fbpx

0-1 нас хүртэл

image

Хүүхэд төрөнгүүтээ л өөрөө амьсгалж, өөрөө хөхөө хөхөж, хөхсөн сүүгээ өөрөө боловсруулж, өтгөн шингэнээ өөрөө ялгаруулна, өөрөө л уйлдаг. “Уйлсаар уйлсаар хүн” болдог. Тэр мөн л өөрөө гараа хөдөлгөж, хөлөө тарвалзуулах бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа нь өөрөө л зохицуулагдаж байдаг.

Дуу чимээг өөрөө мэдэрч гэнэт цочин уйлах буюу ойртон ирж буй ээжийнхээ үнэрийг таниад баярладаг. Хүүхдийн харааны чадвар нь харьцангуй сул байх бөгөөд нэн ойртон ирсэн хүний дүрсийг боломжийн гэрэлтэй газар ялган харж чаддаг. Харин ээжийгээ танихад нэг их олон хоног зарцуулагдахгүй бөгөөд “Нялх хүүхдэд ээж нь уул шиг харагддаг” гэсэн ардын үг үүнийг баталж байдаг.

Хамгийн чухал зүйл нь тэврэлт, ээжийн үнэр, хөхний сүү

Энэ хорвоод мэндэлсэн хүүхдийн хувьд бүх зүйл цоо шинэ, шинэ мэдрэмжүүдийн эх үүсвэр байдаг. Энэ үед эцэг эхийн гол үүрэг нь нялх үрдээ амар амгалан байдлыг мэдрүүлэх. Тэдний хамгийн дуртай бөгөөд чухал зүйл нь тэврэлт, ээжийн үнэр, хөхний сүү юм. Амгалан тайван байдал, хооллолт, нойрсолт нь хүүхдийн бие болоод тархийг сэргээж өгдөг. Тэдний хэл яриа, ээж аавтайгаа харилцах харилцааны хэл нь уйлах. Уйлах нь хэвийн байдаг зүйл. Харин хүүхэд уйлж байвал санаа зовж сандрах биш, харин уйлж байгаагийн учир шалтгааныг ол. Тэд өлсөж байгаа, өвдөж байгаа, даарч байгаа, халууцаж байгаагаа хэлж байгаа нь тэр. Өнөөдөр уйлж тантай харилцаж байгаа үр чинь маргааш “ээж ээ, аав аа” гэж хэлд, бас хөлд орох болно.

Энэ үед хүүхэдтэйгээ тогтоосон харилцаа нь амьдралын туршид та хоёрыг холбож өгнө. Эх үрийн хооронд хүйн холбоо, сүүн холбоо, сэтгэлийн холбоо буй.

Нялх хүүхэд өөрийн гарыг ихэд сонирхон харж, үмхэж байдаг. Амандаа хийж, танин мэдэх гэж оролдож байгаа нь энэ. Идэж болох уу, үгүй юу, амттай юу, амтгүй эд үү гэдгийг шүлстэж үзэж байж л мэднэ. Ирээдүйн эрдэмтэн анхныхаа судалгаа, туршилтыг хийж байгаа нь тэр. Ингэж багадаа өөрийгөө чагнаж, үнэлэн үзсэний ул мөр нь тэдний бүхий л амьдралд хадгалагдан үлдэх билээ.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх