Утааны эсрэг ээж, аавууд төрийн бус байгууллагынхан “Pixel art” арга хэмжээг Сүхбаатар талбайд өнөөдөр зохион байгууллаа. Тэд утааны зурагтай зурагт самбаруудыг байршуулж, “Pixel art” бүтээхэд шаардагдах ногоон өнгийн цааснуудыг бэлтгэж тавьжээ.
Эцэг, эхчүүдийн дунд энхрий бяцхан үрсээ дагуулан ирсэн хүмүүс ч харагдана. Найман настай хүүхдээс наян настай буурлууд хүртэл оролцохоор ирцгээж байлаа.
“Pixel art” арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдэд ногоон цаас, хар үзэг, шохой өгч харагдана. Ногоон цаасан дээр иргэд илэрхийлэх гэсэн үгсээ бичнэ. “No smoke”, “Утааг арилга”, “Цэвэр агаар бидний ирээдүй”, “Эмнэлэг барь”, “Утааны эсрэг хамтдаа” гэх мэтээр өөрсдийн үзэл бодлыг үгээр илэрхийлж байв.
Ард иргэдийн амгалан тайван байдлыг ханган хэв журам зөрчигдөхөөс сэргийлж, цагдаа нар арга хэмжээг ажиглан зогсоно.
“Боож үхлээ” жагсаалд нийт 10 мянган хүн оролцож байсан бол энэ удаагийн “Pixel art” арга хэмжээнд 400 гаруй иргэд оролцож байна хэмээн зохион байгуулагчид хэлэв.
“Монгол хүний эрүүл мэндийн төлөө би энэ арга хэмжээнд оролцож байна. Утааны талаар гэртээ л ярьдаг болохоос ингэж арга хэмжээнд өмнө нь оролцож байсангүй. Уушгиа эрүүл байлгая. Төрийн дээд албан тушаалтнууд сонгуулийн үеэр л утааг арилгана гэж ярьдаг ч иргэддээ чиглэсэн ийм арга хэмжээг зохиодоггүй” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Баянжаргал ярилаа.
Иргэд үзэл бодлоо илэрхийлсэн цаасаа барин зогсоод “Эмнэлгээ барь”, “Утааг арилга” хэмээн хашхирна. Мөн дээрх үгсийг бүтээж зогсоцгоолоо.
Уриа үгсээ бүтээж дууссаны дараа үзэл бодоо илэрхийлсэн цаасаа барин “Эмнэлэг барь”, “Утааг арилга” гэсэн уриа үгсээ хэлэн Төрийн ордыг тойров.
“Залуучууд бид ирээдүйнхээ төлөө тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Үр хүүхдээ эрүүл цэвэр агаараар амьсгалуулмаар байна. Хүүхдээ өвчний үүр болгохыг хүсэхгүй байна. Ирээдүйнхээ төлөө энэ арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо нэгтгэж тэмцсээр ирсэн” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Т.Энхтөр хэллээ.
“Энэ удаа Pixel art буюу олон хүн хамтарч үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээг зохион байгууллаа. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд Засгийн газраас Үндэсний хөтөлбөрөө боловсруулаад, өргөн барихгүй бол дахин арга хэмжээ зохионо. Монголчууд өвөл л утаа ярьж, дулаарахад мартдагийг халж, утааг бүр мөсөн арилгахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үр дүнд хүрэхийн тулд энэ арга хэмжээ, жагсаалуудыг зохион байгуулж байна” гэж Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү ярив.
Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ынхан Утааг арилгах үндсэний хөтөлбөр болон төлөвлөгөөг шаардаж энэ арга хэмжээг зохион байгуулжээ. “Pixel art” тэдний хэрэгжүүлж байгаа сүүлчийн арга хэмжээ биш бөгөөд сар бүр утааг арилгахыг шаардсан олон нийтийн арга хэмжээ зохиож байхаар төлөвлөжээ.
Б.Цэрэнханд /GoGo.mn/