fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Монгол Контент” ХХК-иас эрхлэн гаргадаг Маамуу хүүхдийн нэвтрүүлгийн сар шинийн баярт зориулсан тусгай дугаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Үндэсний бүтээлийн уралдааны “Хүүхдэд зориулсан үндэсний бүтээл” төрөлд шалгарлаа.

“Маамуу төсөл” нь бага насны хүүхдийн боловсролд зориулсан олон төрлийн контент бүтээн, бяцхан хүүхдүүд болон залуу эцэг эхчүүдийн хүртээл болгодог бөгөөд түүний нэг нь Маамуу хүүхдийн нэвтрүүлэг билээ.

Бид бага насны хүүхдэд зориулсан, үндэсний хэв шинжийг агуулсан, өндөр чанартай, бүрэн хэмжээний контент бүтээх зорилгоо бодит болгож, 2017 оны есдүгээр сарын 1-нд анхны дугаараа үзэгчдийн хүртээл болгосноос хойш өнөөдрийг хүртэл нийт 180 орчим нэвтрүүлгийг бэлтгэн хүргээд байна.

Нэвтрүүлгээ илүү хүртээмжтэй, орон даяар хүргэхээр МҮОНТВ-тэй хамтран ажиллаж 2018 оноос эхлэн долоо хоног бүрийн Лхагва, Баасан, мөн Пүрэв, Бямба гарагуудад давталтын дугаарыг гаргаж байна.

17 дугаар жарны Хотол төгс хэмээгч Хулгана жилийн сар шинийн баярын дугаараа бид битүүлэх, золгох ёсон, үндэсний дээл хувцас, цээрлэх зүйлсийн талаар хүүхэд багачуудад сонирхолтой, ойлгомжтой байдлаар зохиомжлон МҮОНТВ-ээр хоёрдугаар сарын 23, 26, 27, 28-ны өдрүүдэд  олны хүртээл болгосон төдийгүй дохионы хэлний хөрвүүлэгтэйгээр Маамуу фэйсбүүк хуудсаар дамжууллаа.

Өнөөдрийн байдлаар сар шинийн баярын тусгай дугаарыг нийт 641,409 хүн үзэж, харин Маамуу Youtube сувгаар дохионы хэлтэй хувилбар нь 13,094 үзэлт, энгийн видео нь 5,645 орчим үзэлттэй байна.

 

Маамуу төслөө улам өргөжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн контент хийх, анимэйшн цувралаа олон улсын стандартад нийцсэн 3D форматаар бүтээх нь бидний 2020 оны тэргүүн зорилт бөгөөд бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсныг дуулгахад таатай байна.

2019 онд Маамуу Youtube суваг нь 100,000 дагагчтай болж, Youtube Silver Button авсан нь үнэнч үзэгч, дэмжигчдийн маань оруулсан үнэ цэнэтэй хувь нэмрийн үр дүн билээ.

Түүнчлэн Маамуу дүрийг маань үндэс сууриас нь дэмжиж, бидэнтэй хамтран ажиллаж байгаа үндэсний хамтрагчид болох Мобиком, Худалдаа Хөгжлийн Банк, Монос Хүнс, Монос Косметик, Монос Фарм Трэйд, Натурал Текстайл Групп (Эрдэнэт хивс), МИАТ, Монгол Филмс, МҮОНТВ нартаа талархах нь зүйн хэрэг юм.

Хүүхдэд зориулсан үндэсний бүтээлийн ялагчаар тодруулж, уран бүтээлч залуусыг маань урмаар тэтгэж, тэмүүллийг хурцалсан Засгийн Газар, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газарт талархлаа илэрхийлье.

 

X
Нэвтрэх