Мэдээ, мэдээлэл

-Хүүхдэдээ сайхан дурсамж үлдээхэд их мөнгө хэрэггүй-

Хүүхдийн баяраар эцэг эхчүүд багачуудаа баярлуулж, төрөл бүрийн үзвэр үйлчилгээ үзүүлж, олон нийтийн газраар дагуулж явахыг хүсдэг. Гэвч талбай, соёл амралтын хүрээлэн, үйлчилгээний газрууд ачаалал ихтэй болдгоос заримдаа зүгээр л гэртээ эсвэл зусландаа үлдэхийг илүүд үзэх хүн ч бий.

Энхрий хонгор үрсдээ тогтмол цагаа зарцуулаад байж чаддаггүй эцэг эхчүүд олон нийтийн газраар хүүхдээ дагуулан явалгүйгээр  цагаа зугаатай өнгөрөөх хөгжилтэй бөгөөд сонирхолтой санаанууд танд санал болгож байна.

Эдгээр нь та бүхнийг улам дотно болгож, хүүхэд насны хамгийн сайхан дурсамж үлдээх болно. Дор дурдсан санааг зөвхөн хүүхдийн баяраар гэлтгүй хэзээд хэрэгжүүлэх  боломжтой билээ.

1. Цаасаар мөрөөдлийн хотхоноо байгуулаарай

Хатуу цаасан хайрцаг ашиглаад байшин болгож, цаасаар цонх, хаалга хайчилж наагаад өөрсдийн төсөөллөөр будаж чимэн мөрөөдлийн байшингаа босгоорой. Ганцхан байшингаар зогсохгүй хотхон байгуулж, бяцхан усан оргилуур, мод зүлэг, тоглоомын талбайг хүүхэдтэйгээ хамт бий болгосноор таны хүүхдэд хэзээ ч мартагдахааргүй  дурсамж үлдэх болно. Мөн дотор нь жижиг тоглоомоор хүүхэдтэйгээ хамт тогловол бүр ч зугаатай байх болов уу


2. Гэртээ тоглолт хийвэл ямар вэ?

Хүүхэд тань дуулах дуртай бол гэртээ тоглолт хийвэл ямар вэ? Танайд хөгжмийн зэмсэг байхгүй, та хөгжим дарж чаддаг эсэх нь тийм ч чухал биш ч гар доорх материал ашиглаад хөгжмийн зэмсэг болгох боломжтой. Ундааны хоосон саванд үрэл хийгээд сэгсэрвэл нэгэн төрлийн шажигнадаг хөгжмийн зэмсэг, лааз эсвэл хуванцар сав, халбага хоёрыг нийлүүлээд бөмбөр болгож болох юм.

3. Зургийн цомог бүтээ

Гэр бүлийнхээ зургууд эсвэл сэтгүүлийн хайчилбар ашиглан хүүхэдтэйгээ хамт зургийн цомог, хүсэл мөрөөдлийнх нь цоморлогийг бүтээж болно.


4. Дэлхийн улс орнууд, үндэстэн ястнуудыг танилцуул

Гэртээ дээл хувцсаа өмсөөд ардын аман зохиолоос хүүхдэдээ уншиж өгч, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав хэлэлцэж болно.

Мөн олон орны, жишээ нь дан Япон эсвэл Солонгос маягаар хувцаслаад /байгаа хувцсаа кимоно, ханбүг болгох/ тухайн үндэстэн хэрхэн биеэ авч явдгийг жүжиглэн үзүүлэх, япон, солонгос хоол идэх, бүжиг бүжиглэх, тухайн орны талаар хүүхдэдээ ярьж өгч болно.

Энэ нь таны хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх, мөн цагийг хөгжилтэй өнгөрөөхөд тус болно.

5. Ямар нэг зүйл хамтдаа буд

Хэрвээ та зуслангийн байшиндаа цагийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөөгүй байгаа бол хашааныхаа дотор талыг тод өнгөөр хүүхэдтэйгээ хамт будаарай. Үргэлж шинэ зүйл турших дуртай хүүхэд багачуудад үүнийг ажил гэхээс илүү зугаа гэж харах болно.

6. Шувууны үүр хийвэл ямар вэ

Хүүхэдтэйгээ хамт шувууны үүр хийгээд, үүрэнд амьдрах  шувуудын талаар ярьж өгвөл хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдэх болно. Заавал мод ашиглахгүйгээр гарын доорх хуванцар ундааны сав, лаазанд өвс дэвсээд модонд утсаар зүүж болно.


7. Хамтдаа зураг зур

Юу ч байж болно. Та тийм ч сайн зураач биш байж болох ч хүүхдэдээ хамгийн сайн аав ээж, зураач, зааварлагч, зөвлөгч нь байх болно. Хамтдаа хийсэн юм бүхэн үнэ цэнэтэй байдаг. Томхон цаасан дээр өөрсдийн бүтээлийг туурвиарай.

8. "60 секунд" тоглоом тоглох

Хүүхэдтэйгээ хөгжөөнт танин мэдэхүйн "60 секунд" (үг таадаг) тоглоомыг тоглож болох юм. Энэ нь таны хүүхдийн оюуны хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хүүхдийн үгийн сан ч нэмэгддэг. Та appstore болон playstore-оос энэхүү тоглоомыг гар утсандаа татан авч суулгаарай.

9. Орчноо танилцуул

Хүрээлэн буй орчныхоо талаар хүүхэдтэйгээ ярилцаарай. Юу ч байж болно  үнэр, чимээ, өнгө… Таны хүүхдэд бүх л зүйл содон сонирхолтой байдаг.

10. Амьтдын ертөнцтэй танилцуул

Цэцэрлэгт хүрээлэнд явж байгаа ямар нэг шавьж ч байж болно. Тухайн амьтан шавьж юугаар хооллодог хэрхэн үрждэг, зулзгыг нь юу гэж нэрлэдэг гэх мэт. Хүүхэд тань эргэлдэн нисэх эрвээхэйтэй танилцаад хэчнээн баяр хөөртэй байх болно.

11. Цэцэг мод тарь

Та хашаандаа цэцэг мод,  жимс ногоо тарьдаг бол хүүхэдтэйгээ хамт арчлаарай. Хамтдаа хэрхэн ургаж байгааг ажиглаж, дараа нь оройн хоолондоо хашаандаа ургуулсан ногооны салат идвэл ямар вэ? Зөвхөн хашаа гэлтгүй орон сууцанд амьдардаг бол тасалгааны цэцэг, ногоог хүүхэдтэйгээ хамт таривал хүүхэд тань шинэ зүйл сурч мэдэх болно.


12. Хамтдаа хоол, амттан бэлтгээрэй

Хүүхэд маань чадахгүй эсвэл завааруулдаг гэж бүү бод. Харин ч энд тэнд гурил асгасан бол эергээр харж, хүүхэд тань нэг ч гэсэн шинэ зүйл хийж сурч байгааг та олж харах болно. Сайхан хоол амттан хамтдаа бэлтгэхээс гадна хүүхэдтэйгээ хамт гоёмсог ширээ засаад хоолоо идэж болно.


13. Цэвэрлэгээ

Баярын өдөр яагаад цэвэрлэгээ хийж болохгүй гэж? Гол нь хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа л хамгийн үнэ цэнэтэй гэдгийг бүү мартаарай. Зуны дулаахан өдөр учраас та хүүхэдтэйгээ цэцэрлэгт хүрээлэн, хашаа хороо, ойн мод, уулын бэлд очоод хог түүж байгаль дэлхийдээ бэлэг барьж болно. Энэ нь таны хүүхдэд байгаль дэлхийгээ хайрлах зөв төлөвшил суулгана.


14. Усаар байлд

Хүүхэдтэйгээ бага насаа дурсаад усаар байлдахаас битгий цааргалаарай! Усаар байлдахаар хэчнээн хөгжилтэй байдаг билээ. Гэхдээ мэдээж цаг агаарын байдлыг бодолцох хэрэгтэй.

15. Эрдэнэсийн эрэлд тоглоом тоглох

Гэртээ ямар нэг эд зүйл, тоглоом нууж, энгийн дүрэм зохиогоод хайж олоорой. Иймэрхүү тоглоомууд хэзээд зугаатай байдаг

16. Хүүхэлдэйн кино үзэх

Заавал кино театр гэлтгүй гэртээ тохилог орчин бүрдүүлээд, хөшгөө хааж урдаа төрөл бүрийн амттан, жимс жимсгэнэ тавиад хүүхэлдэйн кино хамт үзээрэй.

17. Хамтдаа дасгал хийх

Дасгал хийх юу нь хөгжилтэй байна вэ гэж та гайхаж магадгүй. Өглөөнөөс эхлээд л цагийг зугаатай өнгөрөөе гэвэл йогийн дасгал шиг сонин содон дасгалууд хийж, тэнцвэрээ олох, нэг хөл дээрээ зогсох зэргийг та хүүхдэдээ зааж нэг ёсондоо биеийн тамирын багшийн дүрд хувирч болох юм. Харин дараа нь хүүхдээ багш болгоорой.

18. Гэрийн салон

Энэ нь охидод илүү зугаатай хөгжилтэй байж болох юм. Та охинтойгоо хамт нүүр гарандаа ээлжилж иллэг хийж, хумсаа бодож, үсээ янзалж, нүүрээ будаад л... Мэдээж хүүхдийн арьсанд хоргүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

19. Хүүхэлдэйн театр

Төрөл бүрийн өнгийн оймс ашиглаад товчоор нүд ам хатган хийж, бусдыг нь фломастераар будаж зураад үлгэрийн баатар хийж, үлгэр тоглож болно. Хүүхэдтэйгээ хамт үлгэр зохиовол бүр ч сонирхолтой.


20. Ном уншиж өгөх

Хүүхдэдээ шинэ ном уншиж өгөх, эсвэл насны онцлогоос нь хамаарч хамтдаа ном уншаад  мэдэхгүй үгийг нь тайлбарлаж өгөөрэй. Хөгжилтэй байлгахын тулд инээдтэй үгнүүд сонгох, эсвэл инээдтэй жишээнүүдээр тайлбарлаж өгч болно.

21. Хамтдаа бүтээлч ном дээр ажиллах

Үгийн сүлжээ бөглөх хэзээд зугаатай байдаг. Хэрвээ таны хүүхэд үсэг тоо сурсан бол "Маамуу" хөгжүүлэх хүүхдийн номын үгийн сүлжээ бөглөх, өнгөөр будах, үсэг бичих зэрэг далгаврууд дээр хамтдаа ажиллаж болох юм. Харин хараахан уншиж бичиж сураагүй бяцхан хүүхдүүд стикер номын зураг эвлүүлэх, Аами Тамигийн борооны хувцсыг наалддаг зурагнаас авч "өмсүүлэх", ялгаа олох зэрэг сонирхолтой даалгавруудыг хамтран хийгээрэй.


Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх