fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, интерактив хичээлийг хамтдаа хийсэн эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонирхлоо.


“ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ЯВАХГҮЙ БАЙГАА ЭНЭ ҮЕД ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ, МЭДЛЭГТ НЬ МАШ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА”

Цэцэрлэгийн бага бүлэгт суралцдаг 2 настай Б.Хүслэнгийн ээж Б.Уранзаяа:

Хүү маань интерактив хичээлийг их дуртай хийж байгаа. Өөр юм хийж байгаад л гэнэт “Ээж ээ би бөмбөг хийе, бөмбөгөө Томоо шиг шидэж байна уу” гээд л бөмбөгөөрөө тоглодог юм. Манай хүү бөмбөгөөр тоглох дуртай болохоор хөдөлгөөн эрүүл мэндийн хичээлийг дахин дахин үзээд их дуртай сонирхож, дагаж хийж байгаа.

Бүх хичээл нь хүүхдэд тохирсон сонирхолтой санагдсан.  Хүү маань одоо 2 нас 6 сартай.  Өнгөрсөн намар цэцэрлэгт явж эхэлсэн боловч хөл хорионоос болоод гэрээс гарахгүй байхаар их уйдах юм. Бас энэ насандаа авах ёстой мэдлэг мэдээлэл сурч мэдэх юмнаасаа хоцроод байх шиг санагдаж санаа зовж байлаа. Сэтгэхүйг хөгжүүлэх сонирхолтой  тоглоом авч өгч тоглуулах, зурагтаар хүүхэлдэйн кино үзүүлэхээс өөрөөр хэрхэн хөгжүүлэхээ сайн мэдэхгүй байсан. Харин энэхүү интерактив хичээл хүүхдийн насанд нь тохирсон сонирхлыг нь татсан, эцэг эхчүүд бидэнд ч хүүхдэдээ зааж сургахад тустай ялангуяа цэцэрлэг, сургуульд явахгүй байгаа энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдлэгт нь маш том хөрөнгө оруулалт болж байна.

Бүгдийг “Би өөрөө хийнэ” гэдэг нь ийм насны хүүхдийн онцлог юмуу даа. Аливааг өөрөө хийх гэж зүтгэдэг нь интерактив хичээлийг хийхэд их дөхөм болж байна. Учир нь би эхний удаад л зааж өгч хамтдаа хийсэн ба түүнээс  хойш “би өөрөө чадна, би өөрөө хийнэ” гээд л намайг оролцуулахаа больж, би холоос хараад л сууж байдаг болсон. Мэдээж хүүхдийнхээ мэдэхгүй чадахгүй байгаа, асууж байгаа зүйлд нь байнга хариулж, хэлж өгч үргэлж туслагч нь байхыг л хичээдэг дээ.


"ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ НЬ МАШ ОЙЛГОМЖТОЙ, СОНИРХОЛТОЙ, ХҮҮХДИЙГ УЙДААХГҮЙ, ХӨГЖИЛТЭЙ БӨГӨӨД ХӨӨРХӨН ЮМ"

ЕБС-ийн 3-р ангийн сурагч Э.Ган-Эрдэнийн ээж Т.Одцэцэг

Хүү маань хөнгөн хэлбэрийн аутизмтай учраас заримдаа мэдэхгүй ойлгохгүй зүйлс их гардаг юм. Тийм болохоор теле хичээл болон даалгавруудаа бие даан хийхэд бага зэргийн хүндрэл гардаг. Харин интректив хичээлүүд нь хүүд маань ойлгоход их дөхөм, өөрөө бие даан хийхэд төвөггүй  байдаг юм. Тиймээс миний хүү интерактив хичээлийг маш дуртай хийж байгаа.  Хамгийн их таалагдсан хичээл нь Англи хэл байсан. Интерактив хичээл нь маш ойлгомжтой, сонирхолтой, хүүхдийг уйдаахгүй, хөгжилтэй бөгөөд насанд нь тохирсон хөөрхөн хичээлүүд байна. Хүүхэд маань ихэвчлэн тоглоомын арга барилаар шинэ зүйл сурах дуртай байдаг. Нөхөр бид хоёрын зүгээс хүүхдийнхээ хичээлд их анхаарч хичээлийг нь дандаа хамтдаа хийдэг. Ер нь бага ангийн хүүхдийн суралцах үйлд эцэг эхийн байнгын оролцоо, туслалцаа шаардлагатай гэж боддог.


"ХҮҮХДИЙН ТОГЛОХ ХЭРЭГЦЭЭГЭЭР ДАМЖУУЛАН БОЛОВСРОЛ ОЛГОНО ГЭДЭГ МАШ ТОМ ДАВУУ ТАЛ"

Цэцэрлэгийн дунд бүлэгт суралцдаг 3 настай А.Эрдэмийн аав Т.Амарсанаа

Энэхүү хичээл нь нэрнээсээ хүртэл сонирхолтой санагддаг. Хүү маань цугтаа хичээлээ хийе гэхээр баяртай хүлээж авч байгаа. Бага насныханд таблетнаас үзүүлэх нь илүү тохиромжтой юм билээ. Хүүд маань хичээлийн эхэнд гардаг зурган өгүүлэмж нь их таалагддаг ба энэ нь үзэж буй хүүхдийн анхаарал төвлөрөлт, тухайн агуулга руу татагдан орох түрхүүр нь болдог. Аав ээжүүд ч үзэх дуртай байдаг. Интерактив хичээлийг цаг үеэ олсон их зөв цагт гаргаж байна. Энэхүү хичээлийг хийх үеэр хүүхэд тоглоом тоглож буй мэт, аав ээжтэйгээ хамтдаа хөгжилдөх мэт болж өнгөрдөг. Хүүхдийн тоглох хэрэгцээгээр дамжуулан боловсрол олгоно гэдэг маш том давуу тал. Хүүхэд их сониуч, бас их амархан уйддаг. Бүхнийг өөрөө хийж үзэх, бусдад хийсэн зүйлээ гайхуулж магтуулах дуртай байдаг. Ялангуяа бага насныханд өөрөөр нь юм хийлгэх нь тэдний танин мэдэхүй, суралцах хөгжилд түлхэц болдог гэж боддог. Магадгүй өөрөө хийж үзэх боломжийг олгосноороо интерактив хичээлд хүүхэд маань дуртай байсан байх. Хүү маань 3 настай. Бага насны хүүхэд бие бялдрын идэвхи сайтай байхаас гадна эрт үедээ зөв төлөвших, өөртөө итгэх итгэл олж авах нь чухал санагддаг. Иймд хамт тоглох, хамт боловсролын контент түлхүү үзэх зэргээр хүүхдийнхээ дуртай зүйлээр дамжуулан шинэ зүйлд суралцуулахыг чухалчилж байна. Бас их хөөцөлдөж, ноцолдож тоглодог.


"ХИЧЭЭЛИЙГ ШИНЭ АРГА БАРИЛААР ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ БОЛГОСОН УЧРААС ХҮҮХДҮҮД ИЛҮҮ САЙН ОЙЛГОЖ АВЧ БАЙНА"

ЕБС-ийн 5-р ангийн сурагч М.Цэлмэгийн ээж Ц.Мөнхдэлгэр

Интерактив хичээлүүд нь зураглал сайтай видео хичээлүүдтэй учраас маш сонирхож хийж байгаа. Тэр дундаа Хүн ба байгаль хичээлийг илүү сонирхож үзсэн. Интерактив хичээл нь шинэ арга барилаар хичээлийг илүү сонирхолтой болгосон учраас хүүхдүүд илүү сайн ойлгож хүлээж авч байна. Охин маань ном сурах бичгээс шинэ зүйлсийг суралцдаг. Тэр дундаа уран зохиолын ном унших маш дуртай ном дээр гарсан зүйлсээсээ мөн ярьж өгдөг. Бид охиндоо аль болох өөрөөр нь бие даан хийлгэхийг оролддог. даалгаваруудыг нь дараа нь шалгаад дутуу эсвэл буруу хийсэн зүйлийг нь тайлбарлаж засуулах маягаар хамтран хийдэг.


 "ХҮҮТЭЙГЭЭ ХИЧЭЭЛИЙГ НЬ ХАМТДАА ХИЙХЭД НАДАД МӨН СОНИРХОЛТОЙ, ЗУГААТАЙ САНАГДСАН"

Цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг 4 настай С.Төгөлдөрийн ээж Б.Уянга

Хүү маань интерактив хичээлээ маш сониучирхаж, дуртай хийж байна. Хамгийн их таалагдсан хичээл аль нь “Цаасан онгоц” байлаа. Эцэг, эхийн хувьд интерактив хичээлийг хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжин хамтдаа хийхэд мөн сонирхолтой, зугаатай санагдсан.

Хүү маань тоглоомоор, танин мэдэхүйн болон үлгэрийн номнууд, хүүхэлдэйн киноноос гол төлөв суралцдаг. Мөн бид аль болох бусад орны үеийн насныхан нь юу хийж байгаа талаар мэдээлэл интернэтээс судалж хүүхэдтэйгээ хамт бүтээлч ажлууд хийдэг. Гэрийн ажлууд, хичээлүүдийг аль болох хамт хийхийг хичээдэг.


Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд та ч мөн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

https://gogo.mn/r/dk19n

X
Нэвтрэх