fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Эмэгтэй хүн бие давхар болсноо мэдсний дараа хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг бол юу идэж болох, болохгүйгээ мэдэж авах юм. Ингээд энэхүү нийтлэлээрээ жирэмсний үед хэрэглэхээс татгалзвал зохих хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

1. ТҮҮХИЙ БОЛОН ДУТУУ БОЛЦТОЙ ЗАГАС

Сүши идэх дуртай эмэгтэйчүүдийн хувьд энэ бол маш таагүй мэдээ билээ. Түүхий загас олон төрлийн өвчин үүсгэгч нян, бактери агуулдаг. Тиймээс загастай хоол, хүнс хэрэглэхээр бол бүрэн гүйцэт болгохыг анхааруулж байна.

2. ДУТУУ БОЛЦТОЙ МАХ

Амьтны махыг гүйцэд болголгүйгээр хэрэглэх нь э. коли, листериа, салмонела тэргүүтэй бактери, шимэгч хорхой үүсгэх эрсдэл өндөртэй. Энэ төрлийн бактериуд зөвхөн танд нөлөөлөөд ч зогсохгүй бяцхан үрд тань нөлөөлж, улмаар дутуу төрөх, эпилепси өвчин тусах зэрэг эрсдэлд оруулдаг.

3. ТҮҮХИЙ ӨНДӨГ

Жирэмсэн эмэгтэйчүүд болгож хэрэглэх шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдийг бүрэн болгож идэх хэрэгтэй гэж ойлгоход л болно.

Түүхий өндөр салмонела нянгаар бохирдсон байх магадлал өндөр. Энэ тохиолдолд халуурах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ.

Тиймээс дутуу болгосон өндөг, гэрийн нөхцөлд хийсэн майонез, зуушны соус, зайрмаг, тортны крем хэрэглэхээс татгалзаарай.

4. КАФЕЙН АГУУЛСАН ХҮНС

Орчин цагт өдөр тутамдаа кафейн агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүн цөөн байх. Хэрэв та кофе, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, болон цай уух дуртай бол хоолны дэглэмдээ маш том өөрчлөлт хийх шаардлагатай аж.

Гэхдээ жирэмсэн эмэгтэйн өдөрт хэрэглэх боломжтой кафейны хэмжээг 200 миллиграмм хэмээн тогтоосон байдаг тул үнэхээр л хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол багахан хэмжээнд хэрэглэж болох нь.

Харин жирэмсний үед кафейн ихээр хэрэглэх нь ургийн өсөлтийг хязгаарлаж, бага жинтэй төрөх эрсдэлийг дагуулдаг. Энэ нь нялхсын эндэгдэл болон насанд хүрсний дараа архаг өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

5. УГААГААГҮЙ ЖИМС, НОГОО

Та санаа зовох хэрэггүй ээ. Мэдээж жимс болон хүнсний ногоог хэрэглэх бүрэн боломжтой. Тэгэх ч шаардлагатай. Гэхдээ хэрэглэхдээ сайтар угааж, хальсийг нь арилгах ёстойг анхаараарай.

6. СОГТУУРУУЛАХ УНДАА

Хүмүүс жирэмсний үед дарсыг бага хэмжээгээр уух нь аюулгүй гэлцдэг ч мэргэжилтнүүд энэ үед согтууруулах ундааны хэрэглээг бүрэн зогсоох хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Учир нь аль ч төрлийн алкохол агуулсан бүтээгдэхүүн ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

7. ТҮРГЭН ХООЛ

Түргэн хоол хүний биед хэрэгтэй шим тэжээлийг маш бага хэмжээгээр, харин калор, сахар, өөх тос зэргийг маш их хэмжээгээр агуулсан байдаг. Тиймээс жирэмсэн үед энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх үү, үгүй юу гэдгийг хэлүүлэх ч шаардлагагүй байх.

Мөн эмэгтэйчүүд бие давхар болчхоод “миний дотор дахиад нэг хүн байгаа” гэж ирээд л зай замбараагүй иддэг шүү дээ. Гэвч эмч, мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эхний триместрт энгийн үед иддэг байсан шигээ, дараагийн триместрт өдөрт авах калорын хэмжээг 350-аар, гуравдугаар триместрт 450 илчлэгээр нэмэх нь зохимжтой гэдэг.

Хоол хүнсний илчлэгийг дараах томьёогоор тооцоолно

Илчлэг /ккал/= (Уураг,г Х 4 ккал) + (Нүүрс ус, г Х 4 ккал) + (Өөх тос, г Х + 9 ккал)

8. БУСАД

Жирэмсэн эх та биологийн бохирдолгүй буюу өвчин үүсгэгч нян агуулаагүй, химийн бохирдол /хортой хүнд металууд, цацраг идэвхт бодис, хортон шавж устгах хор, азот агуулсан нэгдлүүд-нитрит, нитрат, эмийн бодисын үлдэгдэл, хүнсний нэмэлтүүд/-гүй, физикийн бохирдол /шил, чулуу, мод бусад/-гүй хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглээрэй.

Эх сурвалж: Health Line

X
Нэвтрэх