Хүүхдийн хооллолт

image

Хөхүүл насны хүүхдэд диатез илрэх нь эх нь жирэмсэн ба хөхүүл үедээ чихэр, ундаа, харшил үүсгэх бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Хүүхдийг бага сартай байхад нь эмчлэн эдгэрүүлэхгүй бол өсч том болох тусам харшил үүсгэгч олон бодистой хавьтах тул эмчилгээ хийхэд төвөгтэй, хэцүү болдог.

Жирэмсэн болон хөхүүл үедээ харшил үүсгэгч бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь диатезээс урьдчилан сэргийлэх, диатез гарсан эхний үед нь эмчлэхэд хялбар болох ач холбогдолтой. Диатезтэй хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахдаа ч харшил үүсгэгч бүтээгдэхүүний талаар мэдсэн мэдлэгээ ашиглаж хоол хийхдээ анхаарах шаардлагатай.

Зарим эх, хүүхэд хувийн онцлогоосоо шалтгаалаад зөвхөн нэг бүтээгдэхүүнд харшил өгдөг ч байж болно. Чухам ямар бүтээгдэхүүнд харшил өгч юунаас болоод байгааг мэдэх нь хамгийн чухал асуудал байдаг. Энэ нь ямар хоол өгөхгүй байх, эмчилгээг юунд чиглүүлэн хийлгэх вэ гэдгийг шийдэх ач холбогдолтой. Харшил үүсгэгч бүтээгдэхүүнийг 3 зэрэгт хуваадаг.

ХАРШИЛ ҮҮСГЭХ ЗЭРГЭЭР ИХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Үнээний цэвэр сүү, өндөг, загас, далайн бүтээгдэхүүн, загасны түрс, улаан буудай, хөх тариа, шар лууван, улаан лооль, чинжүү, зэдгэнэ, бөөрөлзгөнө, киви, хан боргоцой, анар, амтат гуа, жүржийн бүх төрлүүд, цэвэр кофе, дал модны самар, шоколад, мөөг, самар, зөгийн бал орно.

ХАРШИЛ ҮҮСГЭХ ЗЭРГЭЭРЭЭ ДУНД ЗЭРЭГТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Үхэр, тахианы мах, овьёос, вандуй, сагадай буюу гурвалжин будаа, шош, шар буурцаг, цагаан будаа, төмс, хүрэн манжин, тоор, гүйлс, цангис, гадил, интоор, нэрс, үхрийн нүд, нохойн хошуу тус тус ордог.

ХАРШИЛ ҮҮСГЭХ ЗЭРГЭЭРЭЭ БАГА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Исгэлэн сүүн бүтээгдэхүүн, адууны мах, өөхгүй гахайн мах, туранхай хонины мах, цэвэршүүлсэн ургамлын тос, шар, хөц будаа, эрдэнэшиш, цэцэгт байцаа, өргөст хэмх, хурган гуа, ногоон алим, лийр, улаалзгана, яншуй орно.

Хөхүүл эхчүүд дээрх хүнсний зүйлээс харшил бага үүсгэгч эсвэл дээрх жагсаалтад ороогүй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэвэл зохино. Харшил үүсгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг мэдэж байгаа бол 1-2 жилээс доошгүй хугацаанд уг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. 1-2 жилийн дараа уг хүнсний бүтээгдэхүүнийг эхлээд үнэрийг авах, маш бага хэмжээгээр хэрэгдэх зэргээр туршиж үзэх хэрэгтэй. Хэрэв харшлын ямар нэг шинж тэмдэг илэрвэл дахин хэрэглэхгүй байх хугацааг сунгана. Гэхдээ уг хүнсний бүтээгдэхүүнээс ямагт болгоомжилж харшил үүсгэхгүй байсан ч их хэмжээгээр идэж, хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Диатезтай хүүхдийн хөхүүл ээж нь хоолны дэглэмийг хатуу барих ба 6 сартай болоход нь нэмэгдэл хоолонд исгэлэн биш тараг, ногооны нухшаар эхэлж оруулна. Мөн диатезтай хүүхдийн хоолонд давс, чихэр хийж болохгүй цөцгийгөөр хоолыг нь амтална.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх