fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Манай улсад дотоодын халдвар хоногт мянгаас буухгүй 14 хонолоо. Тархалтыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоогоод байгаад ч эрсдэл буурсангүй. Харин ч улам нэмэгдэж хүүхдүүд бөөнөөрөө халдварт өртөж байна. Саяхныг хүртэл томчууд халдвар тараах эрсдэлтэй байсан бол одоо тоглоомын талбай буюу хүүхдүүд халдвар тараах эх үүсвэр болж буйг статистик харууллаа. Тодруулбал, 17-оос доош насныхан шинж тэмдэггүй тээгч болж байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийн тавны нэг нь хүүхдүүд байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын тохиолдол 1169 хүнээс илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 25364 болоод байна. Тэгвэл үүний 4400 гаруй нь хүүхдүүд байгаа юм. Насны байдлаар нь ангилж үзвэл 0-4 насны 1034, 5-9 насны 1406, 10-14 насны 1356, 15-18 насны 616 хүүхэд байна.

Харин нийслэлд 3920 байгаа бол орон нутагт Архангайд 21, Баянхонгор, гурав, Булган зургаа, Говь-Сүмбэр гурав, Дархан 52, Дорноговь 18, Дорнод нэг, Завхан хоёр, Орхон 55, Өвөрхангай 41, Сүхбаатар 16, Сэлэнгэ 81, Төв аймаг 128, Ховд 21, Хөвсгөл арав, Хэнтий дөрөв байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадуур явуулах, салхинд гаргахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Аль болох гадуур гаргахгүй байхгүй бол хүүхдүүд тоглоомын талбай дээр нэгэндээ халдвар дамжуулагч болж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм.

Түүнээс гадна халдварын тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь буюу 35-аас дээш насны иргэдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Шинээр илрэх халдварын тохиолдол өсөхийн хэрээр нас баралт нэмэгдэж энэ тоо улсын хэмжээнд 62 болсон. Үүнээс 56 нь COVID-19-ийн шалтгаанаар буюу халдварын хүндрэлээр эндсэн бол зургаан хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээлээд байгаа юм.

Коронавируст халдварын хүндрэлээр эндсэн хүмүүсийг насны бүлэг, хүйсээр нь ангилж харвал эрэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаанаар нас барсан 56 иргэний 32 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй хүн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын халдварт хамгийн ихээр өртөж буй нь эмэгтэйчүүд боловч халдвар аваад хүндэрч нас барсан тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нас баралтын 76.5 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан бол 21.6 хувь нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан гэх статистик мэдээлэл байна.

Халдварын тархалтын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Улс орнууд эмийн бус хариу арга хэмжээ буюу тодорхой хязгаарлалтууд болон хатуу хөл хориог хэрэгжүүлээд явж байна. Хатуу хөл хорионы дэглэмийг өвчлөлийн нөхцөл байдлаасаа хамааруулаад өөр өөрийн онцлогт тохируулаад хэрэгжүүлдэг.

Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын нөөц хүндэрсэн тохиолдолд хатуу хөл хориог авч хэрэгжүүлж байгаа. Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөд хорио хэрэгжиж байна.

Анхны хөл хориог урт хугацаатай хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Харин гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна. Эхний хөл хорионоор хүмүүсийн хөдөлгөөн 40-60 хувиар буурсан бол одоогийн хөл хорионы үеэр хөдөлгөөн 15 хувиар л буурсан байна. Энэ удаагийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа. Гэтэл үргэлжлүүлэн халдварын том давлагаа гарах тооцоолол гарсан.

Хэрвээ хөл хорио тавихгүй, вакцин хийхгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрэх магадлалтай. Хөл хориог дахин долоо хоногоор сунгавал хөл хорионы дараа дахин давлагаа гарах ч аажмаар буурах дүр зураг харагдаж байгаа" гэлээ. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлээд байгаа бөгөөд УОК, Засгийн газраас эцэслэн шийдвэрлэнэ.

С.Уянга /Зууны мэдээ сонин/

X
Нэвтрэх