fbpx

Мэдээ, мэдээлэл

image

ХХААХҮЯ-ны санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран эх орны хөрсөнд тарьж ургуулсан “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид гурван сарын хугацаанд нийлүүлэх замаар “Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын” судалгааг хийлээ.

2017 оны 12 дугаар сард эхэлсэн судалгаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан. Сонгогдсон цэцэрлэг тус бүрээс 3-5 насны 50 хүүхэд сонгон авч, өдөрт 100 мл шар луувангийн шүүс, луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн, хэрэглээгүй хүүхдийн ялгааг харуулахыг зорьжээ.

Ийнхүү гурван сарын турш үргэлжилсэн судалгаа амжилттай дуусч, өчигдөр (2018.05.08) Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт судалгааны үр дүнгээ танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь судалгааны үр дүнгээ танилцуулж, хүүхэд багачуудад луувангийн шүүс, төрөл бүрийн луувангаар баяжуулсан хоол, хүнс бэлтгэн өгч байхыг зөвлөсөн. “Naval F1”  сортын шар лууванг судалгаанд хэрэглэхийн өмнө дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж, хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх аюулгүй байдлыг баталгаажуулсан болохыг тэрээр дурдсан.

Шар лууван нь эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоол, унданд хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй эслэг, нийлмэл нүүрс ус, антиоксидантууд, эрдэс бодис, аминдэмээр нэн баялаг. Тийм ч учраас хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, нүдний хараа сайжруулах, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, амны хөндийг цэвэрлэх, шүлс ялгаралтыг дэмжих, шүд цоорлоос сэргийлэх зэрэг олон талын ач тустай хүнсний ногоо юм. Цаашлаад хорт хавдар, цусны даралт ихсэх зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бие бялдрын хэмжилтүүдийг шар луувангийн шүүс болон баяжуулсан бүтээгдэхүүн өгөхийн өмнө болон 3 сар хэрэглэсний дараа хийж, тэдний өсөлт хөгжилт, шим тэжээлийн байдлыг үнэлсэн бөгөөд ингэхдээ ДЭМБ-аас 2006 онд шинэчлэн боловсруулсан “Хүүхдийн өсөлтийн стандарт”-ыг баримталсан байна. Судалгааны үр дүнд шар луувангийн шүүсийг гурван сарын турш хэрэглэсэн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэг нөлөөлсөн гэж “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь дүгнэж байна.

Судалгааны явцад дээр дурдсан хоёр цэцэрлэгийн нэг өдрийн хоолонд агуулагдах шим тэжээлийн агууламжийг ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулаад үзэхэд зайлшгүй шаардлагатай зарим аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, жимс, хүнсний ногоог түлхүү оруулах шаардлагатай гэж судалгааны багийнхан үзэж байна. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байж, хүүхэддээ аль болох чихэрлэг амттан, тос ихтэй, шарсан, хуурсан хоол хүнс хэрэглүүлэхгүй байхыг зөвлөлөө.

ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД ШАР ЛУУВАНГИЙН НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН СУДАЛГААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

  • ЕБС, цэцэрлэгүүдийн гал тогоог ногоо, жимсний шүүс гаргадаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, тогооч нарыг ногоо, жимсний шүүс гаргах, хүүхдийн хоолыг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баяжуулах талаар сургаж дадлагажуулах
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах илчлэг, шим тэжээлийн бодисын агууламжийг зөвлөмж хэмжээнд нийцүүлсэн хоолны цэсийг нэгдсэн байдлаар боловсруулан баталж, улсын хэмжээний бүх цэцэрлэгт мөрдүүлж хэвшүүлэх
  • Хүүхдийн өсөлт хөгжилтийн байдлыг антропометрийн хэмжилтүүдээр нарийвчлан судалж, өсөлт хоцрох эрсдэлтэй хүүхдүүдийн хоол, асаргаанд нэмэлт анхаарал тавих
  • Хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь өөрчлөх
  • Хүүхдийн хооллолт, эрүүл мэндийн байдал, оюун ухаан, бие бялдрын өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад цэцэрлэг болон эцэг эхчүүд нягт хамтран ажилладаг байх

Сэтгүүлч Б. Чимэг

Эх сурвалж: ХХААХҮЯ

X
Нэвтрэх