fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол Улсад төрөлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын тоо өсөж байна. Энэ нь нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талд, эмэгтэйчүүд, ээжүүдэд зарим сөрөг үр дагаврууд гардаг талтай.

Манай улсад жилд дунджаар 80 мянга орчим эмэгтэй амарждаг бөгөөд тэдний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Сүүлийн жилүүдэд төрж буй ээжүүдийн 90 орчим хувь нь 35 хүртэлх насныхан. Тэд ид хийж бүтээх, нийгмийн харилцаанд орох насандаа хүүхэд төрүүлснээр хувь хүний хөгжил нь хоцрохоос эхлээд олон бэрхшээлтэй тулгарч байгааг судалгаагаар тогтоожээ. Тэр дундаа нийслэлд нярай хүүхдийн тусгай асаргаатай цэцэрлэг цөөн учраас 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллах, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх боломж бага байна.

Төрөөс хүүхэд харах үйлчилгээнд зориулж төсөв баталж байгаа ч мэргэжлийн асрагч, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл тэр бүр хангалттай бүрдэж чадахгүй асуудлууд гардгийг Мэргэжлийн хяналтынхан хэлсээр байна. Ийм цаг үед стандартын шаардлага хангасан Ээж, хүүхдийн хамтын хөгжлийн цоо шинэхэн “ЭЭЖ” төв хаалгаа нээлээ.

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төвийг үүсгэн байгуулжээ. “Ээж” төв нь хүүхэд харах үйлчилгээний мэргэжлийн асрагч бүхий өрөөтэй, хүүхдийн тоглоомын өрөөтэй, мөн номын сан болон уулзалт, сургалтын танхимуудаас бүрдэж байна. Ээжүүд хүүхдээ асрагч нарт санаа амар үлдээгээд англи, хятад хэлний курс, фитнесс иогийн хичээл, жолооны курс, хувь хүний хөгжлийн сургалтуудаас сонгож хамрагдахаас гадна хоорондоо шинэ нөхөрлөл бий болгож, туршлага солилцох, хамт хөгжих боломжийг бүрдүүлснээрээ “ЭЭЖ” төв Монголдоо анхдагч болж байна.

Гаднын олон улс орнуудад хэвшсэн энэ үйлчилгээг ийнхүү Монголдоо анхлан нэвтрүүллээ. Энэ төвд зөвхөн төрсөн гэлтгүй жирэмсэн болохоор зэхэж буй болон жирэмсэн ээжүүд мөн хандаж төрөхийн өмнөх сэтгэлзүйн болон бусад сургалтуудад хамрагдах боломжтой. Мэргэжлийн баг ЭЭЖ бүхэнд зөвлөгөө, мэдээлэл, сургалт өгөхөөр ажиллаж байгаа нь ЭЭЖ төвийн онцлог, давуу тал юм.

 

X
Нэвтрэх