fbpx

Хүүхдийн хооллолт

image

Амьсгалын замын хурц үрэвсэлд ханиад, шуухниа, томуу, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгаа өвчин тус тус орно.

Эдгээр өвчний үед хүүхдийн биеийн халуун 37.5 хэмээс нэмэгдэхэд бодисын солилцоо идэвхэжсэнээр уургийн задрал ихэсдэг. Энэ үед хүүхэд хоолондоо дургүй болж, нойр нь муудаж, зарим үед огиулах, бөөлжих, баас нь шингэрэх шинж тэмдэг илэрдэг.

Зарим хүүхэд хэт цочромтгой болдог бол зарим хүүхэд хэт ноомой сул болдог. Эдгээр нь амьдралын хэв маяг болон хоолны дэглэм өөрчлөгдөхөд хүргэдэг. Өвчний эдгэрэлт нь өвчний хүнд, хөнгөн, хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвараас хамаардаг. Хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг сайн болгох гол арга нь өвчний үед тэжээллэг, олон нэр төрлийн хоолыг хүүхдийн нас, биеийн ерөнхий байдалд нь тохируулан өгөх юм.

Эхний 2-3 хоногт өвчин хурц явцтай байгаа үед хэрэв хүүхэд эхийн сүүгээрээ хооллож байгаа бол хүүхдийн хөхөлтийн тоог нэмэгдүүлж, нэг удаад хөхүүлэх хугацааг уртасгана. Эхийн сүүгээр хооллодоггүй бол хүүхдийн хэрэглэдэг сүү болон хоолыг өгч, буцалгасан усыг нэмэлтээр өгнө.

6 сар болоод нэмэгдэл хоолонд орсон эхийн сүүгээрээ хооллож байгаа хүүхдэд хоолондоо дургүй бол хөхийг нь ойр ойрхон хөхүүлэх, нэг удаад хөхүүлэх хугацааг уртасгаж, буцалгасан ус, шингэн цайг аягаар өгнө.

Хүүхдийн ходоод гэдсэнд амархан боловсорч шингэх, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, гэдэсний өвчин үүсгэдэггүй нянг хэвийн байлгахад тустай тараг, сүү өгөх хэрэгтэй. 1-ээс дээш насны хүүхдэд хоолыг нь шингэн, хагас шингэн байдлаар бэлтгэж өгнө.

Хүүхдийн хоолой өвдсөн тохиолдолд хурц, давсархаг хоол өгөх хэрэггүй. Ханиаж байгаа бол хатаасан талх, жигнэмэг, хэт чихэрлэг жүүс, жимс өгөхөөс татгалзах хэрэгтэй. Эдгэрэх үед нь хүүхдийг хурдан тэнхрүүлэх, алдсан жинг нөхөхийн тулд илчлэг, тэжээллэг, олон нэр төрлийн хоолоор ойр ойрхон сайн хооллоно.

Хүүхдийн наснаас нь хамааран ээдэм, махны нухаш, өндөгний шартай хоол өгнө. Хэрэв эхийн сүүгээр хооллодог бол ээж нь өөрийнхөө хоолны чанарыг сайжруулан, С аминдэм болон олон төрлийн аминдэм, эрдсийн холимгийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх