Хүмүүжил

image

Худлаа ярьж үзээгүй хүүхэдтэй айл ховор биз ээ. Энэ талаар нэлээд ээж аавууд асууж байгаа тул бяцхан зөвлөмж хүргэе.

 Хүүхэд гурван нас хүртлээ бодит байдал ба хийсвэр зүйлийг ялгах чадвар тааруу байдаг.

Тухайлбал, хоёр настай охин сүүгээ асгачихаад “Хэн асгасан бэ” гэсэн ээжийнхээ асуултад “Ширээ”, “Бамбарууш“ “Хүүхэлдэй” рүүгээ заан тэр хэмээн хариулдаг. Үүнийгээ худал ярьж байна гэж ойлгож чаддаггүй. Эдгээр тоглоомууд сүүг асгаж чадахгүй гэдгийг ч ухаж ойлгох болоогүй байдаг. Харин сайн, муу хандлагыг мэдэрдэг болсон байдаг. Иймд сүүгээ өөрөө асгасан гэвэл муу хүүхэд болох учир өөр зүйлд буруугаа өгдөг.

Энэ үед хүүхдийг эсвэл ширээг нь, тоглоомыг нь зэмлэж ОГТ болохгүй. Эмээ өвөө нар ер нь өөр зүйлд буруу өгөх гээд байдаг шүү. Харин "Сүү асгаад хувцас ямар муухай болчихоо вэ, ээж нь угаагаад өгвөл цэвэрхэн болно оо" гэх мэт бодит тайлбарыг хэлж ойлгож байгаагаа илэрхийлээрэй.

 Мөн дөрвөн нас хүртэл хүүхдийн хийсвэр сэтгэлгээ, төсөөлөх ургуулан бодох чадвар өндөр байдаг тул цэцэрлэг дээр болсон явдал, үлгэр, хүүхэлдэй, зүүд зэргээс мэдэрсэн зүйлээ төсөөлөлдөө ургуулан бодож хийсвэрлэн сэтгэж бүр үнэн мэт бодож түүнийгээ яг л болсон зүйл мэт давтан давтан ярьдаг. Өөрийнх нь төсөөлөлд яг бодитоор байгаад байгаа тул үүнийгээ ч худлаа гэж хүлээн зөвшөөрдөггүй.

👂Энэ үед нь та яриаг нь өдөөж хэт дэвэргэж хөөргөж болохгүй, худлаа яриад байгаарай! хэмээн үгүйсгэж болохгүй. Зүгээр л идэвхтэй сонсогч нь байгаарай.

 Харин зургаан настайгаас эхлэн худал ярианы бодит утгыг ойлгох чадвар сууж муу үр дагаврыг ойлгож чаддаг. Жишээлбэл, хийсэн буруу зүйлийг нь ээж аав мэдвэл зэмлэнэ, тэдний урмыг хугална, үүнээс болж тэд надад дахин боломж олгохгүй гэдгийг ойлгодог болсон байна. Иймээс зургаагаас дээш насны хүүхдийн хувьд худал яривал таны нэмэлт анхаарал зайлшгүй шаардлагатай байна аа гэж ойлгоорой. Та хүүхдэдээ хэт шаардлага тавих, хэт хориглох, хэт хариуцлага хүлээлгээд байх үед дээрх насны хүүхдүүд мэр сэр худал ярьж эхэлдэг. Тиймээс:

👇 Хамгийн эхлээд чухам юунаас болоод худлаа ярьж байгааг зөв оношлох хэрэгтэй. Түүнийг оношлох хүн хүүхэдтэйгээ үргэлж хамт байгаа та ӨӨРӨӨ.

Ер нь хүүхдүүд яагаад худал ярьдаг вэ?

- Зэмлүүлэхгүйн тулд
- Хариуцлага хүлээхгүйн тулд
- Ичих болон эвгүй байдалд орохгүйн тулд
- Нууцаа хадгалахын тулд
- Дүүдээ, ах~эгчдээ атаархсандаа
- Бусдыг гомдоохгүй, дургүйг нь, уурыг нь хүргэхгүйн тулд
- Магтуулж хүндлүүлэхийн тулд гэх мэтчилэн томчууд биднэээс хамаарсан олон шалтгаанууд байдаг. Эдгээрийн аль нь вэ гэдгийг таньж байж худлаатай тэмцэх арга хэмжээгээ олох нь зөв. Оношоо олчихоод яах учраа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс нэмэлт зөвлөгөө авах нь зөв шүү.

 Үүнээс гадна биеийн багахан өө сэв, дутагдалтай байдлаасаа болж өөртөө итгэлгүй болж худал хэлэх нь ихэсдэг.

 Мөн дарамт болон байнгын бүтэлгүйтлээс болж худал яриад аргалах аргыг сонгох тохиолдол их.

👆 Багаас нь л худлаа яриад байгааг нь анзаарч анхаарал тавихгүйгээр "Томроод гайгүй болно биз" гэж орхивол өөртөө итгэлгүй, дээрэлхүү зан чанартай, хүнтэй нийцдэггүй, хэрүүл зодоон өдөөдөг, хүн хооронд үг зөөдөг болох магадлал маш өндөр байдаг.

👉 Худал ярихад нөлөөлж буй гэр бүлийн хүчин зүйлс:

Хүүхэд худлаа ярихыг эцэг эх, гэр бүлээсээ сурдаг. Учир нь та хүүхдэдээ худлаа хэлэх эсвэл түүний хажууд өөр хүнд худлаа яривал хүүхдэд худал ярих нь буруу зүйл биш юм байна гэсэн анхны ойлголт бий болдог. Утас дуугарахад “унтаж байна” хаалга цохиход “байхгүй байна” гэж хэлээрэй гэж хүүхдээрээ худал хэлүүлдэг шүү дээ. Үүнийгээ “гэмгүй худал” хэмээн нэрлэдэг, гэтэл тэр “гэмгүй худал” яриагаараа хүүхдээ өөрийн мэдэлгүй худал ярианд дасгачихдаг. Хүүхдийн ой ухаанд худал л бол худал байдаг гэдгийг мартаж болохгүй.

Мөн:
- Эцэг эхийн түрэмгийлсэн харьцаа.
- Эцэг эхийн хайхрамжгүй, анхаарал халамж дутмаг байдал
- Хоорондоо эв нэгдэлгүй, баяр хөөргүй гэр бүлийн уур амьсгал
- Эцэг эхийн хүүхдэдээ үл итгэх байдал
- Эцэг эхийн ажилгүйдэл, гэрийн орлого буурах
- Эцэг эхийн өвчлөлт эрүүл мэндийн байдал гэх мэтчилэн томчууд биднээс шалтгаалсан хүчин зүйлсүүд их байдаг байна.

Магадгүй худлаа ярьсандаа гэмшиж хүүхэд танд үнэнээ хэлэхэд нь уурлаж хашгичиж биш тайвнаар хүлээн авч “Үнэнээ хэлсэн явдал чинь надад маш их таалагдлаа”, “Үнэнээ хэлдэг нь сайн байна” гэх мэтээр хүүхдэдээ итгэл алдаагүй байгаа гэдгийг ойлгуулж байгаарай.

X
Нэвтрэх