Загварлаг бус хувцсуудыг өөрчлөн хүүхдүүдээ хувцасладаг “хэмнэлттэй” бүсгүй
Дэлхий дээрх нүүрстөрөгчийн хаягдлын 10 хувийг хувцасны үйлдвэрлэл эзэлдэг ба энэ нь дэлхийн аж үйлдвэрийн хоёр дахь томоохон бохирдол болсоор байна. Нэгдүгээрт газрын тос ордог.
Гэвч энэ нь төдийлөн олны анхаарлыг татдаггүй харин хуванцар сав, материалийн хаягдал эсвэл хөдөө аж ахуйн буруу бодлого л байгалийг сүйтгэж байна гэж боддог. Угтаа бол хувцасны хаягдал бидний хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байдаг. Дунджаар нэг Америк хүн гэхэд л жилд 31 кг хувцас хаядаг гэсэн судалгаа бий.
Дэлхий нийтийн хэрэглээ ихсэхийн хэрээр зарим нь минималист буюу арвилан хямгадах үзэлтэй болсоор байна. Энэ мэдээж маш олон талын давуу талтай. Өрхийн эдийн засаг хэмнэхээс гадна дээр дурдсан сөрөг үр дагаварыг бага атугай бууруулж эх дэлхийдээ ээлтэй хандаж буйн нэг илрэл юм.
Яг одоо танд танилцуулах бүсгүй бол гурван хүүхдийн ээж Сара Тя юм. Тэрээр загварын хувьсан өөрчлөлтөд санаа зовж бусдаас хоцрох вий гэж айдаггүй, хуучин хувцаснуудыг ашиглан өөрт эвтэйхэн хувцсаа хийгээд өмсчихөөс гадна гурван хүүхдээ ч хувцаслачихдаг аж. Сара анхны охиноо төрсөн цагаас эхлэн хуучин хувцсыг шинэ загвараар өөрчилж оёдог болжээ. Мөнгө хэмнэж эхэлснээр “Сайхан харагд, сайхныг мэдэр, сайн сайхныг хий” гэсэн уриатайгаар амьдарч болно гэж тэрээр хэлжээ.
Тэрээр томдсон хуримын даашинзыг өөрт таарсан зуны даашинз, нөхрийнхөө өмсөхөө байсан цамцаар охиндоо болон өөртөө загварлаг даашинзнуудыг хийсэн гээд зуу, зуун хувцасыг өөрчлөн оёжээ. Тэрээр инстаграм хаягтаа 137 мянган дагагчтай бөгөөд ютүб суваг дээр хувцсыг хэрхэн өөрчлөх талаарх заавар зөвлөгөөг хүргэдэг аж. Магадгүй та ч мөн түүнээс санаа авч арвилан хямгадах зангаар өрхийн хэрэглээндээ нэг хандаад үзээрэй.
Сэтгүүлч Б.Сондор