fbpx

Боловсрол

image

Дөрвөөс зургаан насны хүүхэд гэр бүлийнхээ бүхий л харилцааг, өөрт нь хандаж байгаа хандлагыг зурсан зурагтаа илэрхийлж байдаг. Хүүхдийг зураг зурж байхад нь саад бололгүйгээр хэнийг ямар дараалалтай зурж байгааг хажуунаас нь ажиглаад үз. Харин дууссаных нь дараа зурган дээр хэнийг хэрхэн зурсныг асууж сонирхоод, дүгнэлт хийхийг хичээгээрэй.

ЭЭЛЖ ДАРААЛЛЫГ НЬ ХАРААРАЙ
Хүүхэд хэнийг эхэлж зурж байгаагаараа гэр бүлийнхээ гишүүнд ханддаг хандлагаа илэрхийлдэг. Ихэвчлэн хамгийн хайртай, хамгийн чухал хүнийг түрүүлж зурдаг байна. Хэрвээ хэн нэгнийг зурахаа мартсан бол түүнтэй таагүй харилцаатай байх магадлалтай.

Ихэвчлэн хүүхэд өөрийгөө голд нь зурдаг бөгөөд үүгээрээ аав ээж нь түүнийг хайрладаг гэдэгт итгэдгийг илэрхийлдэг байна. Эсрэгээрээ  өөрийгөө огт зураагүй бол ганцаардмал хүүхэд байж болох юм.

ХЭН НЭГНИЙГ ЗУРАХАА МАРТСАН БОЛ
Хэрвээ зурагт гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь байхгүй бол хүүхдээсээ түүнийг яагаад мартсаныг асуугаарай. Хүн дутуу бол тийм ч таатай дүр зураг биш гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүнд сайнгүй ханддаг байж болно.

ӨӨРИЙГӨӨ ТОМООС ТОМ ЗУРВАЛ
Хүүхэд зурж байгаа хүнээ хэдий чинээ томоор зурна, төдий чинээ тухайн хүн өөрт нь чухал болохыг илэрхийлдэг байна. Гадуурхагдсан хүүхэд өөрийгөө жижигхэнээр, харин хайранд умбасан хүүхэд өөрийгөө томоос том зурах нь элбэг.

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХООРОНДЫН ЗАЙГ АНЗААРААРАЙ
Хэрвээ тухайн айл гэрт амар амгалан оршдог бол хүүхэд гэр бүлийнхээ гишүүдийг бараг наалдуулах шахам зурдаг байна. Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй нь хэр ойртуулж зурна төдий чинээ энэ хүнд дотно байдаг гэдгийг харуулдаг. Харин тухайн хүмүүсийн хооронд зурсан ямар нэг эд зүйл гэр бүлийн гишүүдийн хооронд саад тотгор болж байгааг илэрхийлдэг байна.

ӨНГӨӨР ЗАН ААШ ИЛЭРХИЙЛДЭГ
Өөрт таатай, хайртай зүйлээ хүүхэд дулаан өнгөөр илэрхийлдэг. Өөрт илүү дотно хүнийг тод өнгөөр буддаг аж. Хэрвээ хүүхэд хэн нэгнийх нь цамцыг хөх өнгөөр будсан бол энэ хүнтэй амар тайван харилцаатайг илэрхийлдэг.

Хэрвээ ногоон өнгөөр будвал энэ хүнийг хүүхэд хүндэлдэг, чухал хүн болохыг харуулдаг байна.

Аливаад сэтгэл хөдлөлөөр ханддаг түргэн зантай хүнийг шар өнгөөр, улаан өнгөөр түрэмгий зантайг, харин хар өнгөөр гэр бүлийн аль нэг гишүүний таагүй зан авирыг илэрхийлдэг байна.

ӨӨРИЙНХӨӨ ЦАРАЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗУРСАН БОЛ
Гэр бүлийнхнийхээ нүүр царайг ихэд хичээнгүйлэн зурсан бол хүүхэд хайранд умбаж буйг илэрхийлдэг. Харин бяцхан зураач өөрийнхөө нүүр царайг илүүтэй  тодотгон зурсан бол өөртөө их хайртай, анхаардаг болохыг баталдаг байна.

Хэрвээ хүүхэд аав ээжийнхээ хэн нэгний амыг хэтэрхий томоор зурсан бол энэ хүн хүүхдийг байнга шүүмжилдэг байж болох юм.

Хэрвээ амгүй, эсвэл хэт жижиг амтайгаар зурсан бол тухайн хүн  сэтгэл хөдлөлөө нуудаг байж болох юм. Харин амыг нь шүдтэйгээр зурсан бол тухайн хүн түрэмгий зантай байж болно.

Гэр бүлийн гишүүдийнхээ нэгийг том нүдтэйгээр зурсан тэр хүнээс айдаг болохыг, жижигхэн нүд ямар нэг зүйл нуудаг болохыг илэрхийлнэ. Хэрвээ урт гартайгаар, эсвэл бүр гаргүйгээр зурвал энэ хүн хүүхдэд сэтгэлзүйн дарамт өгдөг байж болно. Богино гартай бол сул дорой байдлыг илэрхийлнэ. Хэрвээ хүүхэд өөрийгөө гараа өргөж байгаагаар зурсан бол түүнд анхаарал дутаж байгааг харуулж байгаа гэнэ.

Таны хүүхэд гэр бүлийн харилцааны эмзэг цэгийг олж өгөхөөс гадна арилгаж чадна.

Хэрвээ та хүүхдийнхээ зургийг тийм ч сайн ойлгохгүй байвал цаасны нөгөө талд нь “Миний хүсэж буй гэр бүл” гэсэн сэдвээр дахин зуруулаарай.

Мөрөөдлийн гэр бүлийг нь  зуруулснаар та ойр дотнын хүндээ юу өгч чадахгүй байгаагаа олж харах болно.

Сэтгүүлч А.Наранцацрал

Эх сурвалж: Soulpost

X
Нэвтрэх