fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Төрснийх дараах хямрал буюу ээжүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар бид их ярьдаг. Харин аавуудыг орхигдуулдаг. Гэтэл тэд ч хүүхэдтэй болсны дараах эхний саруудад сэтгэл санаа нь тогтворгүй болж, хямардаг байна.

Их Британийн ВВС агентлагийн Шотланд дахь салбарын хийсэн судалгаагаар арван аав тутмын нэгт дээрх бэрхшээл тулгарчээ. Гэвч тэд сэтгэл санааны байдлаа тэр бүр илчлээд байдаггүй.

39 настай Петер Диверсийн эхнэр 2016 онд хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Хүүгийнх нь биеийн байдал сайнгүй байснаас үүдэн Петер сэтгэл гутралд орсон бөгөөд “Миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Өглөө сэрэхэд гэдэс минь мушгирч, намайг том хар үүл дагаад байх шиг санагддаг байв” гэж ярьжээ. Тэрээр таван сарын турш ийм байдалтай байжээ.

Эмчид үзүүлье ч гэж бодоогүй байна. Нэг өдөр ээжтэйгээ уулзаад тэсэлгүй уйлж, өөрт нь хэцүү байгаа талаар ний нуугүй  ярилцсан аж. Үүний дараа байдал дээрдсэн гэжээ.

Шотланд дахь Хатан хааны сэтгэл зүйн коллежийн сэтгэл судлаач Селена Глийдоу “Судалгаагаар нийт аавуудын 8-10 хувь нь хүүхэд төрсний дараа бухимдаж, сэтгэл нь түгшдэг. Үүнд эхнэр нөхрийн харилцаа, санхүүгийн асуудлууд, нойргүйдэл, хүүхдээ асарч, өсгөж чадах болов уу гэсэн айдас, эргэлзээ нөлөөлдөг. Төрсний дараа эмэгтэйчүүдийн бие болон дааварт ихээхэн өөрчлөлт ордог бол эрчүүдийн сэтгэл зүйд өөрчлөлт гарах нь бий. Гэвч энэ талаар ойр тойрны хүмүүстээ хэлдэггүй тул сэтгэл гутралд орсон аавуудыг таних арга одоог хүртэл байхгүй. Эхнэр нь төрснийх хямралд өртсөн бол нөхрүүдэд энэ байдал илүүтэй тохиолддог” гэжээ.

Аав нарын сэтгэл зүй тогтворгүй болбол яаралтай эмчид хандан, зөвлөгөө авах нь зөв. Эс бөгөөс ажлаа алдах хүртлээ өвчнөө даамжруулах эрсдэлтэй гэж эмч нар зөвлөдөг байна. Иймд Шотландад зөвхөн эрчүүд цуглаж, сэтгэл санааны байдлаа хуваалцан ярилцдаг клубууд үүсжээ.

Сэтгүүлч Б. Чимэг  www.gogo.mn

Эх сурвалж: BBC

X
Нэвтрэх