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах зэрэгт чиглүүлэн мэс засал, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, лабораторийн ажилтнууд, тархвар судлаач эмч, халдвар хяналтын ажилтнуудыг багаар нь сургасан. Мөн МХЕГ, аймаг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудын багш нарт, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад ч сургалт явуулсан” хэмээн товч танилцуулав.

УХТЭ-ийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Ц.УянгаУХТЭ-ийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Ц.Уянга

Сургалтын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн /УХТЭ/ Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Ц.Уянга, ЭМСХХ-5 төсөл манай эмнэлэгт хэрэгжиж, Төвлөрсөн ариутгал, Нян судлалын тасгийн засвар, тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Нян судлаач эмчийн ашиглах тоног төхөөрөмж, оношлуур сайжирснаар илрүүлэх нянгийн нэр төрөл олширсон. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэхэд дорвитой нөлөө үзүүлж байгаа. Технологи сайжирсан ч тэнд ажиллах эмч, мэргэжилтнүүдээ сургахгүй бол үр дүн төдийлэн сайн гарахгүй. Сургалтын үр дүнд халдвар судлаачид ур чадварын хувьд шат ахисан.

Манай эмнэлгийн тухайд халдвар судлаач эмч, мэргэжилтнүүдээс гадна эмнэлгийн үйл ажиллагаанд оролцогч бүх албан хаагч сургалтад хамрагдсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаас эхлээд чанарын менежер, сувилахуйн албаны дарга, мэс заслын эмч, сувилагч нарыг багаар нь сургаснаараа маш үр дүнтэй ажил болсон. Эмнэлгийн халдвар илрүүлэх тандалтын хуудсыг хөтлөх тушаал төсөл хэрэгжихээс өмнө гарсан боловч эмч нар хуудас хөтлөх нь хангалтгүй, төвөгшөөх хандлагатай байлаа. Эмнэлгийн дотоод халдварыг илрүүлэх нь зөвхөн халдвар судлаач эмчийн ажил биш, багийн ажил гэдгийг багийнхан бүгд ойлгосноор хандлага дадлын томоохон өөрчлөлт гарсан.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дагасан эмч, мэргэжилтнүүдийн сургалтын дараа эмнэлэгт дотоод халдвар гарах нь буурсан уу? 
-Халдвар судлаач эмч эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар аль болох гаргахгүй байхад анхаарч ажилладаг. Төсөл хэрэгжихээс өмнө эмнэлгийн дотоод халдвар ямар түвшинд байсан тухай судалгаа бидэнд байхгүй. Харин тоног төхөөрөмжийн шинэчлэл болон сургалтын үр дүнд эмнэлгийн дотоод халдвар илрүүлэлт эрс сайжирсан. Сургалтын үр дүнд эмч, мэргэжилтнүүд энэ талаар  нэгдсэн ойлголттой болсноор халдвар илрүүлэх тандалтын хуудсыг бүртгэн мэдээлэх ёстойг  бүгд ойлгосон.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүмүүст бөглөдөг. Жишээлбэл, Зохиомол амьсгалын аппараттай холбоотой тандалтын хуудсыг Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратад орсон хүн дээр бөглөнө. Мэс заслын дараах шархны халдварын тандалтын хуудсыг хагалгаанд орсон хүн бүхэн дээр бөглөнө. Шээс дамжуулах замын халдвар илрүүлэх бол шээлтүүр тавигдсан хүмүүст бөглөх заалттай. Харин уян зүү тавиагүй, хагалгаа хийлгээгүй, амьсгалын аппаратад ороогүй хүнд тандалтын хуудас хөтлөхгүй. Тасаг нэгжүүд дээр халдвар хамгааллын асуудал ямар түвшинд байгааг халдвар судлаач эмчид мэдээлэх эхний цэг нь тандалтын хуудас юм гэдгийг эмч, мэргэжилтнүүд бүх шатандаа ойлгосон. Одоо “Манай тасагт ийм халдвар гарлаа” гэж эмч нар өөрсдөө мэдээллэдэг, халдвар судлаачдыг дууддаг болсон. Өмнө нь халдвар судлаач эмч нар хянаж, шалгах гээд байна гэсэн буруу ойлголт, хандлага эмч нарын дунд байсан нь нууц биш” гэлээ.

Төслийн үр дүнд 2017 онд Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг /ЭТҮХХ/ илрүүлэх идэвхтэй тандалтын нийтлэг заавар, ЭТҮХХ-ыг илрүүлэх тандалтын маягтуудыг шинэчлэн боловсруулж, батлуулсныг одоо эмнэлгүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас эмнэлгийн дотоод халдвар гардаг ч үүнийг эмнэлгүүд аль болох нээлттэй мэдээлэхгүй өнгөрөөх дутагдал байсан нь нууц биш. Эмнэлгүүдэд гардаг энэ алдаа дутагдлыг арилгахад эмнэлгийн нийт ажилтнуудыг хамруулсан сургалт эерэг үр дүн авчирсныг төсөл хэрэгжсэн бусад эмнэлгийнхэн ч онцолж буй юм. Хоёр жил гаруйн хугацаанд эмнэлгийн ажилтнуудад тасралтгүй сургалт явуулснаар дотоод халдварыг илрүүлэхийн ач холбогдлыг ойлгож, халдварыг бүрэн илрүүлж, тоон мэдээгээ үнэн зөв өгдөг системд эмнэлгүүд шилжжээ. Халдварын идэвхтэй тандалт хийж, илрүүлэлт сайжирснаар эмч, ажилтнууд өөрсдийгөө болон эмнэлгээр үйлчлүүлэгчдийг хамгаална гэсэн нэгдсэн ойлголт, хандлагатай болсон байна.

X
Нэвтрэх