Жишээ 1:
Долоон настай Тулгаа хүүгийн санаанд нэг мэргэн санаа харван орж, түүнийгээ ээж аавтайгаа хуваалцах сан гэхээс сэтгэл нь маш их хөдөлж, аав руугаа гүйн очлоо. "Аав аа" хэмээн харайсаар очтол аав нь түүн рүү харах ч үгүйгээр утсаа ширтсэн хэвээр "за за, цаашаа очоод ээждээ хэлчих аав нь завгүй байна" хэмээв. Хэрвээ аав нь Тулгаа хүү рүү хоромхон ч болов харсан бол хүүгийнх нь нүд хэрхэн гэрэлтэж байсныг, цаашаа цаашаа хэмээхэд нь тэрхүү гэрэл хэрхэн унтарч, урам нь хугарахыг олж харах байлаа.
Та аав, ээж бол үр хүүхдийнхээ урмыг битгий хугалж байгаарай. Бяцхан зүрхэнд нь гомдол хуруулж, эргэн эргэн санагдах толбо үүсгэхгүйг хичээх нь ээж, аавын эрхэм үүрэг юм.
Жишээ 2:
Солонгоод үерхдэг хөвгүүн нь бэлгийн харилцаанд орох санал тавьсан. Саналд нь бодож үзэх хариу өгсөн ч, хариуг нь авахын тулд маргааш орой нь 19 цагт уулзъя гэсэн. Уулзах уу, яах вэ гэдэг бодол Солонгоогийн сэтгэлийг зовооно. Аймаар санагдана. Гэвч үгүй гээд хэлчихвэл түүнтэй ярилцдаг, яриаг нь сонсдог, бас ч хааяа халамжилдаг ганц хүн нь түүнийг хаяад явчих вий гэхээс эмээнэ. Тэр энэ талаараа ээжтэйгээ яримаар байгаа ч түүнийг тоохгүй байх вий, юу гэхийг нь ч сонсохгүй шууд л хашгичин загнах вий, аавд нь хэлж бүр том хэрэг мандуулах вий гэхээс айна. Тиймээс тэр өөрөө шийдвэр гаргахыг хүсчээ...
ГАНЦААРДМАЛ, ХАЯГДСАН МЭТ ДҮР ЗУРАГ БАГА НАСНЫ ХАМГИЙН ТААГҮЙ, АЙМШИГТАЙ ДУРСАМЖ БОЛЖ ҮЛДДЭГ
Аав нь эсвэл ээж нь хүссэн асуултад нь хариулаагүй, ярилцахгүй байх, өрөөнд нь ганцааранг нь орхиж, хүйтэн харцаар харах гэх мэт бага насны дурсамж насанд хүрэгчдийн ихэнхэд нь үлдсэн байх.
Үл хайхрах нь хүүхдийн тархины хөгжилд таагүй нөлөө үзүүлж, сэтгэлзүйг нь гэмтээдэг аж.
Тийм цаг мөчид хүүхэд өөрийгөө ганцаардмал, хаягдсан мэтээр мэдэрдэг бол эцэг эх нь харин хүүхдээ хүмүүжүүлж байна гэж эндүүрдэг.
Судалгаагаар хүмүүс тийм дүр зургуудыг хүүхэд насны хамгийн таагүй, хүнд хэцүү аймшигтай дурсамж хэмээн үздэг ажээ. Үнэн хэрэгтээ эцэг эхчүүд хүүхдээ санаатай бөгөөд санамсаргүйгээр үл хайхарч байгаагийн хэлбэр гэнэ.
Үл хайхрах нь хүүхдийн тархины хөгжилд таагүй нөлөө үзүүлж, сэтгэлзүйг нь гэмтээдэг аж.
Тиймээс хүүхдэдээ үргэлж анхаарал тавьж байх нь чухал.
Хамгийн гол нь ийм зан гаргаж байгаа нь болохгүй гэдгийг хүүхдэд ойлгуулах ёстой, хүүхэд өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой.
ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦ, ХҮСЭЛ СОНИРХЛЫГ НЬ СОНС
Тиймээс үл хайхрах хүчирхийллээс зайлсхийх, түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
- Эцэг эх хүүхэд хүмүүжлийн арга барилаа өөрчлөх, хүүхдэдээ анхаарал халамж тавих
- Хүүхдийн анхдагч хэрэгцээ хангагдаж байгаа эсэхэд анхаарал хандуулах
- Хүүхдийн эрүүл мэнд хэвийн эсэх, сургууль дээрээ хэрхэн биеэ авч явж байгаад анхаарах, сурч хөгжих боломж бүрэн хангагдаж байгаа эсэхэд анхаарал хандуулах
- Хүүхдийнхээ сэтгэл санааг хуваалцах, ярилцах, хүсэл сонирхлыг нь сонсох
- Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө, дэмжлэг авах
- Хэн нэгний хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэдгийг мэдсэн бол цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын байгууллага, хорооны нийгмийн ажилтанд хандах
- Хүүхдүүд 108 утсанд хандах
- Хүүхдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх
- Хороо, хамтарсан баг тухайн хүүхдэд анхаарал хандуулах, гэр бүлийн орчныг судлах
- Шаардлагатай бол хүүхдийг тусгаарлах, хамгаалалтад авах
"ЭЭЖ, ААВ ХОЁР МААНЬ ХҮҮТЭЙ БОЛОХ ГЭТЭЛ БИ ТӨРЧИХСӨН ГЭСЭН"
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Хүүхдийн сэтгэл зүйч Б.Донжилам
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Хүүхдийн сэтгэл зүйч Б.Донжиламаас үл хайхрах хүчирхийллийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллагын хамгаалалтад орсон хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд хэр их өртсөн байдаг вэ?
-Зөвхөн манайд ирж байгаа хүүхдүүд бараг бүгд үл хайхрагдсан. Үл хайхрагдаад байгаа учраас бусад хүчирхийллийн хэлбэрт өртөж, гэмт хэргийн золиос болж байна гэж үздэг. Манайд анх ирэхдээ бие махбодийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн гээд ирдэг. Орчин нөхцөл, суурийг нь аваад үзэхэд анхнаасаа үл хайхрагдсан байдаг. Тэр нь гэхдээ санаатай болон санамсаргүй байдлаар юм болов уу гэж би харж байна.
Санаатай байдлаар үл хайхрах хүчирхийлэлд өртүүлээд байна гэдэгт өргөж авсан хүүхэд, нөхөр эхнэрийн дагавар хүүхдүүд, эсвэл анхнаасаа тэр хүүхдийг хүсээгүй, аав нь байдаггүй, аавтай нь сөрөг харилцаатай байсан, ааваас нь салсан учраас тухайн хүүхдээ үзэн яддаг, хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл хүүхдээ хүйсийнх нь хувьд хүлээн зөвшөөрөөгүй байх жишээтэй.
“Манай ээж аав хоёр уг нь хүүтэй болмоор байсан гэсэн. Гэтэл би охин төрчихсөн” гэдэг. Тэр хүүхдэд анхнаасаа гологдсон мэдрэмж төрчихсөн байгаа юм. Тэр бас л үл хайхрах хүчирхийлэл.
Боломжийн амьдралтай, санхүүгийн хувьд асуудалгүй, эцэг эх нь боломжийн ажил мэргэжилтэй айлын хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.
-Үл хайхрагдсан хүүхдийн сэтгэл зүй ямар байдаг вэ?
-Хүний анхдагч хэрэгцээ болох хоол хүнс, сурч боловсрох хэрэгцээ, бусдаар хайрлуулах, бусдыг хайрлах хэрэгцээ байна. Бага наснаас нь эхлээд тэдгээр анхдагч хэрэгцээ бүрэн хангагдаагүйн улмаас томроод дараа дараагийн хэрэгцээ бий болох нөхцөл нь бүрдэхгүй байна.
Наад зах нь архины хамааралтай эцэг эхтэй хүүхэд байлаа гэж бодоход ээнэгшил гэдэг зүйл үүсээгүй байдаг. Тэрнээс үүдэлтэй нийгэм сэтгэлзүйн хувьд дасан зохицох чадваргүй, гэр бүлээсээ авах ёстой халуун дулаан уур амьсгал дутмаг, өөрийгөө мэдрээгүй, хайрлуулах, халамжлуулах мэдрэмж анхнаасаа үүсээгүй. Тэрнээс болоод өөртөө итгэлгүй байх, өөрийн үнэлэмж нь буурах гэх мэт сөрөг талууд илэрдэг.
-Гадуур дагуулж явж байхдаа хүүхдээ толгой нүцгэн явуулах зэргийг хүртэл үл хайхрах хүчирхийлэлд тооцдог юм билээ?
-Тийм. Хамгийн наад захын хэрэгцээ нь бүрэн хангагдаж байж дараагийн шатны нийгэм сэтгэлзүйн хэрэгцээ хангагдах боломж бий болно. Анхнаасаа үл хайхрагдсан, эцэг эхийн хайр халамж үзээгүй, эхийнхээ хөхийг хөхөөгүй өссөн хүүхдүүд томроод нийгэмших, том хүрээлэлд ороод ирэхээрээ бэлэн биш, өмнө нь тийм хэрэгцээ нь үүсээгүй, тэрийг хүлээн авах чадваргүй байдаг.
-Үл хайхрах хүчирхийлэл даамжирсаар юунд хүргэдэг вэ. Хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Сэтгэлзүйн хувьд тэнцвэргүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тэр хүнийг бусад хүн хүлээн зөвшөөрөөгүй байна гэдэг тухайн хүүхдэд маш аймшигтай зүйл. “Би угаасаа хэн ч биш, хэнд ч хэрэггүй, би анхнаасаа аав ээжийнхээ алдаа байсан юм байна. Би төрөх ёсгүй байсан юм байна” гэж боддог.
Үл хайхрах хүчирхийллийн үр нөлөө 10-аас дээш насанд нь илэрдэг.
Ээж аав нь тэр хүүхдэд байнга хараа хяналт тавиад байдаггүй учраас тэр дундаас завсар гараад ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг. Тэгснээр өмнөх тэр таагүй мэдрэмжийг улам хүчтэй болгож байна гэсэн үг. Ингээд өөрийгөө бузарлагдсан, би хэрэггүй, намайг хэн ч хайрладаггүй, хайхардаггүй гэж боддог. Тийм зүйлээс болоод хүүхдүүд хүүхдүүд гадуур амьдардаг, гэрээсээ дайждаг, гэмт хэрэгт холбогддог.
-Хүүхдийг ийм гачигдалтай амьдруулж байгаа гэр бүлүүдийн амьдралын түвшин доогуур байгаатай холбоотой юу. Боломжийн амьдралтай гэр бүлүүдэд үл хайхрах хүчирхийлэл ажиглагдаж байна уу?
-Боломжийн амьдралтай, санхүүгийн хувьд асуудалгүй, эцэг эх нь боломжийн ажил мэргэжилтэй айлын хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна. Гэхдээ тэр нь ихэвчлэн 10-аас дээш насанд нь илэрдэг. Ялангуяа материаллаг зүйлүүд нь байдаг ч сэтгэлзүйн хэрэгцээ шаардлага хангагдаагүй байдаг. Эцэг эхчүүд өөрсдийн хүссэнээр хүүхдээ өсгөж, тухайн хүүхдэд сонголт хийх эрх чөлөөг нь олгодоггүй.
Хүүхэдтэйгээ зөвлөгчийн байр сууринаас биш илүү ойр дотно найз нөхрийн үүднээс харилцвал итгэлцэл үүсгэж чадна.
-Хүүхэд томчуудаас ямар харилцааг хүсдэг юм бэ?
-Хайр халамж. Уг нь эцэг эхчүүд хүүхдээ хайрладаггүй биш хайрладаг. Гэхдээ тэрийгээ зөв ойлгуулж чаддаггүй. Хүүхэдтэйгээ ярилцаад юу хүсээд байна, яагаад ингээд байгаа талаар ойлголцохгүй, зөвхөн би гэдэг үүднээс хандаад байдаг юм болов уу.
-Хүүхэдтэйгээ ярилцъя гэхээр ярихгүй байна гэдэг. Тийм үед яаж хүүхдээ нээж харилцах вэ?
-Тийм нөхцөлд зөвлөгчийн байр сууринаас биш илүү ойр дотно найз нөхрийн үүднээс харилцвал итгэлцэл үүсгэж чадна. Магадгүй ижил нэг зүйлийг сонирхдог бол тухайн зүйлийнхээ тухай ярьдаг, тэрийгээ хийдэг, хийгээд явж байх үйл явц дундаа тэр талаар ярилцдаг, асуудаг байвал илүү амар байдаг.
Сэтгүүлч А.Наранцацрал