fbpx

Хүмүүжил

image

Хүн самар цөмөхөд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг. Ингэснээр тархи амарч, алжаал тайлагддаг тухай судалгаа бий. Үүнтэй адил зураг зурах, оригами хийх, баримлын шавраар бүтээл урлахад бас хүүхэд, томчуудын стресс тайлагддаг байна. Нэн ялангуяа хүүхдүүд бусдад сэтгэлээ уудалж, тулгамдсан асуудлаа ярьж чаддаггүй учир ийм байдлаар стрессээ тайлах хэрэгтэй байдаг ажээ.

Олон улсын судлаачид хүмүүсээс “Хүн илүү нүдтэй бол тэр нь хаана байгаасай гэж хүсэж байна” гэж асуужээ. Насанд хүрэгчдийн дийлэнх нь дагзандаа гэж хариулсан бол хүүхдүүд хуруун дээрээ нүдтэй болохыг хүссэн байна. Үүнийгээ тэд “Би хуруун дээрээ нүдтэй бол хуруугаа хөдөлгөөд хаашаа ч харж чадна” хэмээн тайлбарлажээ.

Томчууд бидний олж хардаггүй, эсвэл анзаардаггүй зүйлсийг хүүхдүүд сайн мэддэгийн нэг жишээ энэ. Түүнчлэн хүүхдүүд томчуудыг бодвол бүтээлч сэтгэлгээ маш өндөр. Тэд даавуу нөмрөөд л супер баатар, шүүр унаад л шулмас болж, хорвоог томчуудаас ч олон өнгөөр хардаг.

Тэгвэл яагаад том болох тусам бүтээлч сэтгэлгээ буурдаг вэ? Зургийн багш хүүхдүүдэд байгаль зур гэвэл ангийн ихэнх нь шар өнгөтэй нар, ногоон уул, цэнхэр үүл, цэнхэр гол, цагаан гэр, саарал утаа, бор хашаа, цагаан хонь, улаан цэцэг зурдаг шүү дээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс “хайрцаглагдах” гэдэг. Тэд хүүхдүүдийг будгийн ном будахдаа зурааснаас хальж, зураг зурахдаа дүрэмгүй байхыг зөвлөж байна.

Ютагийн их сургуулийн профессор, нэрт зохиолч, шүүмжлэгч Орсон Скотт Кард “Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хэрхэн хамгаалж үлдэх вэ” сэдвээр TED-ийн хуралд илтгэл тавьжээ.

Энэ үеэрээ “Хүүхэд болон насанд хүрэгчдийн бүтээлч сэтгэлгээг хадгалахын тулд бие даан суралцуулж, хийж байгаа зүйлд нь дуртай болгох хэрэгтэй хэмээн зөвлөлөө. Америкийн нэрт сэтгүүлч Жюдит Мартин “Ямар ч хүүхэд тоглолттой өдрөө шүүмжлэл сонсох ёсгүй” хэмээсэн байдаг. “Үүнийг эцэг, эхчүүд маш сайн дагаж мөрдвөл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг “хайрцаглахгүй” байх боломжтой” гэж Орсон Скотт Кард зөвлөлөө.

Сэтгэл судлаач Х.Хандсүрэн эцэг, эхчүүдийг хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэйг онцлов. Тэрбээр “Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд урлагтай ойр байлгах хэрэгтэй. Урлагтай ойр байдаг хүүхэд өөртөө итгэлтэй, нэр хүндтэй, манлайлагч болдог. Мөн бусдаас сайн сайхныг олж хардаг, өөрөөрөө бахархдаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөдрөг болно” гэв. Барууны сэтгэл судлаачид хүүхдийг төрсөн цагаас нь хувь хүн, өөрийн гэсэн үнэ цэнэтэй гэж үздэг. Сүүлийн үед олон улсад уран зургаар хүүхэд төдийгүй, том хүнийг эмчлэх сэтгэлзүйн эмчилгээ дэлгэрч байна. Ялангуяа абстракт зураг зурахад хүүхэд болоод том хүний дотоод бухимдал гадагшилж, өөрийгөө таньдаг.

Түүнчлэн хүүхдийг зурсан зургаар нь оношлох, эмчлэх сэтгэл зүйн клиник арга дэлгэрч байгааг сэтгэл судлаач Х.Хандсүрэн хэллээ. Тэрбээр “Хүүхдээр эхлээд хүссэн зургийг нь, дараа нь гэр бүлийнхнийг нь зуруулдаг. Тэгэхэд хүүхэд гэр бүлийн байдлаа өөрийн сэтгэлзүйн өнцгөөс зурдаг юм. Энэ маягаар сэтгэлзүйг нь оношлох, цаашлаад хүчирхийлэлд өртсөн хүүхдийг зураг зуруулж эмчлэх арга хүүхдийн сэтгэл судлалын салбарт түгээмэл” гэв.

Японы хүүхдийн сэтгэл судлаач Масаро Ибукагийн “Гурван нас хүрэхэд оройтно” номонд хүүхдийг хүчилж, өөрийн санал бодлоо тулгаж болохгүй. Хүүхэд ном урж, ханан дээр зурж байгаа нь дэггүйтэх гэсэндээ биш, ертөнцийг таньж мэдэж байгаа нь л тэр. Хүүхдийг ажиглаж, таньж мэдэх хэрэгтэй тухай бичсэн байдаг. Хүүхдийг байнга хорьж, цагдвал бүтээлч сэтгэхүйг нь унагах магадлалтай ажээ.

 

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх