Бид өмнөх дугаараараа эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагуудын талаар мэдээлэл хүргэсэн билээ. Үүнийг уншсан эцэг эхчүүд маань өөртөө нэлээд шүүмжлэлтэй хандсан байх аа гэж бодож байна. Тэгвэл энэ удаа эцэг эхчүүд тэдгээр сөрөг хандлагуудыг хэрхэн "засах" талаар зөвлөгөөг хүргэж байна.
- ХҮҮХДЭЭ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХГҮЙ
Аав ээжүүд хүүхдээ ахтай нь, эгчтэй нь, найзтай нь, ангийнхантай нь, найзынхаа хүүхэдтэй харьцуулдаг. Ингэж харьцуулдаг бол та хүүхэдтэйгээ улам л ойлголцож чадахгүй. Хүүхдийнхээ байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөөрэй.
- БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Тэр танаас л төрсөн хүүхэд шүү дээ. Намхан ч бай, өндөр ч бай таны хайраас л төрсөн. Та тэднийг байгаагаар нь хүлээн авбал хүүхэд сэтгэл тэнэгэр явна.
- ХАЙРАА ИЛЭРХИЙЛЭХ
Хүүхэд хайрлуулж байгаагаа мэдэрдэг байх нь чухал. Аав ээжүүд "хайр нь гаднаа хал нь дотроо" байх хандлагатай ажиглагддаг. Хайртайгаа хэлэх, мэдрүүлэх, тэврэх нь олон талын эерэг нөлөөтэй шүү.
- ОРОН ЗАЙД НЬ ХАЛДАХГҮЙ
Хүүхдийн эд хэрэглэлд халдахдаа зөвшөөрөл авах. Нууцыг нь хадгалах. Хүүхэд эцэг эхдээ өөрт тулгарч байгаа асуудлаа ярьдаг боловч эцэг эх нь нууцыг нь огт хадгалж чадахгүй хэн нэгэнд хэлж байгааг мэдсэн тохиолдолд дахиж нууцаа ярьдаггүй.
- ШИЙДВЭРИЙГ ӨӨРӨӨР НЬ ГАРГУУЛАХ
Хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй. Зүгээр л саналаа хэлэхэд болно. Мэргэжил сонголт, хувцас сонгох зэрэг асуудлууд дээр өөрөөр нь шийдвэр гаргуулах нь чухал.
- ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭХ
Аав ээж өөрсдөө гоё байх хэрэгтэй. Түүнээс ээж өөрийгөө гоёдоггүй, цэвэр цэмцгэр байдаггүй бол аав хүүхдийнхээ дэргэд тамхи татаж архи уудаг бол хүүхдээ цэвэрхэн бай гоё бай архи тамхинаас хол бай гэж шахах нь инээдтэй. Өөрөө хийдэг үлгэрлэдэг үйлдлээ л хүүхдээсээ нэхэх хэрэгтэй.
- АЛДААГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Ихэнх аав ээжүүд хүүхдээ алдаа гаргахад нь байж боломгүй зүйл мэт хүлээн авдаг. Алдаа гаргахаас хэт сэрэмжлүүлэх тусам хүүхэд харин ч алддаг.
- ТАЙВАН
Гэр орон амар тайван нөхцөлд хүүхэд эерэг хандлагатай болон төлөвшдөг.
- ХҮҮХДИЙНХЭЭ ОНЦЛОГИЙГ МЭДРЭХ
Эцэг эхчүүд хүүхдээ өөртэйгөө харьцуулдаг. Би хурдан шалмаг байхад манай хүүхэд залхуу гэдэг. Хүүхдийн темперамент аав ээжийнхээс өөр бол та яагаад ч хүүхдээ хурдан шаламгай болгох боломж байхгүй. Учир нь эхээс төрөхдөө л удаан, тайван хүүхэд төрсөн гэсэн үг юм.
Зөвлөх: Н. Ариун-Эрдэнэ