-4 настай хүүхдийн хөгжил-
Дөрвөн настнуудын зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид "Уяанаас алдуурсан нас" гэж тодорхойлдог. Хайр булаам, энхрий дөлгөөн, ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, дураараа болж зөрүүдлэх нь олонтаа.
Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэлээд ээдрээтэй төвөгтэй болох боловч энэ нь түр зуурын шинжтэй байна. Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү харилцаатай, бусад хүмүүсийн санаа бодол, хүсэл сонирхлоос илүү "БИ" гэдэг үзлийг чухалчилдаг.
Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь их байдаг ба ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт нь нэмэгдэж, өчүүхэн л боломж гарвал ярьж байдаг. Иймээс энэ насанд эцэг эх хүүхдийнхээ хэл ярианы зөв хөгжилд ихээхэн анхаарах хэрэгтэй. Дөрвөн настай хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна.
Дөрвөн настнуудын үгийн нөөцийн 50 хувь нь нэр үг, 28 хувь нь үйл үг, 12 хувь нь тэмдэг үгс байдгийг эрдэмтэд судалжээ. Гол үйл үг нь ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юм уу хааяа гуйх, хүсэх төлөвийн үгс байдаг ажээ. Тэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг байна.
Хүүхдийн энэхүү онцлогуудыг эцэг эх ойлгон, хүмүүжлийн ажилдаа харгалзан тусгах хэрэгтэй. Хэрүүл маргаан гаргавал тэднийг шийтгэхээсээ өмнө санаа бодлыг нь өөр зүйл рүү хандуулбал илүү үр дүнтэй гэдгийг бүү мартаарай.
Эх сурвалж: Эцэг эх–хүүхэд–харилцаа II, 2011 он