fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Арваннэгдүгээр сараас эхлэн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхэлнэ.

Тээврийн цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” ТББ-аас санаачилан зохион байгуулж буй уг аянд нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, асран хамгаалагч буюу “Kinder police”-ууд оролцох юм.

Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, асран хамгаалагч оролцоно

Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсох бус хүүхдээ хүргэж ирж буй эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх, мөн цэцэрлэгт ирж буй эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллана.

Эргүүлээр ажиллах эцэг, эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлага зэргээр хангах юм.

Аян хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор өчигдөр Тээврийн цагдаагийн албанаас Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацитай хамтран видео сургалтыг бэлтгэжээ.

Сургалт

  • Хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах,
  • Хүүхдийн авто машины суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө,
  • Хүүхдийн авто машины суудал нь зам тээврийн осол гарах үед хүүхдийг хэрхэн хамгаалдаг талаар мэдлэг олгох,
  • Blind spot буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг багтаасан байна.
X
Нэвтрэх