fbpx

Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. Харин орон нутагт нэгдүгээр сарын 13-наас хичээл эхэлнэ.

Ё.Баатарбилэг: Нийслэлийн ЕБС-ийн амралтыг долоо хоногоор сунгалаа

Posted by gogo.mn on Sunday, January 5, 2020

Хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногоор буюу нэгдүгээр сарын 10-нд дуусч ирэх долоо хоногийн даваа гарагт хичээл эхлэх ёстой.

Хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу ийнхүү амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр болж байна. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ талаар "Нийслэлд нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй байгаа бол амралтыг долоо хоногоор сунгаж, энэ долоо хоногийн хичээлийг агуулгаар нь нөхөх шийд гарсан. Орон нутагт нэгдүгээр сарын 13-наас хичээл эхэлнэ. Зарим аймаг буюу Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад томуугийн нөхцөл байдал хүнд байгаа тул яамтай зөвлөлдөн сунгах шийд гаргасан. Сурагчдын амралтыг долоо хоногийн хугацаатай нааш, цааш хөдөлгөх эрх нийслэл болон аймгийн Засаг дарга нарт бий.

Эцэг эхчүүдэд нэг зүйлийг ойлгуулж хэлэх нь зүйтэй. Эрүүл мэндийн яамны мэдээллээр томуу, томуу төст өвчний дэгдэлт 0-4 насны хүүхдүүдийн дунд их байгаа юм байна. Тэгэхээр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Хүүхдүүдийг гэртээ байх хугацаанд нь амин дэмтэй хүнсээр хангаж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. Сурагчдын амралтыг дахин сунгаж, хичээл сургалтын үйл ажиллагааг сунгах нь хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл гардаг. Сурагчдын амралтыг сунгаж болох ч гуравдугаар улирлын амралтаас хасагдана гэдгийг тооцох хэрэгтэй. 

Гуравдугаар улирлын амралтын үе буюу гуравдугаар сард томуугийн дэгдэлт гардаг. Тэгэхээр дахин амралтыг сунгавал яалт ч үгүй гуравдугаар улирлын амралтаас хасахаас өөр аргагүй. Энэ удаад хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр долоо хоногийн зохицуулалт хийлээ" гэсэн юм. 

Сэтгүүлч: Р. Адъяасүрэн

X
Нэвтрэх