fbpx

Боловсрол

image

Маамуу сайтын хамт олон уншигч эцэг эхчүүддээ бага насныханд ямар ном сонгох талаар "Монсудар"  хэвлэлийн газрын мэргэжилтэн Г.Ариунцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн номыг сонгоход материал, зураг, бичвэр, агуулга, үг хэллэг хамгаас чухал.

0-2 НАС. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь ном уншиж өгөх ёстой гэсэн үзэл санаанууд байдаг. Зургаан сартайгаас нь зайлшгүй эхлэх ёстой. Хүүхэд энэ үед зөвхөн номыг тогтож хараад гадаад ертөнцтэй харьцуулах чадвар нь сууж эхэлдэг. Энэ насныханд хулдаасан ном, даавуун ном авч өгөх хэрэгтэй.

Ийм ном Монголын нөхцөлд хангалтгүй. Бас хүрч мэдэрдэг ном тохиромжтой. Өөрөөр хэлбэл мэдрэмжээрээ уншина гэсэн үг. Энэ номонд хүүхдийн өдөр тутам хардаг, мэддэг зүйлийн зураг багтсан байна. Номын материалын шаардлага өндөр тавигдах ёстой. Яагаад гэвэл хүүхэд амаараа орчноо таньж мэдэрдэг учраас номоо байнга амандаа хийнэ.

Тиймээс будаг гардаггүй, ирмэг, өнцөггүй, хулдаасан, даавуун, зузаан байна. Зөвхөн өөрсдийнхөө таньдаг зүйлийг номоос харах учраас бичвэр шаардлагагүй. Бичвэр нь гагцхүү эцэг эх, багш нарт зориулагддаг.

2-4 НАС. Мөн л хүүхдийн номын хуудас зузаан, тэднийг гэмтээхээргүй байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ ярьж эхлэх үед ном уншиж өгөх ёстой гэж эндүүрдэг. Нялхаасаа ном уншуулж, эргүүлж өссөн хүүхэд номыг хэзээ ч урдаггүй. Энэ үеийнхэнд агуулгын хувьд хүүхэд ойлгох үлгэр, багахан сонирхолтой үйл явдлуудыг тусгасан ном уншуулдаг.

Юун түрүүнд зурагт болоод зурагтай ном гэсэн ойлголтуудыг салгаж ойлгох хэрэгтэй. Зурагтай ном гэдэг бол нэг үлгэрт маш олон үйл явдал болдог. Тэндээс хоёр гуравхан үйл явдлыг л зургаар харуулдаг. Харин бүх  үйл явдлыг зургаар харуулсан бол зурагт ном юм.

Тэгэхээр 0-4 насныханд зурагт ном тохирно. Эцэг эхчүүдийн уншиж өгсөн номыг хүүхэд зургаас ойлгож, дараа нь ярих боломж бүрдэнэ гэсэн үг.


4­-6 НАС. Номын шаардлага өндөрсөж эхэлдэг. Техник, технологи хөгжсөн учраас сонирхолтой номыг л санал болгохгүй бол хүүхэд тэр бүр ном сонирхохгүй байх талтай.

Тиймээс охид, хөвгүүдийн номыг ялгаж, салгаж уншуулах хэрэгтэй. Яагаад гэсэн асуултад хариулах, танин мэдэхүйн ном илүү тохиромжтой.

X
Нэвтрэх