fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эх та хүүхдийнхээ насан туршийнх нь үлгэрлэгч багш тул ямагт өөрийгөө дасгалжуулж, суралцаж байгаарай. Хүүхэд таны хэлснийг биш хийснийг л дагадаг 😍

1. Хүүхдээ бие даасан ертөнц гэдгийг ямагт санаж байх.  Тэднийг хажуу айлын хүүхэд байтугай хэнтэй ч жишиж болохгүй юм шүү.

2. Аав ээж хоёулаа нэгэн санаа бодлоор хүүхдэдээ тэгш оролцоотойгоор анхаарал тавих. Нэг нь татгалзахад нөгөө нь зөвшөөрөөд байвал хүүхэд дэг журамгүй болж хүмүүжлийн тогтвортой байдал алдагддаг.

3. Хүүхдэдээ сонголт өгөх, хүүхдийн сонголтыг хүндэлж байх. Дийлэнх гэр бүлд орой ямар хоол хийхийг хүүхдүүдээсээ асуухгүйгээр томчууд л шийддэг.

4. Хүүхдээ бүхнийг манлайл, тэргүүл, түрүүл гэж шаардахаас илүүтэй өөрийн хариуцсан зүйлээ дуусгаж сурахыг үлгэрлэх. Бүх зүйлд тэргүүлэх, түрүүлэх нь чухал биш. Дуустал нь хийж чадсан, шинийг мэдэж авсан, өмнөхөөсөө ахиж чадсан байх нь чухал гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

5. Хүүхдийн өмнөөс шийдвэр гаргах, хийж чадах зүйлийг нь өмнүүр нь орж хийхгүй байх.

6. Хэн хэн нь ээлжлээд, харилцан уялдаатайгаар хүүхэдтэйгээ өдөрт дор хаяж 20 минут ярилцах, тоглох, хамт байх цаг гаргаж хэвших.

7. Аав ээж хүүхдийнхээ дэргэд маргалдахгүй, биесээ тэвэрч хайрлаж буйгаа илэрхийлж, урмын үгсийг хэлж байх. Хүүхдийг хамгийн аз жаргалтай болгодог зүйл нь аав ээж бие биеэ хайрлаж буйг мэдрэх үе байдаг.

8. Хүүхдийнхээ дуртай зүйл, дургүй зүйл, сайн хийж чаддаг зүйлийг ажиглаж, чиглүүлэн тусалж байх.

9. Гэр бүлийн алдаа дутагдал, давуу талаа хэлэлцдэг ширээ тойрон суудаг өдөртэй болох. Томчууд ч алдаа гаргадаг. Алдааг олуулаа хэлэлцэж байгаад засаж болдог гэдгийг мэдрэх тусам бусдын үгийг хүлээж авах, дүгнэлт хийх чадвар хүүхдэд сууж байдаг.

10. Аав ээжүүд өөрийнхөө уур бухимдал, стрессийг тайлдаг ямар нэг арга, тодорхой ойлголттой болсон байх. Өөрийнхөө стрессийг зөв тайлж хэвшээгүйгээс сэтгэл санаа тавгүй үед нь хүүхэд үгэнд орохгүй бол гар хүрэх, зандрах тохиолдлууд түгээмэл байдаг.

X
Нэвтрэх