fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүн амьдралынхаа туршид өөрчлөгдөн хувьсаж буйг хөгжил гэнэ. Бие бялдрын хөгжил гэж хүүхэд олдсоноос эхлээд өсвөр үе хүртэл гарах өөрчлөлт хувьслыг хэлнэ. Өөрчлөлт нь хүүхдийн оюун ухаан, бие бялдар, хэл яриа, нийгэм, сэтгэл зүйн хувьд харилцан хамааралтай явагддаг тул эдгээрийн дагуу хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлдог.

Сурч мэдэх, хөгжих бүхий л үйл явцыг уураг тархи удирдан зална. Уураг тархи л хүүхэд алхаж явах, идэх, ярих, инээх, бодож сэтгэхийг удирдана. Хүүхэд төрөх үед уураг тархи нь 100 гаруй тэрбум эсээс тогтсон байх бөгөөд тэдгээрийн хооронд холбоо тогтож гүйцээгүй байдаг. Эцэг эхчүүд хүүхдийг энхрийлэн хайрлаж, хүмүүс хоорондын амьд харилцаа эерэг хандлагаар өдөөгдөж байвал эсүүдийн хооронд холбоо (синапс) тогтон хөгжиж тархины ажиллагаа эрчимждэг. Хүүхэд насанд үүссэн харилцаа, холбоо насан туршид хадгалагдан үлддэг ба энэ нь тархины хөгжлийг илэрхийлнэ. Иймд хүүхдийг хайрлан энхрийлж, зааж, сургаж, харилцан ярилцах нь тархийг хөгжүүлэх хөшүүрэг болдог тул хүүхдэдээ та цаг гарган ажиллаарай.

Шинэ төрсөн хүүхэд хорвоо дэлхийг мэдрэхүйн эрхтэн болох нүд, чих, ам, хамар, арьсаараа хүртэж танин мэддэг. Сонсох, хүрэлцэх, амтлах, үнэрлэх, харах мэдрэхүйгээр хүлээн авсан мэдээлэл уураг тархины сая сая эд эсийн хооронд холбоос бий болгон боловсорч хүүхэд шинэ зүйл танин мэдэж сурна гэсэн үг юм. Иймд хүүхдэд тохирсон зүйлийг харуулж, бариулж, илүүлж, таалуулж байх нь мэдрэхүйн эрхтэн, уураг тархи, танин мэдэхүйн хөгжлийг дэмжиж байгаа явдал юм.

Жишээ нь: Нялх хүүхдийг гар дээр авахдаа аав ээж нь түүнтэй ярьснаар сонсох мэдрэхүйг хөгжүүлнэ. Үйлдлийг дахин давтсанаар уялдаа холбоог бэхжүүлж, нялх хүүхэд тун удахгүй аав ээжийнхээ дуу хоолойг таньдаг болдог.

Танин мэдэх, сурах үйл явц насан турш үргэлжилдэг. Гэхдээ хараа, сонсгол, хэл ярианы хөгжлийн хувьд онцгой мэдрэг үе гэж байдаг. Энэ үед уураг тархи шинэ мэдээ мэдээллийг хялбархан “ууж” авах чадвартай аварга том “поролонтой” төстэй байна. Үүний тод жишээ нь бага насны хүүхэд төрөлх хэлээ маш хурдан бөгөөд хялбархан сурч байгаа үзэгдлээр тайлбарлаж болно.

Төрснөөс хойш 5 нас хүртэлх үе нь хүүхдийн бүх талын хөгжлийн эрчимтэй үе юм. Энэ хугацаанд эзэмшсэн хөдөлгөөний, мэдрэхүйн, сэтгэхүйн эерэг туршлага хүүхдэд олон талын чадварыг хөгжүүлж насан туршдаа эрүүл өсөж хөгжих, зөв төлөвших суурийг тавьж өгдөг. Нөгөө талаас хүүхдийн энэ насанд хоол тэжээл дутагдах, ойр ойрхон өвчлөх, асаргаа хайр энхрийлэл дутах, байнгын бухимдалтай байх, хүүхдийн танин мэдэхүй, сурч хөгжихийг үл ойшоох, түүнийг урамшуулан дэмжихгүй байх зэрэг амьдралын сөрөг туршлага нь хүүхдийн хөгжилд ноцтой үр дагавар авчирдаг.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх