(6+) нас
1. “Дүрэм тогтоох” арга юм. Хүүхдийн өдөр тутам хийдэг, давтагддаг зүйлсийн дүрэм зохиож түүнийгээ мөрдөх зааварчилгааг тасралтгүй өгөх, сануулах. Тухайлбал, “Өглөө босоод нүүрээ угаагаад, шүдээ угаах. Унтахын өмнө маргааш сургуульдаа авч явах цүнхээ бэлдэж тавих” гэх мэт зайлшгүй баримтлах ёстой дүрмийг тогтоож тэрийгээ дасал болтол нь мөрдүүлэх нь хүүхдийн хайхрамжгүй байдлыг багасгаж чадах юм.
2. Сонсож байгаа зүйлдээ анхааран түүгээр дамжуулж төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх дасгалын арга
Арга: Эхлээд ээж нь ямар нэг юм өгүүлбэр хэлж тэр өгүүлбэрийг нь хүүхэд бүгдийг дагаж хэлсний дараа дахин өөр юм нэмж хэлнэ. Тухайлбал,
Ээж : “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ.”
Хүүхэд: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэгээд тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ.”
Ээж: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ. Цэцэг салхинд найган найган байна.”
Хүүхэд: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ. Цэцэг салхинд найган найган байна. Эрвээхэй толгой нь эргэжээ.” гэх зэргээр үйл явдлыг утгатайгаар үргэлжлүүлэн аль болох дуусгахгүйг хичээх.
Үр дүн: Хүүхэд өөр хүний ярианд анхаарлаа хандуулж өөрийн хэлэх өгүүлбэрээ төлөвлөж, өмнөх өгүүлбэрийг мартахгүйг хичээж анхаарал сайн төвлөрч, анхаарлаа хуваарилж өөрөө удирдаж чаддаг болоход дөхөм. Мөн “Дэвхрэг шоргоолж хоёр”, “Алтан загасны үлгэр” “Долоон өндөгтэй шаазгай” гэх зэрэг үлгэрүүдийг уншиж өгч, жүжигчлэн ярилцаж болно.
3. Хичээл хийх цагийг богино байлгах
Салхи шиг тогтож сууж чаддаггүй хүүхдийг сургахдаа эхлээд хичээлийн цагийг “богино” байлгах нь дээр юм. Хүүхдийн нэг удаад төвлөрч сууж чадах хугацаа нь хэр хэмжээтэй болохыг сайн ажиглаж мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд 5 минут орчим төвлөрч чадах чадвартай гэвэл 1 удаад энэ хугацааг хэтрүүлэхгүй байх даалгавар өгөх хэрэгтэй. Энэ үед нь дэргэд нь гэр бүлийн хэн нэг хамтдаа өөрийн бичиж зурах зүйлийг ч хийнэ. Хүүхэд асуулт асуух үед хариулан дэмжиж хүүхдийн анхаарлыг өөр тийш хандуулахгүй тасралтгүй оролдох үйл явцыг хадгалах нь их чухал.
4. Элдэв зааварчилгаагаа илүү “нарийн, тодорхой” хэлж өгөх шаардлагатай. “Тооны бодлогоо бод” гэхээсээ илүү “Тооны хичээлээ 1- 5 хүртэл бодоод надад шалгуулаарай”, Гэрээ цэвэрлэ гэхээс илүүтэй “Чи гал тогооны өрөөг цэвэрлээрэй” гэх зэргээр тодорхой зааварчилгаа өгвөл хүүхэд сайн ойлгож үр дүнтэй гүйцэтгэж чадна. Ингэснээр хүүхдэд үүрэг даалгавар гүйцэтгэх дадал бий болдог.
5. Анхаарал муу хүүхдийг хичээл хийлгэх бас нэгэн өөр арга бол “тухай тухай” бүрд нь урамшуулах арга. Хүүхдийн анхаарал суларч байгаа мэт санагдах үед урам өгч анхаарлыг нь эргэн татах арга юм. Жишээлбэл, хүүхэд 10 тоо бодох ёстой байтал гурвыг бодоод уйдаж магад. Энэ үед “Хөөх, миний хүү аль хэдийн гурвыг нь бодчихсон юмуу? Өмнөхөөсөө илүү хурдан болсон байна” гэх зэргээр урамшууллын аргаар үргэлжлүүлэн хийх өдөөлтийг өгнө.
6. Хөгжим. Хөгжим хүүхдийг сэдэлжүүлж, сурах үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Доорх аялгуунаас хоёр, гурвыг нь сонгоод анхаарал төвлөрөлт муу, тогтвортой суудаггүй, нэг зүйлээ хийж дуусаагүй уйддаг хүүхдэдээ өдөрт бүр, тогтмол цагт 15-20' сонсгож хэвшвэл бүр илүү үр дүнтэй.
🎶 Ludwig van Beethoven: 'Emperor Concerto for Piano, No. 5'
🎶 Wolfgang Amadeus Mozart: 'Symphony No. 40 in G Minor'
🎶 Johann Sebastian Bach: 'Brandenburg Concertos'
🎶 George Frideric Handel: 'Water Music'
🎶 Johannes Brahms: 'Concerto for Violin, D Major'
🎶 Antonio Vivaldi: 'The Four Seasons'
🎶 Peter Ilyich Tchaikovsky: 'Concerto for Piano No. 1'
🎶 Johann Pachelbel: 'Canon in D'
7. Хөдөлгөөн. Өдөр бүр тогтмол 20-25 минут агаар сайтай газраар алхаж байх. 2 сарын турш 20 минутаар алхсны дараа бие бялдар, харилцааны системийн хөгжлөөс гадна тархины хөгжил 20%-аар идэвхждэг (Dr. Chuck Hillman). Амжихгүй бол гэр бүлээрээ гэртээ чөлөөт бүжгийн хэмнэлд 10' бүжээрэй.
8. Нойр. Үдэш 21:00-22:00 цагийн хооронд унтаж хэвших. Хэвшүүлж чадвал өглөөд 8:00-9:00 сэрэхэд тохиромжтой. “Нэг цагийн дутуу нойр хоёр жил юуг ч шинээр таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцдэг” гэсэн эрдэмтдийн үг бий. Хүүхдийн анхаарал төвлөрөлт, ой тогтоолтонд сайн унтуулж амрааж байх нь маш чухал нөлөө үзүүлдэг.
9. Цахим хэрэглээг тодорхой хязгаартай, зөв хэрэглээтэй байхад чиглүүлж өгөх, асран хамгаалагчид өөрсдөө үлгэрлэх.