fbpx

1-3 нас хүртэл

image

-ХОЁР НАСТНУУД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?-

📎 1~2 насанд хүүхдийн тархины нейроны шинэ холбоосууд маш эрчимтэй үүсдэг. Өөрөөр хэлбэл тархины эсийн хөгжлийн оргил үе гэсэн үг.

📎 Энэ хөгжих үйл явцад шаардагдах энергийнхээ 75 ХҮРТЭЛХ хувийг хоол хүнснээс авдаг. Тиймээс тогтмол цагт бага багаар шим тэжээлтэй эрүүл хооллолт чухал.

👍Хөхний сүү бол юутай ч зүйрлэшгүй ШИЛДЭГ хоол. Мөн тэд:

 2-3 үгтэй, 1-2 өгүүлбэрээр ярьдаг болно. Харин сонссон бүхнээ ойлгож чадна.

 Заримдаа бүх зүйлсээ бусадтай хуваалцана. Зарим үед хэнтэй ч хуваалцахгүй харамлаж өөрөө л хэрэглэнэ.

 Хамтрахыг хүсэхгүй бүхнийг өөрөө хийхийг хүснэ.

 Дуртай тоглоом дургүй тоглоомоо ялгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хөвгүүд машин, охид хүүхэлдэйн тоглоомоор түлхүү тоглоно. Мөн олон зүйлийг хольж хутгаж, асгаж буцааж савлах г.м тоглоомд дуртай. Тиймээс ухаж төнгөчих шүүгээ, тоглох элс хутгуур сав бэлтгэж өгөөрэй. Энэ нь ч танин мэдэхүйн хөгжлийн чухал ач холбогдолтой.

 Аливаа зүйлсийн зориулалт утгыг танина. Тухайлбал, удирдлага аваад ир, сувгаа соль г.мийг бүрэн ойлгоно.

 Харааны ой тогтоолт маш сайн ажиллана. Тиймээс ухаалаг утас, youtube ажиллуулах нь тэдэнд төвөггүй байдаг. Өөрөөр хэлбэл таны хийсэн үйлдлийг хараад л тогтоох боломжтой гэсэн үг. Тиймээс та энэ хөгжлийг нь илүү бүтээлчээр дэмжээрэй.

 Хоолоо өөрөө халбагадаж иднэ. Энэ үед асгаж цутгасан ч өөрт нь найдаж болно. Өөрөөр нь хийлгэхгүй бол хоолоо ч идэхгүй эсэргүүцэж чадна.

 Болох, болохгүйг танина. Өөрийгөө буруу зүйл хийснээ ойлгоно. Тухайлбал, хоол хэн асгачихав аа? гэхэд ойрын тоглоом, ширээ сандал гэх өөр зүйл рүү зааж буруутан болгоно.

 Энд тэнд эрээчиж сараачих дуртай болно. Энэ үед нь том хэмжээтэй цаас, самбар, нэг өрөөний ханыг бэлтгэж өгөх нь зүйтэй.

 Том зурагтай, богино агуулгатай зурагт номыг ойлгоно. Өөрийн дуртай номоо уншуулах гэж томчуудаас тусламж хүснэ. Энэ үед нь уйгагүй, сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлж, хамтран уншаарай. Хамтран унших гэдэгт хүүхдийн хамтын оролцоог хэлнэ. Хүүхдээр номын хуудсыг эргүүлүүлэх гэх зэрэг. Ингэснээр таны хүүхэд үгийн баялагтай, тод хэллэгтэй болж хөгжихөөс гадна сэтгэхүйн хөгжлийн маш эрчимтэй дэмжлэг болдог.

 Хэлэх дуртай үг нь ҮГҮЙ. Ямар ч тохиолдолд үгүй гэсэн үгийг ашиглах дуртай. Энэ нь "би" гэдэг бие хүний онцлогоо таньж буйн илрэл. Тухайлбал,
- Хамт тоглох уу гэсэн асуултанд - Үгүй, тэгье гэж хариулах жишээний.

 Өөрийн үсээ зулгаах, шал мөргөж уурлах, аав ээжийгээ цохиж зодох нь их ажиглагдана. Энэ нь бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн бухимдлын илрэл, таны анхаарлыг татах гэсэн оролдлогуудын нэг. Энэ үед та илүү тайван байж тэвэрч, халамжлан, хамтдаа тоглож түүнд үр дүнтэй цаг гаргаарай.

 Хөгжмийн хэмнэлийн өндөр, намыг ялгаж түүнд тохируулан хөдөлгөөн хийнэ. Энэ насанд хөдөлгөөний эрчимтэй хөгжлийн үе. Тиймээс хэмнэлтэй, хөдөлгөөнтэй дууг хамтдаа сурахад тохиромжтой. Тухайлбал, "Гурван тоорой"-н дууг хөдөлгөөнтэй нь хоршин хамтран дуулах.

Хүүхдийн хөгжил өссөн орчин, нөхцөл, гэр бүлийн харилцаанаас хамаараад харилцан адилгүй байдаг тул дээрх онцлогууд 6-8 сараар түрүүлж эсвэл хожимдож ажиглагдаж болохыг анхаарна уу.

X
Нэвтрэх