fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүдийн тарах цагт өөрчлөлт оруулаагүй гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Энэ сарын 15-наас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхлэн 17.00 цагт тарах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргасан.

Уг шийдвэртэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүд хүүхэд хүлээн авах цагтаа өөрчлөлт оруулсан. Цэцэрлэгүүдийн хүүхэд хүлээн авах хугацаа 07.30-08.30 цагийн хооронд болон өөрчлөгдсөн юм.

Мөн үүнтэй холбоотойгоор нэлээд цэцэрлэгүүд тарах цагийг наашлуулан 17.30 болгосон нь хувийн байгууллагад ажилладаг эцэг эхчүүдэд хүндрэл учруулаад байгаа юм.

Өчигдрөөс эхлэн зарим цэцэрлэг тарах цагийг 17.30 болгосон гэх мэдээллийг цэцэрлэгийн зүгээс өгсөн байна.

Энэ талаар НБГ-ыг Сургуулийн өмнөх, бага боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодруулахад,

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт орсонтой холбоотойгоор цэцэрлэгүүд хүүхдээ хүлээн авах хугацааг 07.30-аас эхлүүлэх чиглэлийг өгсөн. Гэхдээ тарах цагт өөрчлөлт оруулахгүй. Төрийн байгууллагын ажилтнууд хувийн байгууллагынхнаас олон биш учраас энэ захирамжтай холбогдуулан тарах цагийг урагшлуулах боломжгүй.

Цэцэрлэгүүд жижүүр багш, дотоод зохицуулалт хийж энэ асуудлыг зохицуулна. Гол нь хүүхдүүдийн өдрийн дэглэмд өөрчлөлт оруулахгүй байх ёстой. Тарах цагийг урагшлуулсан талаар гомдол Сүхбаатар дүүргийн зарим цэцэрлэгээс ирсэн. Энэ дагуу өчигдөр шуурхай хурал хийж, дүүргийн боловсролын газруудад цэцэрлэгийн эрхлэгч нарт мэдээлэл өгөх чиглэл өгсөн” гэв.

Харин хүүхэд хүлээн авах цагийг урагшлуулсантай холбоотойгоор багш нарт илүү цагийн нэмэгдэл өгөх боломжгүй гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Хэрэв цэцэрлэгүүд тарах цагийг урагшлуулсан бол энэ талаарх мэдээллийг харьяа дүүргийн боловсролын газар болон Нийслэлийн боловсролын газарт мэдээлэх боломжтой.

Сэтгүүлч: Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх