fbpx

1-3 нас хүртэл

image

-3 настай хүүхдийн онцлог-

Танин мэдэх сонирхол өрнөж шинэ шинэ мэдрэмжтэй нийцэж сурах энэхүү үе хүүхэд төдийгүй ээж, аавын аль алинд нь сэтгэл хөдлөм боловч хүнд хэцүү байх болно. Энэ насанд танд цухалдах тохиолдол олонтаа гарна гэдгийг анхаарч бас тэвчээртэй байхыг сануулж байна. Тэсвэр тэвчээр, гярхай байдал бас бага зэрэг хошин зан чанар ээж, аав танд олон хүнд хэцүү үеийг даван туулахад тус болно.

Танд юу ч тусалж чадахгүй юм шиг санагдах үе тохиолдох бөгөөд энэ үед ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байх нь хамгийн сайн арга болж мэдэх юм. Хэл ярианы тусламжтайгаар өөрөөр хэлбэл хүүхэд тань өөрийн мэдрэмжээ илэрхийлэхийг оролдож байвал түүнтэй чин сэтгэлээсээ ярилцаад үзээрэй.

Хүү, охин тань үлгэр сонсох дуртай болж байгаа гэдгийг санаарай. Та өөрийн жүжиглэх авьяасаа сайжруулж сэтгэл хөдлөлтэйгөөр хүү, охиндоо зориулж уншиж өгөх нь түүнд маш их таашаалыг авчрах болно. Үлгэр, зохиолын зарим дуртай мөр, өгүүлбэрийг (Жишээлбэл, “Хэн нэгэн миний сандал дээр суусан байна”) хэлүүлэх нь унших (сонсох) үйл явцыг аман яриатай холбож хэл яриаг сайжруулах нөхцөл болж чадна.

Зарим үед таны хүү, охин нялх үеийнх шигээ аашлах нь хүүхэд тухайн нөхцөл байдлаас айж байгаагаа танд илтгэх нэг хэлбэр байж болох юм. Ийм үед нялхарч байгаад нь эелдэг хариу үйлдэл үзүүлээрэй. Түүнчлэн том болсон гэдгээ харуулах зан авир гаргах, үйлдэл үзүүлэх үед нь мөн сайшааж урамшуулах ёстой гэдгээ бүү мартаарай.

Хүү, охин тань гурав дахь төрсөн өдрөө тэмдэглэхдээ урьд өмнө олж авсан нэлээд олон чадвараа сайжруулж өргөжүүлсэн байх болно. Уран төсөөлөл нь нэмэгдэж богино боловч үлгэр, зохиол мэдэхийн зэрэгцээ “хэрэв...бол” зэргээр бодож тунгаах чадвартай болж эхэлнэ. Гогцоо, товч, цахилгаантай хувцас өмсөж чаддаг болсон байна. Бие дааж хоолоо идэхийг эрмэлзэхийн дээр зарим хүүхдийн хувьд бусдын дэмжлэгтэйгээр бие засдаг болно. Хэл ярианы хөгжилд мөн ахиц гарсан байна. Орон зай (дотор, гадна, дээш), цаг хугацаа (өмнө, хойно, дараа нь) заасан үгийг яриандаа байнга хэрэглэхийн дээр үгийг байнга хувилган (-сан, -ж, байна, -ууд) өгүүлбэрт зөв холбож эхэлнэ. Түүнчлэн нэр ба үйл үгээр үгийн нөөц нь нэмэгдсэн тул Хэн?, Юу?, Хаана?, зэрэг асуултуудыг асууж болно. (Яагаад?, Хэзээ? гэсэн асуултад хараахан хариулж чадахгүй.)

Ээж аав та хүү, охиныхоо дохио зангааг уншихыг эрмэлзээрэй, гэхдээ тэдэнд хийж байгаа үйлдлээ үг яриагаар тайлбарлах, санаа бодлоо тантай ярилцахад ашиглах зарим үгсийг хэлж өгөөрэй. Түүнийг анхааралтай сонсож, хэлэхийг оролдож байгаа зүйлд нь хүндэтгэлтэй хандаж урам өгөх нь нэн чухал. Тэр ч бүү хэл “Чамайг дуу хоолойгоороо хэлэх зүйлээ илэрхийлэхэд би маш их дуртай” гэх зэргээр сайшаах нь тустай байх болно. Түүний хэлж буй зүйлд заавал дэлгэрэнгүй өгүүлбэрээр хариулах албагүй юм. Заримдаа зүгээр л толгой дохиж эсвэл инээмсэглэх нь хангалттай байж мэднэ. Гэхдээ сонирхож байгаагаа илэрхийлэх, анхааралтай сонсох зэрэг нь харилцан яриаг илүү ач холбогдолтой болгоно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх