-Д аминдэмийн дутагдал-
Д аминдэм дутагдлын шалтгаант рахит өвчний үед маш олон төрлийн шинжүүд илэрч болдог. Тэдгээрийг доор дурдсан бөгөөд таны хүүхдэд эдгээр шинжүүдээс илэрч байвал та мэргэжлийн эмчид хандаж рахиттай эсэхийг оношлуулах, Д аминдэмийн дутмагшил байгаа эсэхийг магадлах шаардлагатай.
- Ясны бэхжих үйл явц алдагдаж авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх
- Ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэх
- Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох
- Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс баацганаж алхах, хөлөө чирч явах
- Үе тэнгийнхнээсээ өсөлт нь хоцрох
- Булчин татвалзах
- Цочромтгой болох
- Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох
Хамгийн харамсалтай нь Д аминдэм дутагдлын шалтгаант рахитыг цаг алдалгүй илрүүлж, үр дүнтэй, эмчийн хяналтад, тогтвортой эмчлэхгүй бол хүүхэд 3 нас хүрч мөгөөрс байсан яснууд нэгэнт хэлбэржиж хатуурсан үед бүрэн засрах ямар ч боломжгүй болдог. Тиймээс та хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжил, цаашдын ирээдүйд анхаарч эмчийн зааврын дагуу Д аминдэмийн дутагдлаас сэргийлж, рахит үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлж байгаарай.
Эх сурвалж: ЭХЭМҮТ