fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “өнгөлөг” том барилга Баянгол дүүрэг дэх  Сонсголонгийн бүс нутагт чимэг нэмэн сүндэрлээд багагүй хугацааг үджээ.

БНХАУ-н 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” нь хүүхдийн баярыг угтаж үүд хаалгаа нээснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Монгол Улсад хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох тус сэргээн засах төвийн үйл ажиллагаатай танилцахаар зорилоо.

Үүднээсээ эхлээд л бүх зүйл нь будаг нь ханхлан гялалзаж байх шиг санагдав. Цэвэр цэмцгэр, цэлгэр орчин биднийг угтаж, инээж бас уйлж буй хүүхдүүдийн хоолой цангинана. Хүүхдэд л зориулсан орчин мөндөө гэмээр өнгөлөг энэ төвийг олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоногложээ.

250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортой, гадуур амбулатори эмчилгээнд өдөртөө 250 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд өдөрт нийт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах хүчин чадалтай аж.

Үндэсний статистикийн хорооны 2017 оны албан ёсны тайланд дурдсанаар Монгол Улсын хүн амын 3.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээрийн 11 орчим хувийг 0-17 насны хүүхэд эзэлдэг аж.

Ингээд бид хүүхдээ эмчилгээнд нь оруулаад хүлээж буй эцэг эхчүүдтэй хэсэг хором ярилцав.

“Энэ төвийг зургаан сард нээлтээ хийх хүртэл нь тэсэж ядан хүлээсэн. Нөхөртэйгөө хамт ирж эмнэлэгтэй танилцаж байлаа. Миний хүү шиг хүүхдүүдэд зориулж ийм сайхан эмнэлэг үйл ажиллагаагаа эхэлснийг үзээд үнэхээр нүднээс нулимс урсах шахам их баярласан. Өмнө нь би өдрийн гучин мянган төгрөг төлж хүүгээ хөдөлгөөн заслын эмчилгээнд явуулдаг байсан. Харин энд үнэ төлбөргүйгээр сайхан үйлчилгээ авч байгаад талархахгүй байх аргагүй” гэж нэгэн ээж сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Би энэ эмнэлэг дээр өглөө найман цаг гэхэд л ачийгаа дагуулаад хүрээд ирдэг. Манай ач одоо зургаан настай. Тархины бас дөрвөн мөчний чангаралт саажилттай. Хэлд, хөлд ороогүй. Би олон газраар эмчилгээ, сувилгаа хийлгэж байсан. Энэ эмнэлэг нээгдсэнд үнэхээр баяртай байна. Аль болох олон эмчилгээнд хамруулж хүүхдээ хурдан сайжруулахыг хичээж байна. Сая сэтгэл зүйчид үзүүлсэн миний охин оюуны хувьд эрүүл. “Эмээ” гэж ганц үг хэлдэг болоосой, харандаа бариад сураасай гэж маш их хүсэж байна. Тэгвэл сургуульд оруулна даа гэж бодоод л тууштай эмчилгээ сувилгаанд хамруулж байна. Миний охин шиг хүүхдүүдийг зарим эцэг эх гэрээсээ ч гаргахгүй “хав дарчихдаг”.  Хүүхдээ нийгэмшүүлээсэй, тэднийхээ төлөө эцэг эхчүүд хичээдэг байгаасай л гэж хүсдэг. Энэ эмнэлгийн орчин, ажилтнуудын харилцаа маш сайн” гэсэн юм.

Сайхан тохижилтыг нүдээр хараад мэдэх ч сайн үйлчилгээг үйлчлүүлж үзсэн хүмүүсээс л сонсож дүгнэх боломжтой. Тэгвэл эмчилгээ, үйлчилгээнд эцэг эхчүүд, эмээ өвөө нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн талархах нь тус сэргээн засах төв “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” биш болохыг батлах шиг.

Энэхүү төвийг нээгдсэнээс хойш гурван сар гаруйн хугацаанд 375 хүүхэд эмчилгээ сувилгаа хийлгэсний 310 нь Улаанбаатар хотоос, 65 нь хөдөө орон нутгаас зорьж ирсэн байна. Нэг хүүхэд хоёр ба түүнээс дээш кабинетаас үйлчилгээ авдаг ба 20 хүртэлх хоногоор эмчилгээ хийлгэж болдог аж.

Үргэлжлүүлэн бид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрахаас үйл ажиллагааны талаар тодруулсан юм. Тэрээр “Бид хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг эхлүүлэх бэлтгэлээ хийж байна. Одоогоор эм тарианы болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх шаардлагатай. Мөн манай төвд 185 ажилтны орон тоо бий ч одоогоор 120 гаруй хүн ажиллаж байна. Манайд 20 гаруй сувилагчийн орон тоо сул байна. Бид төвөө нээгээгүй байхдаа хүний нөөцөө бэлдэхээр анагаахын сургуулиудад ажилтан авах мэдээлэл өгч уулзсан. Гэсэн хэдий ч сувилагчийн орон тоо дүүрээгүй. Энэ нь мөн хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг эхлүүлэхгүй байгаа нэгэн шалтгаан юм. Нээгдээд удаагүй байгаа учир үйл ажиллагаагаа сайжруулахын тулд хийх, бэлтгэх маш олон ажил байна.

Манай төвд заавал хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүн ирэх боломжтой гэсэн үг биш. Таны хүүхэд ямар нэг асуудалтай, хөгжлийн хоцрогдолтой юм шиг санагдаж ажиглагдвал цаг алдалгүй эртхэн ирж үзүүлэн зөвлөгөө авч болно. Жишээлбэл хүүхэд зургаан сартайдаа сууж чаддаг болох ёстой байтал танай хүүхэд чадахгүй байвал эмчид ханд. Хүүхдийнхээ хөгжил хэвийн эсэхийг үзүүлж хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.

Ингээд бид хөдөлмөр заслын өрөөгөөр зочилов.

Хөдөлмөр засалч Б.Урангоо “Хөдөлмөр засал гэдэг нь хүний өглөө босохоос эхлүүлээд орой унтах хүртэл хийдэг бүх л хөдөлмөрийг хэлдэг. Хүүхэд бүрийн онцлогт тохируулан ажиллахыг хичээж байна. Товчоо товчилж чаддаггүй байсан охин гарын нийлмэл хөдөлгөөнийг зүгшрүүлэх тоглоом, дасгалын үр дүнд эмчилгээгээ дуусгах өдрөө товчоо товчилж чаддаг болоод гарсан. Энэ мэт хүүхдүүд жаахан ч гэсэн юм сураад гарах нь маш сайхан санагддаг” хэмээн ажлаа сэтгэл дүүрэн хийдэг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

Тус сэргээн засах төв нь 18 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг аж. Та эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь батлагдсан комиссын шийдвэрээ авч очоод энд үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм байна.

Холбогдох утас:  70188919
Фэйсбүүк хаяг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
Хаяг: Баянгол дүүргийн 20-р хороо буюу Сонсголонгийн гүүрний зүүн хойно  Моносын эмийн үйлдвэрийн урд талд

 

X
Нэвтрэх