Хүүхдэд зүйр цэцэн үг хэлж, амьдрал ийм байдаг тийм байдаг гэж тайлбарласнаас илүүтэйгээр бяцхан хэмжээний сургамжит өгүүллэг унших өгөх нь тэдэнд зөв бурууг ялгах ухагдахуун суулгаж өгдөг билээ. Мөн үлгэр болон өгүүллэг уншиж өгөхөд тухайн үйл явцын хүүхэд өөрөө толгойн дотроо ургуулдаг учир төсөөлөн бодох чадварыг нь ч сайжирдаг байна. Ингээд дараах сургамжит өгүүллэгийг бяцхан үрсээ унтахынх нь өмнө уншиж өгөөрэй.
"ШИДЭТ МОД"
Эрт урьдын цагт ах дүү хоёр ойн хажууд амьдран суудаг байжээ. Тэд хоёулханаа амьдардаг ч гэлээ ах нь дүүдээ байнга муухай зан гаргадаг байж гэнэ. Бүх хоолоо ганцаараа идэх гэж дайрч, дүүгийнхээ өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг өөрөө авдаг байв.
Нэгэн өдөр ах нь зах дээр мод зарах гээд ойгоос мод авахаар явав. Тааралдсан модны мөчрөө тайрч явсаар шидэт модны хажууд ирлээ. Мод:
- Ухаант хүн та мөчрийг минь бүү тайраач. Хэрэв та намайг өршөөн хайрлах юм бол би танд алтан алим өгье гэхэд тэрээр зөвшөөрөв.
Гэтэл модны өгсөн алим түүнд хэтэрхий бага санагдав. Тэрээр уурлаад:
- Энэ чинь хэтэрхий бага байна! Би чамайг үндсээр чинь тайраад бүх алимыг чинь авчхаж чадна шүү гэхэд мод түүнд нэмж алим өгсөнгүй. Харин оронд нь түүний дээрээс маш олон жижиг зүү асгав. Ах нь хэтэрхий олон зүүнд хатгуулсан учир газар унаад уйлав гэнэ.
Нар жаргаж, харуй бүрий болсон байхад ах нь ирэхгүй байсан учир дүүгийнх нь санаа зовов. Тэрээр ахынхаа араас ой руу явлаа. Гэтэл ах нь зөндөө олон зүүнд хатгуулчихсан газарт хэвтэж байж гэнэ. Дүү нь ах дээрээ очоод биед нь шигдсэн бүх зүүг нэг нэгээр нь зулгааж авжээ. Сүүлчийн зүүг сугалж автал ах нь дүүдээ муухай зан гаргадаг байснаа гэнэт ухаараад уучлалт гуйж, одооноос илүү сайн ах байх болно гэдгээ амлав.
Шидэт мод дүүгийнх нь ахыгаа гэсэн нинжин сэтгэл, ахынх нь буруугаа ухаарч буйг хараад тэднээр бахархаж, насан туршдаа зарж идээд ч дуусхааргүй их алтан алим өгөв. Ингээд тэд амар сайхандаа жаргажээ.
Та энэхүү сургамжит өгүүллэгийг бяцхан үрдээ уншиж өгсний дараа ах дүү нар хоорондоо эв түнжинтэй байж, бие биеэ хайрлан хүндэтгэх ёстойг, ах нь ах гэлтгүй дүүгээ хүндэтгэн хайрлах ёстойг, шунал хүсэлд автахгүй байх ёстойг тэдэнд тайлбарлаж өгөөрэй.
Эх сурвалж : https://parenting.firstcry.com