"Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа багштай хүүхэд хүмүүжүүлэх арга барил, сургалтын арга зүйн талаар ярилцлаа.
ӨӨРИЙНХӨӨ ДУТУУГ ХҮҮХДЭЭРЭЭ НӨХҮҮЛЭХИЙГ ХАЙРЛАЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОДОГ
-Та яагаад бусдад зориулж ийм үйл ажиллагааг эхлүүлэх болов оо?
-Миний үндсэн мэргэжил физик математикийн багш. Багш байхдаа би олон хүүхдийг олимпиадад бэлтгэдэг байв. Миний олон шавь аймаг, улсын олимпиадад медаль авч байсан. Олон улсын олимпиадад хүрэл медаль авч байсан шавь маань АНУ-ын сургуульд багшаар ажиллаж байна. Би яагаад бага нас хүүхдийн боловсролд анхаарах болсон бэ гэхээр хүүхдийг хүн болгох, ялангуяа амжилттай хүн болгоход бага наснаас эхлэх хэрэгтэй гэдгийг олж мэдсэн.
Тэгээд судлахад бага насны хүүхдүүддээ түлхүү анхаардаг сургалтын хөтөлбөртэй орон бол Солонгос байсан. Тэнд би “Бага насны хүүхдийн боловсрол, түүнд эцэг эхийн нөлөөлөх нөлөө” сэдвээр диплом хамгаалсан. Дээр нь Солонгосын “Насан туршийн боловсролын төв”-д эцэг эхийн дасгалжуулагч гэдэг мэргэжлийг давхар эзэмшсэн. Эцэг эхийн дасгалжуулагч гэдэг ойлголт Монгол Улсад байхгүй, шинэ нэр томьёо. Дасгалжуулагч гэдэг бол ээж аавуудад зааж зөвлөөд байх биш, сонор сэрэмж өгдөг. Тэр нь тодорхой давтамжтай. Хүн хэлэхээс нааш гэдэг дээ.
-Сүүлийн үеийн хүүхдүүдэд тулгараад буй гол асуудал юу байна вэ?
-Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байна, хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх шаардлагатай байна. Манай хүүхэд гадаад хэлээр хэлд орчихлоо, гадаадаар яриад байна гэж маш олон ээж аавууд баярлаж байна. Хоёр настай хүүхдээ шууд гадаад хэл сургачихмаар байна гэдэг.
Гэтэл ийм хүүхдүүд гурав дөрвөн насан дээрээ хэл ярианы хөгжил сул болно. Эндээс, хүүхдэдээ гадаадын нэг суваг тавиад л зурагт үзүүлээд орхичихдог нь харагдаж байна. Энэ нь эргээд сэтгэхүй, тархи, тархины эсийн хөгжилд нь сөргөөр нөлөөлж улмаар хэл ярианы хөгжил нь хоцрогдох хүчин зүйл болж байна. Үүнийг ээж аавууд мэдэхгүй байгаа учраас гадаад хэл гэж хуйлраад байдаг.
Өөрсдийнхөө мэдэхгүй зүйлийг хүүхэд нь мэддэг болох нь илүү сайн гэж ойлгодог. Хоёрдугаарт, манай хүүхэд ой гарантай байж миний утасны кодыг тайлаад Youtube руу ороод өөрийн дуртай бичлэгээ үздэг болсон гэж гайхамшиг болгож ярьдаг.
Гэтэл бага насны хүүхдийн харааны ой тогтоолт маш өндөр байдаг. Томчуудынхаас илүү. Нэг зүйл хараад шууд тогтоочихдог. Тархиндаа бичээд авчихдаг. Дараа нь тэр үйлдлийг давтах бүрэн боломжтой. Тэр үйлдлээ л давтаж хийж байгаа болохоос тухайн хүүхэд чадамж эзэмшин, сурч боловсроод, сэтгэхүй нь хөгжөөд байгаа юм биш. Энэ мэт алдаа дутагдлыг эцэг эхчүүдэд цаг тухайд нь ярьж, ухамсарлуулах хэрэгцээ шаардлага байна. Ийм учраас эцэг эхийн дасгалжуулагч гэдэг мэргэжлийг эзэмшиж ирсэн. Одоо сэтгэл судлалын чиглэлээр сурч байна.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ алдаа гаргах боломж олгодоггүй гэж та бичсэн байсан?
-Хүүхдэдээ алдаа гаргах боломж олгодоггүй ээж аавууд хоёр алдаа гаргадаг. Хүүхдээ хэт бөөцийлдөг, эсвэл алдаа гаргангуут нь цохиж авдаг.
Хэт бөөцийлдөг ээж аавуудыг олон улсад “нисдэг тэрэг” шиг гэж нэрлэдэг. Хүүхэд нь хаана юу хийж явна дагаад л зааварчлаад явдаг. Тийм ээж аавуудын хүүхдүүд том болоод амжилт гаргана гэж бараг байхгүй. Хэдий чадвартай хүүхэд байсан ч дандаа хүний ам харж өссөн учраас амжилтад хүрэх боломж олддоггүй. Хүүхдийн сэтгэхүйгээс юу ч гарах юм билээ бид мэдэхгүй шүү дээ. Гэтэл тэднийг аав ээжүүд өөрсдийн хуучинсаг арга барилаар хайрцаглаж байна.
Шинийг сэдэж хийх боломжийг хааж, алдаа гаргангуут шийтгэдэг аав ээжтэй хүүхэд мөн л адилхан амжилтад хүрэх нь ховор. Алдаа гаргаж, түүнээсээ суралцах замаар хүүхэд өсөж байдаг. Өөрөөр хэлбэр алдаа гаргах боломжийг хүүхдэд олгох хэрэгтэй. Жишээлбэл, гурван наст өвлийн хүйтэнд пүүз өмсөнө гэж зүтгэж. Ээж нь нэг удаа пүүзтэй нь явуулаад үзэж л дээ. Мэдээж хөл нь даарна шүү дээ. Түүнээс хойш гарах болгондоо “үү жи жи” /UGG/ гэдэг болсон гэсэн бяцхан түүх сонссон.
ХҮҮХДЭДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГО, ХЭМЖЭЭ ХЯЗГААРЫГ БАС ТОГТООЖ ӨГ
-Эцэг эхчүүд хүүхдээ үл хайхрах боллоо л гэдэг. Энэ бүхний тунг тааруулсан хүмүүжлийн хамгийн эерэг арга юу вэ?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн идэвхтэй, эерэг ээж аавуудад байдаг энгийн нэг л дүрэм бий. Хүүхдэдээ эрх чөлөө олго. Гэхдээ хэмжээ хязгаарыг бас тогтоож өг. Ердөө энэ. Тухайлбал, ээж би зурагт үзмээр байна. Болно оо. Гэхдээ чи нэг хүүхэлдэйн кино үзчихээд унтраана шүү гэх мэт. Үүнийг хэдий чинээ багаас нь эхэлнэ. Хүүхэд өөрөө хэмжээ хязгаараа барьж мэддэг, өөрөө сонголтуудаа олж чаддаг болно.
-“Хөөрхөн шар шувуу” төвийн зорилтот хэрэглэгчид нь 3-6 настнууд гэлээ. Энэ насны онцлог нь юу вэ?
-Хүний тархи эсүүд үүсээд 25 нас хүртлээ хөгжиж гүйцдэг юм байна. Үүний 86 хувийг хүн 6 хүртэлх насандаа олж авдаг. Тэгэхээр энэ үед хэн болох вэ, хэн байх вэ гэдэг гол асуудал нь шийдэгддэг гэсэн үг. Манай төв гурваас дээш насны хүүхдүүд авна. Авахдаа ээж аавтай нь хамтарч гурвалсан холбоотойгоор ажилладаг. Ээж аавд нь сургалт явуулна. Хүүхдэд сургалт явуулна. Хүүхдийг ажиглана.
Хүүхдийг асуумжаар тодорхойлох боломжгүй. Тиймээс хүүхэдтэй удаан хугацаанд хамтдаа тоглоно, ярилцана, зуруулна, будуулна. Олон үйлдлийг хамтдаа, давтамжтай хийлгүүлэх явцад хүүхдийг тодорхойлно. Ирээдүйд хэн болохыг хүсэж байна, тухайн хүүхдийн авьяас чадвар юунд байна гэдгийг нээхэд бид эцэг эхчүүдэд тусалдаг.
Хүүхэд бол аав ээжийн толь. Гурван настай арван хүүхэд байлаа гэхэд арван өөр ааш аяг гаргана. Тэд эхээс төрөхдөө яг л ижилхэн дэлхий дээр ирж байгаа шүү дээ. Тиймээс аав ээжээсээ үлгэрлэж олж авсан зан чанар, дадал ихэнх нь байдаг. Удамшлын зөвхөн нэг хувь л дамждаг.
-Гэтэл эцэг эхчүүд өөртөө байхгүй зүйлээ хүүхдээсээ нэхдэг. Тэгвэл бид өөрсдөө ч гэсэн шинэ дадал, зан үйлд суралцаж өөрчлөгдөх ёстой байх нь ээ?
-Яг зөв. Эцэг эхчүүд хүүхэдтэй харилцахдаа нэг бол ингэж ч болохгүй тэгж ч болохгүй гэж хориг тавих эсвэл асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэх алдааг их гаргадаг. Мөн ээж аавууд хүүхдээ өөрийнхөө хүслээр байлгах, бүр өөрсдийн хангагдаж чадаагүй хэрэгцээг гүйцээлгэх гэх нь ч бий. Тухайлбал, би багадаа их өлсдөг байсан. Тиймээс хүүхдээ хоол хүнсээр хангалуун байлгана, би багадаа хувцас хунараар гуцуу байсан, тиймээс хүүхдээ хувцас эдлэлээр дутаахгүй гэдэг. Өөрийнхөө дутууг хүүхдээр нөхүүлэхийг хайрлаж байна гэж ойлгодог. Тиймээс бид эцэг эхчүүдтэй хосолж ажилладаг.
-Хүүхдээ ямар нэгэн сургалтад хамруулахгүй л бол бусдаас хоцроод байгаа юм шиг яардаг эцэг эхчүүд байдаг. Танай төвд хүүхдээ явуулаад л супер хүүхэдтэй болчих мэтээр төсөөлж байгаа хүн байж магадгүй юм?
-Ихэнх аав ээжүүд хүүхдээ багшид даатгаад орхичихдог. Ямар нэгэн сургалтын газар хүүхдээ өгдөг. Өгөнгүүтээ маргааш нь эм тариа өгөөд илааршуулчихсан мэт үр дүнг хүсдэг. Гэтэл боловсролын байгууллага гэр бүлийн орчин хоёр адилхан үзэл хандлагатай болж байж тууштай хэн нэгнийг бий болгоно. Тиймээс манай сургалтын зарчим бол заавал гурвалсан холбоотой ажилладаг.
-Хүүхдийн сургалтын зарчим нь нэгдсэн байх ёстой гэж та хэллээ. Манай сургуулийн өмнөх насны боловсролын системийн бодлого, арга барил танай сургалттай хэр нийцдэг бол? Зарчим зөрөлдвөл хүүхдэд ойлгомжгүй байдал үүсэж, алийг нь дагахаа мэдэхгүй төөрөлдөх болов уу?
-Яг ийм асуудал гардаг. Тиймээс би энэ чиглэлээр дуу хоолойгоо хүргэхийг зорьдог. Үүн дээр сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нарын ажлын байран дахь ачааллын судалгааг хийж үзсэн. Өөрөөр хэлбэл багш хүнд ажиллах ажлын таатай орчин гэж байх ёстой. Тодруулбал, 20 хүүхэд тутамд нэг багш байвал хүүхэд нэг бүрт хүрч ажиллах боломжтой.
Гэтэл Монгол Улсад 50 гаруй хүүхдэд хоёрхон багш оногдож байна. Цэцэрлэгт хүүхэд боловсрол олох ёстой. Гэтэл боловсрол олгох боломжгүй нөхцөлд багш нарыг ажиллуулж байна. Дийлэнх багш нар хүний хүүхдүүдийг хооронд нь муудалцуулчихгүй шиг байлгаад гэрт нь аюулгүй хариулчих юмсан л гэхээр дүр зураг харагддаг. Энэ дунд эвийг нь олоод түмний олон хүүхдүүдэд боловсрол олгож байгаа олон багш нарыг би үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ дийлэнх цэцэрлэг хүүхдийг боловсруулах гэдэг хандлага руу биш харгалзах, аюулгүй, өлсгөхгүй байлгах үйлчилгээ үзүүлж байна.
Манайх бол өөр. Таван хүүхэд тутамд нэг багш ажиллаж байна. Мөн ном уншиж өгөх тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлдэг. Маш олон төрлийн зурагт номуудыг уншиж өгдөг. Хүүхдийг зүгээр л сонсдог. Арван хүүхэд байлаа гэж бодоход арван янзын арга хэрэглэдэг. Бид амтдаа тоглож, ярилцах замаар тэр хүүхэд юу хүсэж байна, яг тэр хандлагаар байдаг. Эндээс энэ хүүхэдтэй ингэж ажиллах юм байна гэсэн аргаа сонгож, тэр хүүхэд рүү уусаж өгдөг. Хүн ер нь тухайн хүн өөртэй нь адилхан санаа бодолтой байгааг мэдэх үедээ тайвширдаг шүү дээ. Эхлээд би чиний найз шүү гэж хүлээн зөвшөөрүүлсний дараа сургах зүйлсээ заахад сайн сууж өгдөг. Чи бид хоёр найз шүү гэдгийг л эхлээд ойлгуулдаг.
-Сургалтын арга барилаа та яаж боловсруулсан бэ? Солонгос улсын программаас юуг нь авсан бэ?
-Гол арга зүй нь Солонгосын сургалтын арга барил явж байгаа. Гэхдээ бүтэн жилийн турш Монголынхоо хөрсөн дээр буулгах гэж туршилт судалгаа хийсэн. Гол арга нь Фребель буюу тоглоомын арга. Энэ нь одоогийн архитектор мэргэжлийг бий болгосон гэж үздэг. Тэрээр цэцэрлэг гэж зүйлийг байгуулах хэрэгтэй гэдгийг анх санаачилсан хүн юм. Геометрийн дүрсүүдээр тоглоомын аргаар хүүхдэд танин мэдэх ойлголтыг өгдөг. Тэр танин мэдэхгүй ойлголтууд нь номоор байдаг. Фребелийн цуврал үлгэрийн номууд ч бий. Тэгэхээр бид дэлхийн шилдэг үлгэрийн ном болон тоглоомоор дамжуулан хүүхдийг хөгжүүлнэ. Ийм л зүйл. Ид шид нууц гэж байхгүй ээ.
-Танд энэ арга зүйгээ илүү хүртээмжтэй болгохын тулд албан боловсролын програмд тусгая гэсэн бодол бий юу?
-Би олон судалгаануудыг хийж байгаа. Жишээ нь, нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгаврын ачааллын судалгааг 2018 оны нэгдүгээр сард хийгээд олон нийтэд мэдээлэл хүргэхэд олон ээж аавууд хүлээн зөвшөөрч байснаас гадна боловсролын байгууллагууд тусгаж аван гэрийн даалгаврын ачааллыг бууруулах шийдвэр гаргасан. Үүнээс би олон судалгааг хийж мэдээллийн хэрэгслээр түгээж өгөх ёстой юм байна гэж бодсон. Өөрийн чадах хэмжээндээ эрүүл зөв боловсролын аргачлалыг хүргэх гэж хичээж явна. Хүүхдэд нь өөрчлөлт гараад байгаа учраас ээж аавууд манай энэ сургалтын арга барилыг хүлээн зөвшөөрөөд байна гэж би ойлгож байна.
-Манай албан боловсролын сургалтын хөтөлбөрт засах ёстой зүйл юу байна вэ?
-Нэн түрүүнд бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг багасгаасай гэж би хүсэж байна. Гэрийн даалгавар хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь хүүхдийн нас, сэтгэхүй, бие бялдрын онцлогтой дүйцүүлсэн байж үр дүнгээ өгнө. Гэрийн даалгаврын гол зорилго нь ангид үзсэн хичээлээ бататгах, үүрэг хариуцлагатай байлгахад оршдог. Гэтэл одоо бидний хэрэглэж байгаа сургалтын арга барилаар бол хүүхдийг залхаан цээрлүүлэх зорилготой мэт байна. Олон улсын стандартаар бол зургаан настай хүүхдийн яг сууж хийх гэрийн даалгаврын хугацаа 10 минут байдаг.
Бусад гэрийн даалгаврууд ахуйн чанартай байж болно. Нэг ажил санаачлаад ээждээ туслаарай. Дүүдээ туслах нэг үйлдэл сэдэж олоорой гэх мэт. Манайд бол академик буюу ширээний ард сууж хийх даалгавар зонхилж байна. Үүнийг нэгдүгээр ангийн хүүхдийн даалгавраа хийх хугацаа 125 минут байгаас харж болно. Ингэж 6 настай хүүхдийн сууж, тэсэж чадах хэмжээнээс хэтрээд ирэхээр хүүхэд залхаад, ач холбогдлыг ойлгох нь сулраад ирдэг. Томрох тусмаа хичээл хийх дургүй болж эхэлдэг. Олон улсад бол нэгдүгээр ангид 10, хоёрдугаар ангид 20 минут гэхчлэн аажим аажмаар ачааллыг нэмэгдүүлсээр төгсөх ангийн сурагчид 2 цаг суух боломжтой гэж тооцсон байдаг.
Боловсролын системээс гадна зарим эцэг эхчүүд гэрийн даалгавар их өгдөг сургуулийг сайн гэж үзсэнээс сургуулиуд даалгавраа шууд багасгаж бас чадахгүй байх талтай.
-Таны ажлын хамгийн сайхан тал нь юу вэ?
-Хамгийн бахархаж хэлмээр зүйл бол би тусгай хэрэгцээт боловсролын чиглэлд мэргэжил эзэмшээгүй. Гэтэл нэгэн ээж жирийн хүүхдүүдтэй байлгах гэсэн юмаа гээд аутизмтэй хүүхдээ манайд авчирсан юм. Нэмэгдээд 4 хүүхэд боллоо. Аа гээд коридороор гүйдэг хүүхэд байсан чинь “Ааваа хамт явъя” гэж хэлдэг болсон. Учиргүй тод биш ч гэсэн бүтэн өгүүлбэрээр яриад байгаа. Хүүхдүүдээс тусдаа тоглож байдаг байсан бол бусадтайгаа нэг тойрогт суугаад ном уншуулдаг болсон. Улмаар хамтдаа тоглодог болсон. Хүүхдэд нь ийм өөрчлөлт гараад ирэхээр аавын ээжийн нүд нь гэрэлтээд ирж байгаа юм. Эндээс би урам аваад одоо аутизмтай 8 хүүхэдтэй ажиллаад үр дүнд хүрч байна. Үүний учрыг бол би одоогоор тайлж мэдээгүй л сууна даа. (инээв)
Аав ээжүүдэд хэлэхэд таны хүүхэдтэй хамт тусгай хэрэгцээт хүүхэд суралцаж байх нь таны хүүхдэд тустай. Яагаад гэвэл хүүхэд чинь аль болох багаасаа амьдралын олон өнгөтэй танилцаж байх хэрэгтэй.
-Одоогийн залуус хүмүүжилгүй болчихсон гэж шүүмжлэх хүмүүс бий. Гэтэл хүүхэд бол томчуудын тусгал гэж та хэлсэн?
-Хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэж байгаа хүнийг буруутгахаасаа өмнө тэдний бага нас хайр халамжаар дүүрэн өссөн үү гэдэгт хариулт хайх ёстой болов уу. 0-3 насанд хүүхдийн хайрын хэрэгцээ нь бүрэн хангагдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхэд энэ үедээ ээж аавынхаа дэргэд байх ёстой. Энэ хайрын хэрэгцээ нь хангагдаагүй бол үүнийг хүүхэд ямар нэгэн зүйлээр орлуулж, дутуугаа нөхөх гэж хичээдэг. Энэ эрсдэлт үйлүүд нь хүүхэд бага насандаа хэр аз жаргалтай байсан, суурь боловсрол нь хэр зэрэг зөв тавигдсанаас шалтгаалдаг байх нь. Тэгэхээр ээж аавууд оройтоогүй байгаа дээрээ үүн дээр анхаараасай.
ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭЭ ХҮНЭЭР ЗААЛГАХ УУ ДАА ГЭСЭН НҮДЭЭР ХАРДАГ БАЙСАН
-Хүүхдийн боловсролд эцэг эхчүүд хэр анхаардаг болсон гэж та бодож байна?
-Ерөнхийдөө боловсролд хандах хандлага дээшилсэн нь ажиглагддаг. Гурван жилийн өмнө Аз хур номын дэлгүүртэй хамтраад үнэ төлбөргүй энэ төрлийн сургалт зохион байгуулахад 5,6 хүн ирж суугаад, хүүхдээ хүмүүжүүлэхээ хүнээр заалгах уу даа гэсэн нүдээр хардаг байсан бол одоо би үнэ төлбөртэй 20-хон хүн бүртгэнэ гээд байхад 500 хүн хүсэлт явуулж байгаа зэргээс харж болно. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж аавууд өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй байна гэдгээ мэдэж байна гэдэг маш чухал.
-Ээж аавууд өөр байр суурьтай байвал хүүхэд алиных нь зөв юм бол гэж төөрөлддөг. Аавуудын оролцоо хэр байна вэ?
-Аав ээж хоёрын хүмүүжлийн үзэл бодол, зарчим зөрүүтэй байх нь хүүхдийг хэн ч биш болгох, хэний ч үгийг үл хайхардаг нэгэн болгох хамгийн том шалтгаан юм. Аав нь заримдаа ээжийн хориглодог зарчмуудыг чөлөөтэй болгочихдог тал бий. Чихэр жимсийг хүссэнээр нь идүүлэх гэх мэт. Тэгэхээр хүүхэд ээжийн үгийг тоохоо больдог. Цаашлаад хүүхэд ямар нэг дүрэм журамд захирагдах нь чухал биш гэж ойлгож эхэлдэг. Тиймээс аавууд хол яваад ирсэн, хүүхдээ санасан бол хайрын хэрэгцээгээ хамтдаа тоглож өгч хангах хэрэгтэй.
Хүмүүс хуучны алим мандарин ямар гоё үнэртэй байв даа гэж ярьдаг даа. Техник технологи хөгжсөн өнөө үед тэр үеийн амтыг гүйцэхээргүй амттан л гаргав гэж дээ. Хүний тархи маш олон чамин амтыг амталчихсан учраас муу зан сурчихсан, тэр алимны амт одоо ч байсаар байхад түүнийг мэдэрч чадахаа больсон байна. Хүүхдийг багаас нь хэр зэрэг эдээр хучиж хайрын хэрэгцээг хангах гэж оролдоно тэр хэмжээгээр эдийн шуналтай болж, сэтгэл нь хэр баргийн юманд ханахаа больдог.
Ийм ч учраас боломжийн амьдралтай айлын хүүхдүүд буруу хэрэглээнээс болоод олон эрсдэлд орж байгаад бид харж байна. Эцэг эхчүүд хайрын хэрэгцээгээ хүүхэдтэйгээ хамт байх, амьд харилцаатай байх, хамт тоглох байдлаар биш ямар нэгэн зүйлээр орлуулж илэрхийлэх гэж оролдсоны хор уршгийг үр хүүхдүүд нь ингэж амсдаг.
-Та эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хүүхдэдээ заавал цаг гаргадаг байгаач ээ. Гэхдээ чанартай цаг. Хүүхэд нэг бүртээ долоо хоногт ядаж 20 минут зарцуулаач ээ гэж хэлнэ. Энэ богинохон хугацаа байгаа биз дээ. Хүүхэдтэйгээ тоглодог, ярилцдаг зүгээр л нэг найз шиг нь байгаач ээ. Та хүүхдийнхээ бага насанд найз шиг нь байж чадвал та насан туршид нь ийм харилцаатай байх боломжтой. Бага насанд нь сайн сонсогч нь байх маш чухал. Хүүхэд өөрийг нь сонсох хэн нэгнийг байнга хайж явдаг. Ээж аав нь сонсогч нь байж чадахгүй бол хүүхэд өөр хэн нэгнийг олно. Тэр олсон хэн нэгэн нь ээж аав хүүхэд гурвыг холбох гүүр байх уу тэдний хооронд хана барих уу гэдэг эрсдэлтэй асуудал энд үүсдэг.
20 ЖИЛИЙН ДАРАА НИЙГЭМ ЯМАР БОЛОХЫГ ЗААВАЛ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
-Эцэг эхчүүд хүүхдээ хаана ч байхгүй төгс хүн болгох гэж хичээдэг юм шиг ээ. Томчууд хүүхдээсээ хэт ихийг хүсдэг гэж та боддог уу?
-Ээж аавууд хүүхдээ супер болгохыг хүсдэг гэдэгтэй санал нийлнэ. Ах нь олон олимпиадад амжилт гаргасан байхад дүү нь тэгсэнгүй гэдэг. Ээж аавууд хүүхэд нэг бүр чинь өөрийн өөрийн гэсэн онцлогтой гэдгийг ойлгож, байгаагаар нь хүлээж авах сэтгэлзүйн боловсролтой байх хэрэгтэй. Тэр хүүхдийн онцлогийг таньж мэд, дараа нь хөгжүүл. Бусадтай биш, зөвхөн өчигдрийн амжилттай нь харьцуулж урамшуул. Хүүхдийнхээ онцгой чадварыг таньж, хөгжүүлбэл илүү амжилтад хүрэх байтал эсрэгээрээ өөрийнхөө тавьсан хүлээлтэд хүүхдээ хүрсэнгүй гэж мохоож, хэн ч биш болгосон тохиолдлууд байдаг шүү гэдгийг анхаараасай.
Таны хүүхдийн ажиллаж амьдрах ирээдүй ямар болох гээд байна вэ гэдгийг заавал судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо таван настай байгаа хүүгийн тань 20 жилийн дараа амьдрах нийгэм хиймэл оюун ухаантнуудын эрин үе буюу өнөөгийн ажиллаж байгаа хүмүүсийн 50 хувь нь ажилгүй болох магадлалтай байна. Би хүүхдийнхээ ямар чадварыг авч явбал хиймэл оюун ухаантнуудад ажлын байраа алдахааргүй хүн болох вэ гэдэг дээр ажиллаарай.
-Мэдээллийн хэрэгслээр нэгдүгээр ангид орсон хүүхэд уйлж байгаа дүрс олон харагддаг. Энэ юунаас болж байна вэ?
-Хүүхэд шинэ орчин болон сургуульд орохоос айх нь бий. Энэ олон шалтгаантай. Нэгдүгээрт сургууль гэдэг чинь цэцэрлэгээс ийм ялгаатай гэдгийг урьдчилан таниулж, хүүхдийн сэтгэлзүйг урьдчилан бэлтгээгүйгээс байж болно. Хоёрдугаарт, ээж аавууд маш олон зүйлийг нэг дор хүүхдэд үүрэгдчихдэг. “За чи сургуульд орно, том боллоо, онц сурна шүү, багшийгаа анхааралтай сонсоно шүү, хоцрохгүй шүү гээд. Хүүхэд олон захиаснаас аль нэгийг нь зөрчсөн бол айдастай болдог.
Бичихдээ хажуугийн хүүхдээс хоцорвол “би ээжийн хэлсэн шиг хурдан байж чадсангүй” гээд айж эхэлдэг. Гуравдугаарт багшийн хүүхэд нэг бүртэй ажиллах арга барил, ур чадвараас шалтгаалж болно. Гэхдээ дийлэнх тохиолдолд хүүхэд шинэ орчинд орохоос бишүүрхсэнээс болдог.
Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт хүүхдүүдийг сургуультай танилцуулах аялал хийж байвал сургуульд ороход нь тустай санагдсан. Бэлтгэл бүлгийнхэн ангиараа сургуулиар аялаад л, бид нар том болсон гэсэн мэдрэмж авч, аз жаргалтайгаар сургууль гэдгийг мэдэрсэн дурсамж үлдвэл сургуулийн орчинд ороход нь эерэгээр нөлөөлнө.
-Яагаад бид хүүхэд хүмүүжүүлэх шинэ арга барилд суралцах хэрэгтэй болов оо?
-Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга барил, малчин ахуйн хандлага бол эрүүл зөв байсан. Социализмын үеэс эхлэн захиргаадалт, хүүхдэдээ цаг гаргахгүй байх зэрэг асуудал үүсэж эхэлсэн юм болов уу. Жишээлбэл, хүүхэд цэцэрлэг сургуульд явахгүй гэж дургүйцэж байна гэдэг. Тэр хүүхэд сэтгэл хөдлөлийн ямар зүйлийг мэдэрсэн учраас явахгүй гээд байгаагаа илэрхийлэх чадамжгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэр бид хүмүүжлийн буруу арга хэрэглэчихсэн.
Бага наснаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зөв аргуудыг хүүхдэд дадуулаагүй. Одоо мэдээллийн эрин үед хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, өөрийнхөө сэтгэл зүйг таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө тухайн орчин нөхцөлд зөв удирдаж, илэрхийлж сурах нь хамгийн чухал болсон. Энэ хэм хэмжээ алдагдсан учраас бид өнөөдөр зам дээр бие биендээ хүлээцтэй хандаж чадахгүй байна, сэтгэл хөдлөлөө хэт автсан зан байдлаа гаргаж байна. Япон ч юмуу, Америкт ч түгжрэл байдаг. Тэглээ гээд сигналдаж, орилж хашхираад байдаггүй шүү дээ. Бид сэтгэл хөдлөлөө удирдаж, хянаж сураагүй нь харагддаг. Энэ нь хүмүүжлийн нэг алдаа болчихсон.
Иймээс хүмүүжлийн арай өөр, олон улсад батлагдсан арга хэлбэрийг нэвтрүүлж хэрэглэх шаардлага бий болсон гэсэн үг. Сүүлийн үед бол хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье гэдэг уриатай болсон шүү дээ. Хүүхдэд хүч хэрэглээд байвал эрэгтэй хүүхэд бол гэр бүлдээ өөрөөсөө сул дорой хэн нэгэнд хүч хэрэглэж өөрийнхөө үгийг хүлээн зөвшөөрүүлдэг нэгэн болдог. Эмэгтэй хүүхдийг алдаа гаргах үед нь гар хүрэх нь хойно гэр бүлийнх нь хүн цохиод авбал миний л буруугаас боллоо гэж өөрийгөө буруутгадаг нэгэн болох магадлалтай. Учир нь хүүхэд байхад нь буруу хэрэг хийвэл аав ээж нь гар хүрсэн учраас хүүхэд хүчирхийллийг сэтгэл зүйдээ хүлээн зөвшөөрчихсөн байдаг.
Зодуулж өссөн хүүхэд юу хийх вэ гэдгээс илүү юуг хийхгүй байх вэ гэсэн хандлага руу шилждэг. Хүүхэд зураг зурж байгаад талбайгаас илүү гаргачихлаа гэж бодъё. Тэр үед нь гар луу нь цохиод авчихвал хүүхэд дараа нь зураг зурахаа ч больдог. Үүний оронд чи гараа арай ширүүн хөдөлгөснөөс болоод зураас нь хэтэрчихсэн байхаа даа. Ингэвэл дээр гэж алдааг нь хэлж өгсөн бол тэр хүүхэд бүр гоё зураг зурахыг хүснэ ээ дээ. Хэрвээ та хүч хэрэглэж хүүхдийн үйлдлийг нь таслан зогсоодог бол энэ дадлаа болих хэрэгтэй. Шинэ дадал, арга барилд суралцах хэрэгтэй гэж зөвлөе.