Хөгжлийн бэрхшээлтэй нялх, бага насны хүүхдүүд бусад бүх хүүхдийн нэгэн адил хэрэгцээ, мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй байдаг. Мөн бусад бүх хүүхдийн адил тэгш эрхтэй.
Тухайлбал, төрснөө бүртгүүлэх, дархлаажуулалтад хамрагдах, тэжээллэг хоол хүнс идэх, боловсрол эзэмших, хүчирхийллээс хамгаалуулах зэрэг болно. Хөгжлийн бэрхшээлтэй нялх, бага насны хүүхдийг бусад хүмүүсээс нууж хаах ёсгүй. Тэд гэр бүл, олон нийтийн өдөр тутмын амьдралд оролцож, бусад хүүхдүүдтэйгээ тоглож байх ёстой.
Зохих тусламж дэмжлэг авч чадсан хүүхэд хөгжлийн бэрхшээлээ зохицуулан амьдарч сурахаас гадна, насанд хүрсэн хойноо нийгмийн амьдралд оролцох чадвартай болж өсдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг эцэг эхийн хувьд амаргүй даваа. Харин олон нийт нь хүлээн зөвшөөрч, ямарваа ялгаваргүйгээр тусалж дэмжиж байвал нөхцөл байдал огт өөр байдаг.
Мөн ингэснээрээ, эцэг эх нь хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлээс илүүтэйгээр, хүүхдээ хэрхэн тал бүрээр хөгжүүлэхийг бодолцох боломжтой болдог. Хүүхэд хэдийгээр нэг талын хөгжлийн бэрхшээлтэй байж болох ч өөр бусад авьяас, чадвар нь хөгжсөн байж болно.
Тухайлбал, бие махбодын хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд сурч боловсроход бэрхшээл огт учирдаггүй. Зарим нь бүр гоц авьяастай байх нь ч бий. Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүд ч суралцах чадвартай байдаг. Зарим нь биеийн хүч сайтай, эрүүл чийрэг байж, насанд хүрэгчдийн дэмжлэгтэйгээр гэр ахуйн ажилд туслах чадвартай байдаг.
Эх сурвалж: Эцэг эхийн боловсролд зориулсан гарын авлага, НҮБ-ын Хүүхдийн сан