Хүүхдэдээ хараа хяналт тавих нь мэдээж сайн хэрэг боловч амьдралынх нь үйл хөдлөл бүрийг хянаж, зааж зааварлах нь тухайн хүүхдийн ирээдүйд “муугаар” нөлөөлдөг аж.
Учир нь ингэснээр хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, амьдралд тохиолддог саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатгүй болдог байна. Нөгөөтээгүүр, тэдний амьдралд тулгарч буй зарим бэрхшээлийг өөрсдөөр нь шийдвэрлүүлэх нь олон давуу талтай. Тиймээс та бүхэнд хүүхдийг багаас нь биеэ даасан, өөртөө итгэлтэй болгон хүмүүжүүлэхийн ач холбогдлыг танилцуулъя.
- ЭНЭ НЬ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Хүүхдэд өөрөө бие даан туулах ёстой үе шат гэж байдаг. Зарим зүйлс дээр эцэг эх хэт оролцохгүй байвал хүүхдийн хөгжил, танин мэдэх үйл ажиллагаа сайжрах төдийгүй асуудлыг шийдвэрлэж сурдаг. Тиймээс хүүхдийнхээ хөдөлгөөнийг хязгаарлах хэрэггүй. Таны хийх ёстой зүйл бол мөлхдөг, хөлд орж байгаа бяцхан үрдээ аюулгүй орчинг нь бүрдүүлж өгөх явдал юм.
- АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ СУРНА
Хэцүү нөхцөл байдал үүссэн ч хүүхдийг өөрөөр нь шийдвэр гаргуулах нь тэдний ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт юм. Хүүхэд бүх зүйл дээр зөв шийдвэр гаргах албагүй ч өөрт нь тохирсон нөхцөл байдалд шийдвэр гаргах эрхийг нь өгч байгаарай. Нөгөөтээгүүр, хүүхэд бүх шийдвэр зөв байдаггүйг мэдэж авах төдийгүй зөв, буруу хоёрын ялгааг багаасаа ойлгох болно.
- СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНАЖ СУРДАГ
Хүүхдийн үйл хөдлөл бүрийг цэгнэх хэрэггүй. Хүүхэд багаасаа бие дааснаар аяндаа тодорхой нөхцөл байдалд тохируулан биеэ зөв авч явж сурдаг. Ой гарантай хүүхэд ямар нэг зүйлд уйлж хариу үйлдэл үзүүлэх нь хэвийн зүйл байж болох ч магадгүй үүнээс том хүүхдүүд үргэлж уйлж, эцэг эхээсээ зууралдах нь тийм ч зөв хүмүүжил биш.
- ХҮҮХДИЙГ ИЛҮҮ УХААЛАГ БОЛГОДОГ
Хүүхдийнхээ даалгаврыг байнга харж, хянаж, цуг хийдэг юм биш биз? Энэ бол тийм ч зөв зүйл биш шүү. Таны тусламжтайгаар тоогоо бодож дуусгасан хүүхэд, өөрөө “учрыг нь олж, хужрыг нь тунгааж” хийсэн хүүхэд хоёрын хооронд асар их ялгаа бий. Өөрөө бие дааж гэрийн даалгавраа хийсэн хүүхэд ядаж л “алдаа” гаргаж, түүнийгээ өөрөө олж, ойлгож сурдаг.
- ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЖ, ҮГ ҮЙЛДЛЭЭ ЗОХИЦУУЛЖ СУРДАГ
Бүтэлгүйтэлтэй нүүр тулгарах нь заримдаа хамгийн сайн сургамж болдог. Энэ нь хүүхэд алдаанаасаа суралцаж, цаашид юу хийх ёстойгоо таньж мэдэх ач холбогдолтой. Хүний амьдралд ямар нэг байдлаар азгүйтэх, бүтэлгүйтэх, алдаа гаргах үе тулгардаг учир хүүхэд багаасаа ийм зүйлийг мэдэж авснаар хожим ийм зүйлтэй нүүр тулбал юу хийх ёстойгоо мэддэг болсон байдаг.
- ТУСЛАМЖ ХҮСЭХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ГЭДГИЙГ ОЙЛГОДОГ
Мэдээж хэрэг хүүхэд бусдаас айж эмээлгүйгээр тусламж хүсэж сурах нь чухал. Харин энэ тохиолдолд таны хариу үйлдэл хамгийн чухал. Таны тусламжаас хамаарч хүүхэд дахин томчуудаас тусламж хүсэх эсэхээ шийддэг.
Эх сурвалж: Bright Side