fbpx

Хүмүүжил

image

Хүүхдээ гэмт хэрэгтнээс, гаж донтноос хамгаалах нь нэн тэргүүнд эцэг эхчүүд бидний үүрэг. Үүний тул хүүхдүүд ч тодорхой мэдлэг мэдээлэлтэй, эцэг эхчүүд ч сонор сэрэмжтэй байх ёстой.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхэдтэйгээ бүр анхнаас нь итгэлтэй, айж эмээх зүйлгүй харилцаа үүсгэн, ярилцдаг болгож сурга.
  • Үнэнээ хэлсэн, багахан алдсан болгон дээр нь битгий загнаад хашраачих. Бамбар тугалын үлгэр болуузай.
  • Хэзээд ч хаа ч явсан хүүхэдтэйгээ шууд харилцаж чадахаар бай. (утас, цэнэгийг нь шалга)
  • Унаа машинд ганцааранг нь суулган явуулж хэрхэвч болохгүй.
  • Хүүхдийнхээ өдөр тутмын үйл ажил, тоглоом цэнгээнд байнга оролцож, юу болж байгааг мэддэг бай.
  • Хэчнээн ядарсан ч хүүхдийнхээ гомдлыг, муухай зүүдийг нь ч хүртэл анхааралтай сонсож бай. Учир шалтгаан байгаа юм биш биз.
  • Эвгүй муухай хэрэг төвөг гарсан тухай мэдээ ирвэл хүүхэдтэйгээ тэр тухай ярилцаж, юу бодож явдгийг нь сонс.
  • Элдэв танихгүй хүн хүүхдийг чинь анхаарсан байх вий, ажиж мэдэж бай.
  • Том хүнийг хүндэлдэг боловч эвгүй хүнийг таньдаг, эсэргүүцдэг болгож сурга. Хүүхдэд өөрт нь мэдрэмж байх ёстой.
  • Хүүхдэд хувийн нууц гэж мэдээж байна. Гэвч ямар зүйлийг нууцалж болохгүй вэ гэдгийг маш сайн ойлгуулж өг.
  • Интэрнэт орчинд юу хийж, хэнтэй харилцаж байгааг нь байнга мэдэж бай. Энэ бол хүүхдийн хувийн асуудал биш.

Хамгийн чухал нь энэ дээрх бүх зөвлөгөөг дагахдаа, бэлдэхдээ хүүхдээ айлгах маягаар хүмүүжүүлж огт болохгүй. Бид нийгэм дотор нийгмээсээ айсан, зожиг хүүхэд өсгөх гээгүй, гагцхүү аливааг мэддэг, мэдэрдэг, сайн муу хүнийг ялгадаг, аюултай үед яахаа мэддэг ухаантай хүүхэд л өсгөх гэж байгаа. Үүнийг бүү март. Аймхай биш, ухаантай хүүхэд...

Дээрх зөвлөгөөнүүдийг дагаж чадвал ялангуяа манай нөхцөлд хүүхдийн аюулгүй байдал тун дээрдэх магадлалтай. Яагаад манай нөхцөлд гэж байна гэхлээр, албаны хүмүүсийн хэлэх нь хүүхдийн хүчирхийллийн хэрэг манайд ихэнх тохиолдолд таньдаг хүнээс, гэр бүлийн ойрхон хамаатан зэргээс ирдэг гэнэ.

Урд хойд хөршийнх шиг учиргүй хар машин ирж зогсоод, гудамжнаас аваад явдаг нь бараг үгүй аж. За тийм, үл таних этгээдүүдэд ч тэр, тэгтлээ машин техникээр тоноглоглогдоогүй, харин хүүхдийг хуурах, чихэр мөнгөөр урхидан хүнээс хол аваачих зэрэг нь түгээмэл аж. Ийм тохиолдолд миний хэлээд байгаа тэр, хүүхдийн сайн муу хүнийг таних мэдрэмж, эцэг эхдээ юуг хэлж байх ёстойг мэддэг байх, том хүний үйлдлийн юу нь зохистой юу нь зохисгүйг мэддэг байх, танихгүй хүнд үл итгэх... гэх мэт мэдлэг, мэдрэмжүүдийг суулгаж өгөх нь тун хэрэгтэй юм.

АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн монгол хэлний багш, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ

Сэтгүүлч: Б.Чимэг

X
Нэвтрэх