Зургаа хүртэлх насныхны хамгийн сэргэлэн, эрч хүчтэй үе бол 3-5 нас. Энэ үед хүү, охины тань оюун ухаан хамгийн эрчимтэй, хурдацтай хөгжинө. Хүүхдийн тань хувьд өдөр бүр шинэ байх болно, тэд өдөр бүр ямар нэгэн шинэ зүйлийг таньж, шинэ зүйлд суралцдаг.
Хүүхэд 3-5 насандаа аливаа бүхнийг юу болох, ямар зориулалттай, хэрхэн ашиглаж хэрэглэдэг, хэн үүнийг хэрэглэж болох ба болохгүй зэргийг таньж, ойлгож бас өөрөө туршиж, ашиглаж эхэлнэ. 3 настай хүүхэд "Яагаад?" гэсэн асуултыг тэвчихийн аргагүй олон асууна. Гэхдээ хүү, охины тань "Яагаад?" гэсэн асуултын цаана ямар нэгэн зүйлийг таньж мэдэх гэсэн агуу их хүсэл, эрмэлзлэл байдаг. Та хүү, охиныхоо "Яагаад?" гэсэн асуултад хэдий чинээ үнэн зөв, чин сэтгэлээсээ хариулж тайлбарлана, төдий чинээ тэдний оюун ухаан тэлж, хөгжинө. Та хүүхдийнхээ аливааг таньж мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг ойлгон хүндэтгэж харилцвал хүү, охин тань шинэ бүхнийг сурч мэдэхийн аз жаргалыг мэдэрч өснө.
Гэхдээ хүүхэд таны хувьд аюултай гэхээр зүйлийг хийхийг, туршихыг хүсч шаарддаг. Энэ байдлыг орчин үеийн хүүхдийн сэтгэл судлаачид "та тэр аюултай хэмээн бодож байгаа зүйлээ хүүхдээрээ хийлгээд, туршуулж болно" хэмээн зөвлөх нь бий. Жишээ нь, алхаар цохих, шүдэнз зурах, хайчаар эд зүйлсийг хайчлах, зүү бариад юм оёх гэх мэт.
3-5 насны хүүхдийн үндсэн "ажил" нь тоглоом буюу тоглох байна. Тэд тоглоомоороо дамжуулан хүрээлэн буй орчноо илүүтэй танин мэдэж бас бусдаас юуг ажиглаж сурснаа тоглоомоороо илэрхийлж байдаг. 3-5 насны хүүхдийн оюун ухаан болон тархины хөгжилд тоглоом хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн тоглоом нь хүү, охины тань хувьд тулгарсан асуудлаа шийдэх гарц, арга зам нь байх болно.
Мөн 3-4 наснаасаа хүүхэд бүтээлтэй үйл ажиллагааг сонирхон, дурлаж эхэлнэ. Гэхдээ бүх хүүхэд адилхан биш гэдгийг санаарай. Нэг хүүхэд зурах дуртай байхад нөгөө нь дуулах, бүжиглэх дуртай байна. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээний хөгжлийн илрэл бөгөөд хийх үйл ажиллагаа буюу илэрхийлэх арга нь өөр өөр байж болохын нотолгоо юм.
4-5 наснаасаа хүүхэд ганцаараа биш хэн нэгэнтэй, эсвэл хэсэг бүлгээрээ хамтран тоглох, тулгарсан асуудлаа хамтран шийдэх чадвартай болсон байна. Энэ үеэс хүү, охинд тань найз гэх ойлголт нэн чухал болж ирнэ. "Миний хамгийн сайн найз" гэсэн үгийг олонтаа хэрэглэх болно. Бас найзаа сонгох шалгууртай болно. Тэр маш хөөрхөн, надтай хамт тоглодог, тэр гоё дуулдаг, тэр надад тусалдаг учраас миний хамгийн сайн найз хэмээн найзаа тодотгон бас "дугаарлана". Харин ямар найз хамгийн сайн найз байж болох талаар та хүү, охинтойгоо сайтар ярилцаж, бас зөвлөөрэй.
Хүүхэд 3-5 наснаасаа хэн нэгэнд туслах нь сайн үйл гэдгийг ойлгож, хайртай дотны хүмүүсдээ туслах гэж оролдох болно. Гэхдээ ихэнхдээ амжилтгүй болдог. Ээж, аав та бүхэн хүү, охиныхоо амжилтгүй тусламжийн үед загнаж зэмлэхгүй байх нь тэдний ирээдүйн харилцааны хөгжил, төлөвшилд хамгийн чухал хувь нэмэр болно гэдгийг сайтар санаж байгаарай.
5 настай хүү, охинтой таны хувьд бас нэг том хариуцлага бол хүүхдийнхээ өөртөө итгэх, өөрийгөө үнэлж, бахархахад нь туслах явдал юм. Иймээс та хүүхдийнхээ,
- асуулт бүхэнд хариулж,
- хүүхдэдээ цаг гарган ярилцаж, тоглож, зугаалж,
- хүүхдийнхээ танд туслах гэсэн хүсэл эрмэлзлэлийг ойлгон хүндэлж харилцаарай. Гэхдээ хамгийн чухал нь ХАЙРЛАХ шүү.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш