Хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор хүүхэд, насанд хүрэгчдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалтыг зогсоон барих, буруулах ач холбогдолтой гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс үзэж байна.
Тус байгууллагаас иргэдийн дунд эрүүл хооллолтыг төлөвшүүлэхэд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Үүнд:
- Эрүүл хооллолтын талаарх хүн ам, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл хооллолтын дадлыг төлөвшүүлэх,
- Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин (ажлын байр, нийтийн эзэмшлийн газар) бүрдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бий болгох,
- Аминдэм, эрдсээр баялаг жимс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хүн амын хэрэглээг дэмжих,
- Хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох,
- Сургуулийн эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин болгох.
НЭМҮТ –ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон "Дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин таргалалттай, халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Эрүүл бус хүнс гэдэг нь илчлэг өндөртэй, шим тэжээл багатай юм. Үүнд чихэрлэг, хийжүүлсэн ундаа болон хүнсний бүтээгдэхүүн, шарж болгосон хоол хамаарна.
Улсын хэмжээнд долоо хоногт хамгийн багадаа 6-11 настай хүүхдүүдийн 98.2 хувь нь эрүүл бус хүнс хэрэглэдэг" хэмээв.
С.Отгонжаргал