fbpx

Боловсрол

image

Аав ээж бүхэн хүүхдээ сайн хүн болоосой, сайн  суралцаасай гэж хүсдэг. Үүний тулд хүүхдийг сургуульд элсэн орохын өмнө дараах зүйлсийг энэ зун хийж амжуулаарай.

  • Та хүүхдээ сургуульд элсэн орох бэлтгэл болгон хүүхдтэйгээ юу юу хийхээ төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал хүүхэдтэйгээ сургуулийн хашаагаар зугаалах, аялах, гүйх зэргээр сургуулийн орчинтой танилуулаарай. Мөн мөхөөлдөс идэнгээ нэгдүгээр ангид анх элсэн орсон дурсамжаа хуваалцах нь түүнд тун их таалагдана. Хөршүүдийнхээ энэ жил сургуульд орох найзтай нь хамт тоглуулж ч болох юм. Та боломжтой бол хичээл эхлэхээс өмнө хүүхдээ дагуулан сургууль дээр ирж анги танхимаар нь зочлоорой.
  • Хамтдаа өглөөний цай ууж, энэ долоо хоног, энэ сар, нэгдүгээр ангид орсон жилээ юу хийж болох талаар асууж ярилцан, мартахгүйн тулд товч тэмдэглээрэй.
  • Сургуульд элсэн ороход ямар нэг санаа зовж байгаа зүйл байгаа эсэхийг нь асууж, түүнийг нь хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцаарай.
  • Сургуульд элсэн орохоос өмнө хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, шүдийг нь заавал эмчид үзүүлээрэй. Мөн шүдээ угаах, гарын ариун цэврийн талаар зөвлөгөө өгч, ярилцаарай.
  • Долоо хоногт 1-2 удаа хүүхдийнхээ дуртай тоглоомоор хамтран тоглох, бага насных нь зургийг үзүүлж хөгжөөнтэй түүхээс нь ярьж өгөх зэргээр дотно байх хэрэгтэй. Тоглоомоор нь дамжуулж өнгө, хэлбэр дүрс, том, жижиг зэрэг ойлголтыг таниулан урамшуулаарай.
  • Хүүхдээ зураг зурахад нь туслаарай. Тэгээд гэртээ жижиг үзэсгэлэн гаргасан ч болно. Хүүхдийнхээ гаргасан бага ч гэсэн амжилтыг байнга урамшуулах нь ач холбогдолтой.
  • Хүүхдэдээ өдөр бүр ном уншиж өгөх хугацаа гаргаж байх нь номонд дурлах, сонирхох эхний алхам нь болно. Хүүхэдтэйгээ хамт дэлгүүрээс номыг нь сонгоорой. Өдөр бүр хүүхдэдээ сонирхсон номыг нь 5-10 минут уншиж өгөөд дараа нь номын зурган дээр ярилцахыг хичээгээрэй.
  • Хүүхэдтэйгээ хамтдаа өглөөний цай, оройн хоолоо бэлтгэж, ногоо, жимс, сүү, цагаан идээний ач холбогдлын талаар ярилцаарай.
  • Харандааг зөв бариулж сургах, зуруулж, будуулж сургах нь сургуулийн өмнөх чухал бэлтгэл болно. Учир нь харандаагаар зурж, будах нь үзэг барьж сурах анхны алхам болдог. Хэдийгээр цэцэрлэгт энэ төрлийн хичээл ордог ч тусгайлан анхаарах хэрэгтэй.
  • Хүүхдэд сонирхолтой, ойр байгаа эд зүйлийг тоолуулаарай. Гэхдээ заавал зөв бурууд анхаарах биш, харин сонирхлыг нь өдөөх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхдэд сонирхолтой байвал тоог нэмэгдүүлэх, хорогдуулах дасгал хийлгэж болно.
  • Хүүхдийн чадварт тохирсон сонирхолтой ажлуудыг даалгаарай. Тухайлбал аяга угаах, хувцсаа эвхэх, гутлаа үдэх, үйлчилгээний газар ариун цэврийн өрөөнд үйлчлүүлэх зэрэг байж болох юм.

Зөвлөх: БСШУСЯ, Японы Хүүхдийг ивээх сан /"Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр"/

X
Нэвтрэх