fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхэд дөнгөж төрсөн үедээ л төрөлх чанараараа "Би ирлээ" гэдгээ зарлан уйлах зэргээр хоолойн дуу, авиа гаргах нь хэдийгээр харилцааны анхны илэрхийлэл боловч хараахан ямар нэг харилцааны шинжийг агуулаагүй байдаг бөгөөд хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа хүүхэд орчиндоо дасахын хамт тэдний уйлах, ямар нэг авиа дуугарах, дуугүй мишилзэх, инээмсэглэх зэрэг нь харилцааны хэрэглэл болон ашиглагдаж эхэлдэг.

Даунтай хүүхдийн хувьд мөн адил ийм маягаар бусадтай харилцаанд орох өгөгдөл нь байж байдаг ба үүгээрээ харилцаанд орох хүсэл эрмэлзэл нь илэрдэг. Иймээс балчир насны даунтай хүүхдэд эхний үед тэднийг бүх нийтийн харилцаанд хэрэглэж хэвшсэн биеийн хөдөлгөөн, гар хуруу, дуу авиа, нүд, нүүр, үгийн хамтарсан харилцааны аргад сургаж эхлэх  хэрэгтэй.

Жишээ нь: "Аав нь гэрээс гарах"-даа гараараа даллахын хамт "Баяртай" гэдэг үгийг тод тайвнаар бага зэрэг сунжруулан хэлэх, энэ үед эхний удаад ээж нь хүүхдийг гараараа даллахад нь туслах, өөрөө даллан үзүүлэхийн хамт "Баяртай" гэдэг үгээ хэлэх, мөн гэр бүлийн ямар ч гишүүн бай, гэрээсээ гарахдаа энэ үйлдлийг бие биедээ болон зорилтот хүүхдэдээ хандан хэлэх, үзүүлэх, цаашлаад тоглоомоор нь  дамжуулан дээрхийг давтах зэргээр уг үгийн хэрэглээг ойлгуулах, хүн явах, \салах\ үедээ "Баяртай" гэж хэлдэг гэдгийг хүүхдэд мэдрүүлэн өдөр тутмын амьдралынх нь хэвшил болгох, дээрх хөдөлгөөн үгийг хараа, сонсголын ойд нь суулгаж улмаар амны хайрцаг, хөдөлгөөнөөр өгүүлэх эрхтнийх нь зүгээс ямар нэгэн хоолойн дуу, авиа гарахад нь уриалан дуудах ажлуудыг гэр бүлээрээ тогтмол тасралтгүй хийж хэвшүүлэх нь зүйтэй.

Энэ бүхнийг хийж байх үед та өөрөө хүүхдийн анхаарлын төвд байх нь чухал. Өөрөөр хэлбэл та хүүхдийн анхаарлыг ямар нэгэн аргаар өөртөө татна гэсэн үг юм. Хүүхэд таныг гарах гэж байгааг мэдрээд гараараа даллан, мөн ямар нэгэн авиа гаргаж байвал түүнд нь маш их анхаарал хандуулж байгаагаа мэдрүүлэн урам өгч, баярласан сэтгэлээ илэрхийлж түүний  харилцааг дэмжих нь цаашид харилцах, үг хэлэхийг хичээх, үг хэлэх хүсэл эрмэлзлийг нь улам бадрааж өгнө.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх