ХӨСҮТ: Түргэн хоолны газарт хордсон гэх иргэдийн хамгийн бага нь 3 настай хүүхэд байна
Хоолны хордлогын талаар ХӨСҮТ-өөс тодруулга авч байна.
ХӨСҮТ ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Энэ сарын 12-нд нэг гэр бүлийн 5 хүн KFC түргэн хоолны газарт хооллоод, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул манай эмнэлэгт хандан, зөвлөгөө аваад буцсан.
Өвчтөнүүдийн 3 хоногийн турш хэрэглэсэн хүнсийг судалж, шинжилдэг. Тэднээс аман асуулга авч, заримыг нь гадуур буюу өрхийн эмчийн хяналтад байлгасан. Зарим нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Урьдчилсан байдлаар тэдгээр 20 өвчтөнөөс бүгдээс нь яг адилхан буюу шигэл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм.
Хоолны хордлогын халдварын үед сэжиглэж буй хүнсний бүтээгдэхүүний нян, өвчтөнөөс илэрсэн нян ижил байх ёстой. Энэ тохиолдолд тухайн түргэн хоолны газраас хордсон гэж дүгнэнэ. Одоогоор хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариу гараагүй байна.
Түргэн хоолны газрын ажилтнуудаас авсан шинжилгээний дүн ирэх долоо хоногт гарна.
Одоо 37 хүн манай эмнэлэгт байна. Урд шөнө 10-аад хүн нэмж ирлээ. Бүх өвчтөний биеийн байдал нь харьцангуй хөнгөн байна. Гадуур яриад байгаа шиг ухаан алдсан хүн ирээгүй. Бөөлжсөн, халуурсан шинж тэмдэгтэй ирцгээсэн. Хамгийн бага нь 3 настай хүүхэд байна. 3-14 насны арваад хүүхэд бий. Өвчтөн яагаад нэмэгдэж байна гэхээр гэртээ өөрсдөө эмчлэх гэж цаг алдсан байсан.
Бид энэ сарын 12-нд анхны мэдээллийг хүлээн авсан.
Сэтгүүлч Р.Адъяасүрэн