fbpx

Ээж, аавуудад

Зураг зурах сонирхолдоо хөтлөгдөн, өөрийгөө илэрхийлэх урлаг болгож чадсан авьяаслаг зураач Д.Дөлгөөн-Эрдэнэ хүүг та бүхэнд танилцуулъя. Тэрээр “TOYOTA” корпорацын зүгээс зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны 2019 оны тэргүүн бүтээлийн эзэн юм. Уралдаан, тэмцээнд бүтээлээ сорьж, өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг зорьдог Б.Дөлгөөн-Эрдэнэ хэрхэн бүтээл туурвиж шинэ санаа олдог, ямар хэцүү шалгуурыг давж гарсан, үздэг youtube суваг, подкаст гээд олон мэдээллийг бидэнтэй хуваалцсан юм.  

Энэ ташрамд уншигч та бүхэнд TOYOTA: "МӨРӨӨДЛИЙН МАШИН 2020" 14 дэх удаагийн олон улсын хүүхдийн гар зургийн уралдаан зарлагдсаныг дуулгахад таатай байна. Та бүхэн уралдаанд хэрхэн бүтээлээ ирүүлэх, ямар шаардлага хангасан байх зэрэг мэдээллийг ЭНД дарж аваарай. Хүүхдүүд та бүхэн хөл хорионы цаг үеийг өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлийг сорьж үзэхэд зориулаарай. Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2021 оны нэгдүгээр сарын 5-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм.

ЖИЛ ИРЭХ ТУСАМ ХӨГЖИЖ, ӨӨРТӨӨ ДЭВШИЛ ГАРГАЖ БАЙНА

-Сайн уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Бямбадоржийн Дөлгөөн-Эрдэнэ гэдэг. 12 настай. “Хобби” сургуульд сурдаг. Би зураг зурах, спортоор хичээллэх дуртай. Сагс, гар бөмбөг, бассейн гээд бүгдэд нь сонирхолтой. Одоо хөл хорио тогтоочихсон болохоор гэртээ аавтайгаа спортоор хичээллэж байна. Мөн гэртээ байгаа цагаа ашиглаад олон уралдаанд оролцохоор хичээж байна.

-Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ. Гэр бүлийнхэн нь зурах сонирхлыг нь хэр дэмждэг бол?
-Би хоёрдугаар ангид байхаасаа зурах урлагийг маш их сонирхсон. Тэгээд уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ намайг зурахад дуртай байдаг. Маш сайн дэмждэг. Ялангуяа ээж маань байнга надад зөвлөж бас хамгийн сайн шүүмжлэлийг өгдөг.

-Зургийн уралдаанд орохын тулд бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Хамгийн түрүүнд өөрт байгаа цагаа тодорхойлно. Надад энэ зургийг зурж бүтээхэд хэдий хэр хугацаа байгаагаа мэдээд бэлтгэлээ базаана. Онгод оруулахаар оюун санаагаа амраана. Зургийн хэрэгслээ бүрдүүлж, чимээгүй, өөрийнхөөрөө байх тухтай орчноо бүрдүүлдэг. Ингээд л болоо доо.

-Зурахын тулд онгодоо хөглөдөг байх нь ээ?
-Тийм ээ. /Инээв/ Яг маш сайн төвлөрчихсөн зургаа зурж байхад хүн хажуугаар орж ирэх, саад болох төвөгтэй санагддаг. Маш сайн бодож, юу зурах, ямар агуулга илэрхийлэхээ төлөвлөх, шинэ санаа орж ирэхийг онгод гэж боддог.

-“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны 2019 оны шилдэг бүтээлийн эзэн болж байсан шүү дээ. Чиний зурагт дурлаж, бүтээл урлах гараагаа эхлэхэд тус болсон хүн бий юу?
-Би хоёрдугаар ангид сурдаг байхдаа зургийн багштай болсон. н.Өлзийбаяр багш маань хаана, ямар зургийн уралдаан болж байгааг надад хэлж бид хамтдаа бэлддэг байсан. Манай багш анх намайг зурахыг харчхаад зураач болгоно гэж ярьдаг байсан. Хичээл тараад л зургийн дугуйландаа орж, амралтын өдрөөр хүртэл хичээллэдэг байсан. Багшийнхаа ачаар л би анхны сууриа зөв тавьж, уралдаанд орж эхэлсэн.

-Өнгөрсөн хугацаанд өөртөө хэр их ахиц дэвшил гарсан гэж бодож байна?
-Миний зурах арга барил, зургийн хэрэгсэл гээд бүх юм өөрчлөгдсөн. Сайн ахиц гарсан гэж бодож байна. Гурван жилийн өмнө гуашаар буддаг байсан бол одоо зориулалтын хэрэглэгдэхүүн ашиглаж байгаа. Жил ирэх тусам хөгжиж, өөртөө дэвшил гаргаж байна.

-Зургийн тэмцээнд оролцоход хэцүү асуудал тулгардаг уу?
-Намайг зургийн уралдаанд оролцохоор багш нь зурсан байна гээд шагналт байранд оруулдаггүй тохиолдлууд байсан. Өөрөө очиж л зурахгүй бол итгэдэггүй байсан. Би өөрийн биеэр очиж зурж үзүүлж, өөрийгөө баталж байсан удаа зөндөө бий.

-Оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн сонирхолтой бас сорилттой нь юу байсан бол?
-Би “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаан гэж хэлнэ. Яагаад гэвэл олон улсын тэмцээн учраас маш өргөн хэмжээнд сэтгэхийг шаарддаг. Өөрийн санаа, зургаа амилуулахын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг.

Эхлээд бодно. Санаагаа гаргана. Тэгээд харандаагаар зурна. Туршилтаар зурж үзнэ. Хамгийн сүүлд жинхэнэ цаасан дээрээ зурж, бүтээлээ баяжуулна. Тухайн зургаасаа шалтгаалаад цаг хугацааг зарцуулдаг. Том зургийг нэгээс хоёр сар зурах ч тохиолдол бий. Олон дүрслэл, алслалттай зурахад бүр их уддаг. “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаан жил бүр хэзээ зохион байгуулагддагийг мэддэг болохоор эртнээс бэлддэг.

-Зурахдаа дуу сонсдог гэж байсан. Манай уншигчдад дуртай дуунуудаасаа хуваалцаач?
-Зургийнхаа агуулгад нийцсэн хөнгөн зөөлөн хэмнэлтэй, эрч хүч, эерэг энерги өгөх дуунууд сонсдог. Жишээлбэл sunflowerkahoot itheathens зэрэг дуу байна. Зураг зурж байхдаа гоё дуу сонсохоор бараг босож бүжиглэчих гээд эрч хүч ордог. Харин чөлөөт цагаараа өөр төрлийн дуунууд сонсдог.

-Урам зориг авч, суралцдаг хүн бий юу?
-Маш их алдартай, намайг танихгүй, гадаадад амьдардаг хүн байдаг. Тэр хүн комик зураг зурдаг ZHC гэсэн сувагтай youtuber юм. Хэрхэн сүүдэрлэж зурах зэрэг маш олон шинэ зүйлийг түүнээс сурдаг. Энэ хүний зааварчилгааг хэрэгжүүлж эхэлсэн. Би яг л багш шигээ боддог. Youtube суваг нь бараг 20 сая дагагчтай. Миний гар маш их чичирдэг учраас жижиг дүрслэлүүдийг зурахад хэцүү санагддаг. Үүн дээрээ анхаарч суралцаж байгаа.

-Ихэвчлэн зурдаг зургийнхаа агуулгын тухайд яривал?
-Миний зургийг энгийн хүмүүс ойлгохгүй тохиолдлууд бий. Ээж, аавын найзууд орж ирээд миний зургуудыг хардаг. Тэгээд ямар утгатай зургийг нь надаар тайлбарлуулдаг. Гэсэн хэдий ч зарим нь ойлгосон юм шиг царай гаргасан хэрнээ ойлгоогүй байдаг. Зураач, мэргэжлийн хүмүүс л нарийн харж байж ойлгох зургууд зурдаг. Агуулга нь маш гүнзгий. Заримдаа манай багш ч ойлгодоггүй. Жижиг хэсгүүдийг нь сайн харж байж л ойлгоно.

-Бүтээл хиймээр байвч шинэ санаа төрөхгүй, зогсонги байдалд орох тохиолдол байдаг байх. Тэр үедээ өөртөө хэрхэн урам зориг өгдөг вэ?
-Огт шинэ санаа орж ирэхгүй үед өөрийгөө “алив бодооч” гээд л хатуу үздэг. Тэгээд ойр тойрныхонтойгоо ярилцана, асууна. Бүр болохгүй бол тоглож байгаад тайвширна. Санаа гарахгүй байвал бачимдаад байдаг. Би уран зохиолын багшаасаа хүртэл асууж санаа авч байсан. Өөрийгөө зоригжуулахын тулд амарна, тоглоом тоглоно.

-Зурах сонирхолтой ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөмөөр байна?
-Эхлээд юу ч бодолгүйгээр зурдгаараа зур. Зураад л байвал өдөр ирэх тусам сайжирна. Бас туршлагатай хүмүүсээс суралцах хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүмүүсийн подкаст сонс. Хичээвэл хэн ч зурж чаддаг болно. Би чөлөөт цагаараа хүмүүсийн ярилцлага унших, подкаст сонсох дуртай. Манай найз надад “Форбес” сэтгүүлийн хэдэн дугаар өгсөн. Би бүгдийг нь уншсан. Надад маш их таалагдсан. Бас амжилтанд хүрсэн хүмүүсийн ном унших дуртай.

-Манай уншигчдад хамгийн өгөөжтэй гэж боддог гурван подкаст хуваалцаач?

  • Mr.Beast,
  • Jeff Bezos,
  • ZHC

-Энэ жилийн “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаанд оролцож байгаа өрсөлдөгчдөдөө юу гэж хэлмээр байна вэ?
-Бүгдэд нь амжилт хүсье. Ирэх жилүүдэд амжилт гаргаарай. Би өөрөө өрсөлдөгч нь болохоор ингэж л хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье.
-Маш их баярлалаа.

"МӨРӨӨДЛИЙН МАШИН" 14 дэх удаагийн олон улсын хүүхдийн гар зургийн уралдааны УДИРДАМЖ.

X
Нэвтрэх