Эрүүл ахуй

image

Хүүхдийн машины суудал худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарна.

Үүнд:
Хэрэглэж байсан хуучин суудал худалдан авах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг зөвлөх байна. Гэвч хэрвээ та хүүхдэдээ хэрэглэж байсан суудал авах гэж байгаа бол энэ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Суудлыг үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэгчийн нэр, хэрэглэх заавар зэрэг нь байгаа эсэхийг шалгах /зөвхөн үйлдвэрийн суудал аюулгүй байдал, эрсдэлийг нарийн сайн тооцсон байдаг/
  • 5-аас бага жилийн эдэлгээтэй байх /Хүүхдийн машины суудлыг 6-аас дээш жил хэрэглэдэггүй/
  • Эвдэрч, гэмтсэн хэсэггүй байх
  • Тухайн суудал нь урьд өмнө нь аваарт орж байсныг та мэдэх боломжгүй бол аваад хэрэггүй.

Машины суудлыг байрлуулах хамгийн зөв байршил бол ослын дэрний харгалдаа автомашины хойд талын суудал юм. Хэрвээ урд суудалд байрлуулвал ослын дэр задрах үед хүүхэд амь насаа алдах аюултай. Мөн та арын суудалдаа хүүхдийнхээ машины суудлыг байрлуулахдаа хаалганы хажууд бус суудлын голд байршуулах нь аюул багатай гэдгийг анхаарна уу.

АНУ-ын 16 мужид 1998-2006 оны үед 3-аас доош насны хүүхэд өртсөн 4790 авто осолд дүн шинжилгээ хийгээд энэхүү дүгнэлтэд хүрчээ. Хэрвээ ослын үеэр хүүхдээ хойд суудлынхаа голд суулгасан бол 43 хувь нь ослын улмаас гэмтэх эрсдэл буурах байжээ.

  • Автомашины хүүхдийн суудал нь зөвхөн таны хүүхдийг машинаар зорчиход зориулагдсан болохыг анхаараарай. Хэрэв та гэртээ байх хугацаандаа хүүхдээ машины суудалд удаан хугацаагаар суулган саатуулах бол энэ нь таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд таагүй нөлөөтэйгээс гадна хүүхэд чинь суудлаас унаж бэртэх аюултай. Мөн машинд хэрэглэхээс бусад үед хүүхдийг энэ суудалд унтуулж, амраахыг хориглоно.
  • Машинд эхлээд суудлыг бат бөх бэхэлсний дараа хүүхдийг суулгана. Хүүхдийг суулгахдаа тухайн машины суудлын зааврыг сайтар уншиж танилцан, зааврын дагуу байрлуулах нь маш чухал. Хэрвээ зааврын дагуу байрлуулж, хамгаалалтын бүс, бэхэлгээг хийгээгүй тохиолдолд хүүхдийн амь насанд хүртэл аюул учирч болзошгүй.
  • Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.

Ингээд эцэг эхчүүдэд эцэст нь зөвлөхөд тухайн суудлын үйлдвэрлэгчийн зөвлөмж хамгаас чухал гэдгийг анхаараарай. Учир нь автомашины суудал дотроо маш олон төрөл байдаг. Тиймээс тухайн суудал бүр өөрт тохирсон тусгайлсан зааварчилгаатай байдаг.

Эх сурвалж: Замын цагдаагийн ерөнхий газар

X
Нэвтрэх