fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Тоёота Мотор Корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүн тээврийн HIACE автомашин гардуулж байна.

Корпорацийн зүгээс Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдрийн үйл ажиллагааны талаар “Цар тахлын болон бусад үед эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэдэг ЭХЭМҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлж, энэ унаагаар олон эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад хэрэглээрэй гэж ерөөе” гэлээ.

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол 130 мянгыг давж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо мянгаас буурахгүй байгаа энэ үед хамгийн ачаалалтай ажиллаж буй эмч нар болон эмнэлгийнхнийг найдвартай, аюулгүй унаагаар хангахад Тоёота Мотор Корпорац хувь нэмрээ оруулж байгаа нь энэ юм.

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХААР АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, АЖИЛТНУУДДАА ТАЛАРХАЖ БАЙНА

Тоёота Мотор Корпорацийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи  энэ талаар “Тогтвортой хөгжлийн зорилт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх зорилт бөгөөд манай корпорац өнгөрсөн жил алсын хараагаа шинэчлэн тодорхойлохдоо уг зорилтод нийцүүлэн ажиллахаар болсон. Бид эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих гэсэн зорилгод бага боловч хувь нэмэр оруулна гэж үзэн, Тоёота HIACE автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлаж байна. Хүнд хэцүү цар тахлын үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг автомашин хэрэг болно гэж найдаж байна. Монголын эрүүл мэндийн нийт ажилтнуудад талархаж байгаагаа дахин илэрхийлж байна.” гэлээ.

Тоёота HIACE автомашин нь 16 хүний суудалтай, хүн тээврийн тусгайлсан зориулалт бүхий үйл ажиллагаанд зориулагдсан, тав тухтай унаа бөгөөд яаралтай түргэн тусламж орон нутагт үзүүлэх багийн эмч нарыг найдвартай, аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх юм.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАДАГ ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН БАГ АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ УНААТАЙ БОЛЛОО

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаанд бодитой хөрөнгө оруулалт хийсэн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол Контент” ХХК-ийн хамт олонд хамт олныхоо халуун талархлыг хүргэе. ЭХЭМҮТ үндэсний хэмжээнд эх хүүхэд, эмэгтэйчүүдэд гурав дахь шатлалын лавлагаа, тусламжийг эмнэлэг дээрээ үзүүлдэг. Жилд 42 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг, 215 мянган хүн амбулаторийн үйлчилгээ авч, 12 мянган эх амаржиж, 15 мянган мэс засал хийдэг хамгийн их ачаалалтай ажилладаг. Мөн бид орон нутагт очиж, мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Хүнд өвчтөнүүдэд хагалгаа хийж, биеийн байдлыг тогтворжмогц эргэж Улаанбаатарт ирдэг. Сүүлийн жилүүдэд эмч, мэргэжилтнүүд багаараа орон нутгийг зорих шаардлага их гарч байна. Эдгээр багаа орон нутаг явуулахад бид сайн, аюулгүй яваад ирээсэй гэж санаа зовж байдаг. Учир нь бидэнд аюулгүй, найдвартай, тохитой унаа тун чухал. Эмч, мэргэжилтнүүд маань орон нутагт очоод шууд мэс засал, тусламж үйлчилгээндээ ордог учраас замдаа ядрахгүй очих нь чухал байдаг. Ийм чухал хэрэгцээг маань олж тодорхойлж, өнөөдөр эмч нарыг багаар нь аюулгүй зорчих боломжтой унаагаар хангаж өгсөнд талархаж байна. Монголын мянга, мянган эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Эмнэлгийнхээ зүгээс мөн биднээр үйлчлүүлдэг олон олон хүүхэд, ээжүүдийн өмнөөс талархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

ЭХЭМҮТ-өөс талархсан сэтгэгдлээ илэрхийлж, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК, Монгол Контент ХХК-д ойн медаль, 90 жилийн түүхийг агуулсан гурван боть номоо гардууллаа.

X
Нэвтрэх