Уралдаан, тэмцээнд оролцогч хүүхдүүд тэнцсэн, тэнцээгүй үнэлгээний хооронд дэнсэлж, авьяас билгээ шавхан өрсөлдөж, ялалт, ялагдлын амтыг мэдэрч төлөвшсөөр байдаг. Хүүхдүүдийн ард мэдээж тэднийг бүхий л талаар дэмжин тэтгэх аав ээж, сургаж дасгалжуулах багш нар бий.
Аль болох бага насанд нь хүүхдийнхээ авьяасыг илрүүлж, чадварыг нь хөгжүүлж чадвал эцэг, эх та ирээдүйд амжилттай суралцаж, үр бүтээлтэй ажиллах иргэнийг өсгөн хүмүүжүүлж байна гэдэгтээ итгэлтэй байж болно. Хүүхдийн хөгжил төлөвшил нь түүний авьяас билгийн хөгжүүлэн төлөвшүүлэх тухай онол сургаалын үндсийг сэтгэл судлалын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид дэвшүүлэн, сургалт хүмүүжлийн ажилд бүтээлчээр хэрэгжүүлсэн байдаг. Товчхондоо, авьяас нь аливаа үйлийг амжилттай гүйцэтгэх чадвар юм. Иймээс хүүхэд өөрийнхөө үйлдлээрээ өөрийгөө ухаарах, ойлгох, ухамсарлаж сурснаар зорилго чиглэлтэй, бие даасан нэгэн болж төлөвшдөг ажээ.
Иймээс эцэг эхчүүд, ялангуяа залуу гэр бүл хүүхдийнхээ нас, бие, сэтгэхүйн онцлогийг анхааралтай ажиглаж, онцгой авьяас чадварыг нь нээн илрүүлж, тордон хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Эх сурвалж: “Хүүхдийн цогц чадамжийн хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааны арга зүйн үндэс” Ph.D Б.Даваажав